| |
Их гүрнүүдийн тэргүүнүүдийн ээлжит аялал уу?...
Орчуулагч Н.ПҮРЭВДАГВА
Сүүлийн үед манай сонин, сайтуудаар геополитик хэмээх сэдвийн талаар их бичих болжээ. Бас түүний зэрэгцээ Халх голд Японы эзлэн түрэмгийлэгчидтэй хийсэн дайнд ялалт байгуулсны 75 жилийн ойг тэмдэглэх, уг ажиллагаанд БНХАУ болон ОХУ-ын тэргүүнүүд оролцох гэж байгаа тухай их ярих болоод байна. Эгэл уншигчийн хувиар сонирхон сонсож, уншиж үзэж байна. Яагаад ч юм улсын их баяр наадам тэмдэглэн өнгөрүүлдэг хөнгөн шингэн байдлаар хандаад байх шиг санагдаад борог орчуулагчийн саваагүй зангаар баахан зүйл ухаж үзлээ.
Нэлээн хэд хоног ухахад интернетийн мэдээ, мэдээлэл юу байгааг уншигч Та бүхэнтэй хуваалцах нь зөв санагдсан юм.
БНХАУ, ОХУ гэж ямар улс байгаад өнөөдөр ямар болоод байгаа юм бэ. Энэ хоёр орны өнөөгийн удирдлагууд болох Си Жиньпин, В.В.Путин гэж хэн бэ. Олон улсын хэмжээнд их хоёр хөршийн маань байр суурь ямар байгаа юм бэ. гээд мэдмээр ч юм шиг, мэдэхгүй ч юм шиг олон асуулт аяндаа хөвөрнө. Бид социализм, коммунизм хэмээх мөрөөдлийн нийгэм байгуулна хэмээн ХХ зууны ихэнх хугацаанд зүтгэж байснаа сайн мэднэ.
Марксизм-ленинизм хэмээх суртал баримтлаж явсан улсууд. Харин одоо ОХУ, манай улс хоёр 1980-аад оны сүүлээс үзэл суртлаасаа татгалзан, нийтлэг хөгжлийн буюу зах зээлийн нийгмийн хөгжлийн замд орлоо хэмээн дор дорын мөрөө хөөж яваа улс. Нийгмийн хөгжлийн замнал салсан хэдий ч хүслээр биш заяагаар холбогдсон хөршүүд болохоор салаад нүүж чадахгүй "гурав дахь хөрш”-ийн тухай гадаад бодлогын "гайхалтай” хувилбар бодож олсон тухайгаа ярин хэдэн жил болж байна.
Энэ бол манай эрх баригчдын зохиож, энд тэндэхийн зочид хүлээн авч, толгойг нь эргүүлэх гэхдээ хэлдэг үг. Зөв ч байж магад, буруу ч байж болох. Харин үүний хажуугаар надад хэдэн өдөр ажлаа орхин орхин эргүүлсэн зүйлээ бодох тутам сүүлийн үед сонсогдох болоод байгаа "Монгол орны эзэн тэгээд тушаалтай дээдэс үү, тушаатай доодос бид үү?” гэсэн асуулт хангинах юм. Бас хоёр хөрш орны төрийн тэргүүнүүд шил дараалан ирэх гэж байхад Төрийн ордонд заларсан улс төрийн намууд, түмний итгэл хүлээн зөөлөн олбогт заларсан эрхэмүүд маань хөлөө жийлцэн засгаа хөнтөрч, дараагийн хэнийгээ дээш нь залах тухай хор нухаж суугаа сонсдох юм. Би өнөөгийн энэ засагт хайртай болоод үүнийг хэлж байгаа юм биш ээ. Лидер биш, лойдор эрхэмүүдээс бүрдсэн урагш муутай ажилтай Засгийн газар гэж надад ч санагддаг. Гэхдээ Си Жиньпин, В.В.Путин нарын зэрэг дэлхийн жинхэнэ лидерүүд ирэх гэж байхад ярьдаг зүйл лав биш. Харин ч нийлэн нэгдэж, олгой хагаравч тогоон доо гэдгийг санаж ухаан санаагаа уралдуулах цаг.
