|
Видео

Шинэ мэдээ

Цэц даргагүй, бас орлогч даргагүй болжээ

УИХ-ын олонхи Ж.Амарсанааг эргүүлэн татсанаар Үндсэн хуулийн Цэц даргагүй, бас бүрэлдэхүүнгүй боллоо. Ингэснээр Цэцийн дараагийн дарга хэн бэ, төрийн чухал институцийг хэн удирдах вэ гэсэн асуулт зүй ёсоор гарч ирлээ. Хэвлэлээр бичигдэж байсан таамгаар бол энэ суудалд очих хамгийн өндөр магадлалтай хүн нь УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж.

Өдгөө 63 настай парламентын туршлагатай гишүүн түүнийг хугацаанаас нь өмнө УИХ-ын гишүүнээс чөлөөлж, хаврын чуулганаар Цэцийн гишүүнээр томилно гэх таамаг бий. Энэ үнэн бол Цэцийн даргын суудлын төлөөх гол өрсөлдөгч нь Р.Гончигдорж байх магадлалтай. Түүнийг шууд дарга бус гол өрсөлдөгч гэсэн нь Цэцийн бүрэлдэхүүнд байгаа одоогийн гишүүдээс хэн нь ч дарга болох боломжтой юм. Юу гэвэл Цэцийн тухай хуулийн 6.1-д "Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно” гэж заажээ.

Мөн хуулийн 6.2-т "Цэцийн даргад гурав буюу түүнээс дээш хүн нэр дэвшиж, анхны санал хураалтаар хэн нь ч нийт гишүүний олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг Цэцийн даргаар сонгоно” гэжээ. Хуулийн энэ заалтаар бол "нийт гишүүн” буюу Цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ цугласан нөхцөлд, тодруулбал Ж.Амарсанаагийн орны хүнийг томилсон тохиолдолд л Цэцийн даргыг дундаасаа нууц санал хураалтаар сонгох нь.

Энэ хүртэл Цэцийн даргын үүргийг хэн гүйцэтгэх вэ гэсэн асуулт бас давхар гарч буйг сануулъя. УИХ өнгөрсөн намрын чуулганаар Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар Цэц албан ёсоор орлогч даргагүй байхаар болж, өмнө нь энэ албыг хашиж байсан Н.Жанцан гишүүн чөлөөлөгдсөн. "Yндсэн хуулийн цэцийн орлогч даргаар Цэцийн бүрэлдэхүүнд хамгийн удаан ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн адил хангасан байвал тэдгээрийн хамгийн ахмадыг Цэцийн дарга томилно” гэсэн заалтын дагуу тэрээр орлогч даргаар томилогдож байжээ.

Харин Х.Тэмүүжин гишүүн уг заалтыг "Цэцийн даргын эзгүйд Цэцийн бүрэлдэхүүнд хамгийн удаан ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн адил хангасан байвал тэдгээрийн хамгийн ахмад гишүүн Цэцийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэнэ” гэсэн заалтаар сольж батлуулсан юм. Ингэснээр Цэцэд орлогч даргагүй болсон бөгөөд хамгийн удаан ажилласан Н.Жанцан гишүүн шинэ даргыг сонгогдтол Үндсэн хуулийн Цэцийг ахлах юм байна.

С.Шийлэгтөмөр

Эх сурвалж: Ардын эрх сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler