| |
Хугацаа дууссан, чанарын баталгаагүй бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхааруулж байна
Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудаас хугацаа нь дууссан, чанарын баталгаагүй бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа хадгалалтын хугацаа, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, хиам, өндөг, бялуу, зууш зэрэг түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргүүрт хадгалж байгаа эсэх, шилэн савтай бүтээгдэхүүнд булингар, тунадас, хөгц үүссэн эсэх, лаазалсан бүтээгдэхүүний сав зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч төвийсөн эсэхийг сайтар шалгахыг зөвлөж байна. Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, төлөв байдал өөрчлөгдөж муудсан шинж тэмдэг илэрсэн бол худалдан авахгүй байх, ямар нэгэн зөрчил илэрсэн бол харьяа нутаг дэвсгэр дэх Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэхийг зөвлөж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.