Хэн гэгч, хаанаас гарч ирээд юу яриад байна хэмээн эгдүүцэх хүн байхыг үгүйсгэхгүй. Хятадыг бид Эрээнээр сайн мэднэ гэж санадаг. Мэдэхгүй ч яахав социализмын материал техникийн бааз Толгойтын наахна одоо ч байгаа хэдэн складанд байсан бол капитализмын бааз маань жаахан холдоод Эрээнд байх болсон юм чинь. Хөх хүрэмтэй, хөвөнтэй өмдтэй... гэж бид шоолсоор явтал манай орны "бааз” болчихсон хэрэг шүү дээ... Ганц манай ч бааз биш гэж санаа амрах уу? Байз байз, намайг тархидахынхаа өмнө ямар гээчийн баримт шүүрдсэнийг минь эхлээд тэвчин болгоогтун.
ХАН ҮНДЭСТНИЙ ЛУУ УЛСЫН ТУХАЙ...
БНХАУ 2004 оноос хуулиар улсын болон хувийн хэвшлийн аж ахуйтай улс болжээ. Коммунист намтай, социалист орон гэгдэх боловч дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 70 хувийг хувийн хэвшлийнхэн гаргаж байна. Хятад улсын эдийн засгийн хөгжлийн хурд дэлхий нийтийг 1980-аад оноос хойш гайхашралд оруулж, "Тайфун” буюу хятадын хөгжлийн "хар салхи”, ХХI зуун Хятадынх болох нь гэсээр удаж байгааг бид мэднэ. Бод л доо эдийн засгийн жилийн дундаж өсөлт нь арав гаруй хувиар нэмэгдэж, дэлхийн улс гүрнүүд хямралд ороод байхад саарахгүй 7,8 хувиар өсөж байна шүү дээ. Дэлхийн худалдааны байгууллагад 2001 онд элсээд 2008 он гэхэд гадаад худалдааны нь хэмжээ тав дахин нэмэгдэж 2,5 их наяд (2,5 1012) ам. долларт хүрсэн тухай мэдээ байна. ДНБ нь 2008 онд 4,48 их наяд байсан бол 2013 онд 7,318 их наяд ам.долларт хүрсэн гэж мэдээлж байна. Бас болоогүй ээ, жирийн иргэдийн банкинд хийсэн хадгаламж 2008 онд хоёр их наяд ам.долларт хүрсэн гэсэн мэдээ байна. Энэ тоо лав одоо хэд дахин өссөн гэж бодвол ямар их боломж нуугдаж байна гээд бодоод үз дээ.
Өнөөгийн БНХАУ-ын хөгжлийг илэрхийлэх олон тоо хэлээд байж болохоор байна. Улс орны хөгжлийг илэрхийлэх нэг гол үзүүлэлт бол эрчим хүчний хэрэглээ. Зүгээр л тоо тоочсоноос харьцуулж хэлбэл илүү ойлгомжтой байх болов уу гэж саналаа. Сүүлийн 10 жилд БНХАУ-ын эрчим хүчний хэрэглээ 2,2 дахин нэмэгдсэн, хэрэглээний жилийн өсөлт нь Франц улсын нэг жилийн хэрэглээтэй тэнцэж байна гэж олон улсын судлагааны байгууллагууд дүгнэж байгаа юм байна. Гэтэл европынхны хэрэглээ 20-30 жилийн өмнөх түвшинд бараг хөдөлгөөнгүй байгаа тухай нэмж тэмдэглэх ажээ. Ингээд бодохоор дэлхий дээр олборлож байгаа нийт нүүрсний 55% Хятад руу чиглэж байна, мөн эрчим хүчнийхээ 88 хувийг нүүрснээс гаргаж байна гэхэд гайхах ч юу байх билээ гэж санагдахаар байгаа биз? Энэ янзаараа цахилгаан эрчим хүчний хэрэглээ өссөөр 2025-2027 онд АНУ-аас хоёр дахин их хэрэглээтэй болно гэсэн тооцоо ч бас хийдэг ажээ.
БНХАУ уг нь нүүрс, газрын тос, шатдаг хийн нөөц, олборлолтоор дэлхийд дээгүүрт ордог орон ажээ. Харин олборлолтын хэмжээ, хэрэгцээ хоёрын асар их зөрөөнөөс үүдэн бусад орноос их хэмжээгээр худалдан авдаг, цаашдаа ч энэ байдал хэвээр хадгалагдах нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл манайхны эрх баригч зарим нөхдийн амнаас хятадууд Австралиас нүүрс аваад байгаа учраас... гээд учирлаад байдаг нь үндэстэй бололтой. БНХАУ бас алсын африкаас, хойд хөрш ОХУ-аас, манайхаас "хар алт” зөөдөг болж таарч байна.
Эрчим хүчний өөр нэг эх сурвалж-байгал экологийн хувьд хор багатай түлш болох шатдаг хийн хэрэглээгээ ойрын үед шуурхай нэмэгдүүлэх талаар БНХАУ-ын төр, засгийн бодлого шийдвэр гарсан, хэрэгжүүлэхийн төлөө тал бүрээр ажиллаж байгаа нь тухай ч мэдээлж байна. Шатдаг хий үнэ мөнгөний хувьд нүүрснээс 6-7 дахин хямд, хойд хөрш ОХУ-аас хоолойгоор дамжуулан авбал бүр хялбар, бас дээр нь АНУ болон түүний холбоотон зарим орны зүгээс явуулж байгаа бодлогоос хамааран хий борлуулдаг уламжлалт зах зээлийн холбогдолтой хүндрэлтэй ОХУ учраад байгааг ч тооцсон байж таарна. Юутай ч хямд төсөр замаар хий дамжуулах хоолой богино хугацаанд татаж, нэг нь борлуулж нөгөө нь улс орныхоо хөгжлийн хурдыг хангах хэрэгцээ байна. Хоолой татах байгаль, технологийн хамгийн хямд төсөр чиглэл бол Монгол Улсын газар нутаг дээгүүр татах явдал гэж ОХУ-ын Новосибирскийн олон эрдэмтэд санал болгон боловсруулж төр, засагтаа хүргэсэн байгааг ч манай эрх баригчид анхаарч байгаа болов уу хэмээн найдъя. Бас дээр нь ОХУ-ын Эрхүү хотоос холгүй газар их хэмжээний нөөц бүхий шатдаг хийн уурхай олсон, түүнийгээ дамжуулан Хятадад борлуулах хоолойн тухай ярьж байгаа талаар ч мэдээлэх болсныг нэмж хэлэхэд лав илүүдэхгүй болов уу гэж санана.
Нефть, шатдаг хийн борлуулалтын зах зээл Ази тив рүү эргэж, энэ бүхнийг олборлох талаар дэлхийд тэргүүлэх байранд гарч ирээд байгаа ОХУ-д нэн ашигтайгаар эргэж байгааг дэлхийн эдийн засагчид мөнгөн дүнгээр тооцон олох ашгийн тооцоо хийх болжээ. БНХАУ 2005 онд 50 тэрбум куб м шатдаг хий хэрэглэдэг байсан бол 2020 онд багаар бодоход дөрөв дахин ихийг хэрэглэх тооцоо хийж байгаа юм байна. Энэ бүхэнд үндэслэн ОХУ ази руу нефть нийлүүлсэнээс жилд баттай олох 350 тэрбум ам.дол. дээр Хятадын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ, бөөний үнэ, үзүүлж болох хөнгөлөлт, шатдаг хийн нийлүүлэлт зэргийг тооцоод жилд 1,3-1,5 их наяд ам.долларын борлуулалт хийнэ гэж үзэж байгаа юм байна. Бас болзошгүй хэрэглэгчид болох Энэтхэг, Өмнөд Солонгос хоёрыг нэмбэл... гэсэн асуулт гарч байгааг онцолдог юм байна. Энэ бүхнийг мөхөс орчуулагч би тоочин гоншигоноод байгаа нь Монгол улс, монгол түмний буян заяа нь буруу харчихаагүй бол, төрийн эрхэм түшээдийн билгийн мэлмий нь бөхөөгүй бол "од шүүрэх” цаг шиг л санагдсаных. Одоо бол алсын америктай цэрэг, армийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг үзэглэж, арлын японд "бадар барин гүйлддэг” цаг биш санагдсаных.
БНХАУ-ын өнөөгийн байдлыг илтгэх зарим баримт нэмж дурдъя. Дотоодын хэрэгцээндээ зориулан үйлдвэрлэж байгаа цемент АНУ-д үйлдвэрлэдэгээс 80 дахин их гэсэн мэдээ байна. Мөн түүнчлэн БНХАУ 2003 оноос сансар судлалын ажил бие даан хийж байгаа гурав дахь орон, дэлхийн валютийн нөөцийн тэн хагасыг эзэмшдэг гэдгийг нэмж хэлэх хэрэгтэй гэж санана.
БНХАУ өнөөдөр эдийн засгийн чадавхаараа дэлхийд хоёрт бичигдэх болоод байна. Үйлдвэрлэн гаргадаг олон бүтээгдэхүүнээрээ түүний дотор өргөн хэрэглээний бараа, хүнсний зүйл, хүүхдийн тоглоом зэрэг олон бүтээгдэхүүнээр дэлхийд ноёлж байгааг бид мэднэ. Үйлдвэрлэж байгаа машины тоогоор АНУ, Япон хоёр нийлээд гаргадагаас илүү олныг зах зээлд нийлүүлдэг болсныг сонсоход сонин байж магадгүй. Дэлхийн зах зээлд 2008-2012 онд нийлүүлсэн ердийн зэвсэгийн талаар гаргасан дүнг "Economist” сэтгүүлд мэдээлсэнээр АНУ-30, ОХУ-26, ХБНГУ-7, Франц, БНХАУ-5 хувийг нийлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл дэлхийн зах зээлд ердийн зэвсэг нийлүүлэгч тав дахь орон болж таарч байна. Дэлхий дээрх цөмийн зэвсэгтэй цөөхөн орны нэг.
БНХАУ-д гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ огт буурахгүй байгааг эхлээд борлуулалтын зах зээлийн тэлэлтээр тайлбарлаж байжээ. Харин сүүлийн үед хөрөнгө оруулагчид хэн болоход нарийвчлан хийсэн судлагаагаар "их гүрнүүд” шахсан ч буурахгүй юм байна гэцгээх болжээ. Учир нь хятадад хөрөнгө оруулагчдын 80 гаруй хувь нь бусад оронд сууж байгаа хятадууд буюу хуацяо нар гэнэ. Манайхны өнөө хэлдэг "хужаа” нар гэсэн үг.
Олон улсын эрдэмтэн судлаачид, эдийн засагчид БНХАУ-ын эдийн засаг хүчин чадлын хувьд ойрын үед буюу 2015-2021 онд АНУ-ын эдийн засгийг гүйцэж түрүүлнэ гэсэн тооцоо хийгээд байгаа нь зүгээр ч нэг үг биш бололтой.
БНХАУ хийгээд ОХУ хоёр илүү ойртож, эдийн засаг, санхүүгийн хувьд нягт хамтран ажиллаад зогсохгүй олон улсын хэмжээнд хамтран ажиллах түншээ Олон улсын шинэ шинэ байгууллага буй болгох замаар нэгдэн нийлж хайх болсоныг уншигч Та бэлээхэн мэднэ. Хамгийн ойрын жишээ бол саяхан, хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ, ӨАБНУ-ын төрийн тэргүүнүүд хуран чуулж, өмнө нь байгуулсан БРИКС хэмээх байгууллагын үйл ажиллагааны хүрээнд хамтарсан банк, даатгалын сан байгуулж Шанхай хотод байрлуулах болсон явдал гэдгийг ч уншигч Та лав санаж байгаа. Үүн дээр манай улс 2004 оноос ажиглагч гишүүнээр явж байгаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, байгуулагдаад удаагүй байгаа Евроазийн эдийн засгийн хамтын нөхөрлөлийн байгууллага зэргийг нэрлэж болно. Тэр бүхний талаар миний бие боломж гарвал нэмж өгүүлэх болно.
Энэ ялдамд бас нэг нэмж хэлэх ёстой зүйл бол өмнөх их хөрш "луу” улсын тэргүүнээр тодорсон Си Жиньпин гадаад оронд хийх айлчлалын гараагаа ОХУ-аас эхэлсэн; айлчлалынхаа явцад 30 гаруй гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурсан; түүний дотор бидний сайн мэдэх Тяньжин хотод нефть боловсруулах, мөн түүнчлэн химийн үйлдвэр хамтран байгуулж, ашиглах тухай шийдвэрт хүрсэн байдаг.
Сочид болсон өвлийн олимпийн наадмын үеэр Си Жиньпин, В.В.Путин хоёр уулзах үеэрээ фашизм, японы эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг хийсэн дайнд ялалт байгуулсны ойгоор олон ажил зохион байгуулах хэрэгтэй; ялангуяа болж өнгөрсөн түүхэн үйл явдлыг гуйвуулан эргүүлж өөрт ашигтай байдлаар тайлбарлахыг оролдож байгаа Японы өнөөгийн эрх баригчдад шийдвэртэй няцаалт өгөхөөр тохирсон байдаг. Мөн түүнчлэн ийм ажил хамтран зохион байгуулах нь түүхэн шудрага ёсыг сахин хамгаалах, даян дэлхийд энх тайван, тогтвортой байдлыг хангах талаар НҮБ-ын баримт бичигт тодорхойлсон зорилго, зарчимд бүрэн нийцнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байдгийг эрхэм уншигч Та лав мэдэж байгаа гэдэгт мөхөс орчуулагч би гүнээ итгэж байна. Ингээд бодвол хоёр улсын тэргүүнүүд Монгол оронд айраг цагааны элбэгт зугаацах төдий бууж мордож байгаа явдал лавтай биш бололтой. Харин бид, манай төр засаг яах ёстой юм бол оо?...
ВИЗГҮЙ ЗОРЧИХ ТУХАЙ Л ЯРИАД СУУХ УУ?...
Юутай ч нуран унаж, ойр мөд дөө сэргэхгүй нь гэж нэг хэсэг баярлаж, нөгөө хэсэг харамсаж байсан орныг өөд татсан, өөрийн орны иргэдийн дунд хийгээд олон улсын тавцанд нэр хүнд нь баттай өсөн нэмэгдэж байгаа ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин; бүх талаар эрчимтэй хөгжиж байгаа "хар салхи” орны шинэхэн тэргүүн Си Жиньпин хоёр хэдхэн хоногийн зайтай манай оронд буух гэж байна. ОХУ, БНХАУ-ын тэргүүнүүдийн сүүлийн үеийн явдлыг харахад олон оронд шил шилээ даран айлчилж байгаа байдал харагдаад байгаа. Энэ үнэн бол энэ хоёр орон төрийн тэргүүнүүдийнхээ хэмжээнд нэгдсэн бодлогоор хэлхэгдсэн болж таарч байна. Бас тус хоёр орон өрнөдийн их гүрнүүд хэмээн өөрсдийгөө өргөмжилсөн орнуудаас үл хамааран хөгжих дотоод нөөц боломжтой, түүнийгээ ч нэгдсэн бодлого болгон боловсруулан хэрэгжүүлэх арга зам идэвхтэй хайж байгаа нь тодорхой байна.Харин нөгөө талдаа эдлхийд багагүй хугацаанд ноёлох байр эзлэж байсан АНУ болон түүнийг дагалдагч орнууд нөлөөгөө алдахгүй байхын төлөө элдэв арга хэрэглэж байгааг бид бас харж байна.
Ойрын үед ОХУ-ын өнөөгийн байдал, олон улсын тавцанд эзлэж байгаа байр суурийн талаар нэмж өгүүлэх болно. Юутай ч дээр өгүүлсэн товч материалаас ОХУ-БНХАУ-ын харилцааны сайжрал, дэлхийн улс орнуудын харилцаанд үзүүлэх нөлөө өсөн нэмэгдэж байгааг уншигч Та лавтай анзаарсан байх. ОХУ хийгээд АНУ, Европын холбоо; БНХАУ хийгээд АНУ, Японы харилцаа хүйтэрч байгааг хараад нэг хэсэг нь хүйтэн дайны байдал эргэн ирж байна; нөгөө хэсэг нь хэт даварсан, түрэмгий бодлогыг хазаарлан тэнцвэржүүлж байна, амьдралын бодит нөхцлөөс урган гарч байгаа зөөлөн хариулт гэж таашааж байх шиг байна.
Яаж ч бодсон нэр нөлөө бүхий хоёр эрхэмийн ойр ойрхон уулзаж байгаа байдал, бие биенээ залган олон оронд хийж байгаа айлчлал, хийж байгаа гэрээ хэлэлцээр, хамтран байгуулж байгаа олон улсын хэд хэдэн байгууллага, эрчим хүчний талаар бодож төлөвлөж байгаа ажил зэргээс харсан ч тус тус даа, зөвхөн өөр өөрийн орны улс төрийн бодлогын эрх ашиг өвөртлөн ирж байгаа гэж бодож болохгүй бололтой. Энэ бол сүүлийн үед манайхны хэлж бичих олшроод байгаа геополитикийн бодлого. Энэ бол geo буюу газар, politike буюу урлаг хэмээсэн хоёр грек үгийн нийлбэр юм билээ. Өөрөөр хэлбэл газар орны байршлын давуу талаа ашиглах ур ухаан гэмээр ч юм уу даа. Ингээд бодвол манай төр, засгийн жолоо барьж байгаа эрхэмүүд хоёр их гүрний хооронд байрлах газар зүйн таатай байрлалаа "чулуу” болгож чадах эсэхийг л харах үлдэж байна даа, бидэнд.
Бодмоор, болж өгвөл "болдоггүй” түшээд ээ шахмаар санагдаж байгаа биз? Төр улсын эзэн тэгээд тушаалтай түшмэд юм уу, тушаатай доодос бид юм уу?...
Зууны мэдээ