| |
Чөлөөт бөхийн УАШТ-ий эхний өдөр
2016 оны чөлөөт бөхийн залуучуудын УАШТ, эрэгтэй 36 дахь, эмэгтэй 10 дахь удаагийн УАШТ Спортын төв ордонд эхэллээ.
Энэ тэмцээнд "Алдар” спорт хороо, "Аварга” биеийн тамирийн дээд сургууль, МҮИС, МУБИС-ийн Биеийн тамирийн дээд сургууль, ҮБТДС, БТСДуС, "Алдартан”, "Ганьт”, "Женко”, Орхон аймгийн "Хангарьд”, "Харгант-Цамхаг”, "Хасу-Мегастарс”, "Цастын барс” клуб, нийслэлийн Баянзүрх, Налайх, Сонгино-Хайрхан, Чингэлтэй дүүрэг, Булган, Дорноговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, Сонгино-Хайрхан дүүргийн "Ирээдүй” цогцолбор сургууль, Орхон аймгийн "Ирээдүйн одод” спортын дунд сургууль зэрэг 33 спорт хороо, клуб, дүүрэг, аймгийн нийт 310 орчим залуу бөхчүүд өрсөлдөж байна.
Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Ю.Батсайхан ажиллаж байна.
Тэмцээнийг нээж МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх үг хэлэхдээ "2016 он бол маш чухал жил юм. Энэ зун Бразил улсын Рио-де-Жанейро хотод Зуны олимпийн наадам болно. Олимпийн наадмын "The first "Last-Chance” сонгон шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сард манай нийслэлд болно. Та нарын ах, эгч нар олимпийн 6 эрх нэмж авч олимпийн наадамд бүтэн багаараа оролцохын төлөө явж байна. Тэдний залгамж халаа болсон залуу бөхчүүд Та нарын хувьд ч Франц улсын Маконь хотод болох залуучуудын ДАШТ, Филиппин улсын Манила хотод болох тивийн аварга шалгаруулах тэмцээн гээд олон чухал тэмцээнд амжилттай оролцох үүрэг хариуцлага ногдож байна. Эдгээр тэмцээнд эх орноо төлөөлж оролцох залуу бөхчүүдийг сонгон шалгаруулах гол шалгуур нь энэ УАШТ болж байна. Иймд залуу бөхчүүд Та нартаа энэ тэмцээнд ур чадвараа гайхуулан өрсөлдөж спортын өндөр гаргахыг хүсэж байна.” гэж онцлон хэллээ.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд МЧБХ-ны Завхан аймаг харицсан дэд ерөнхийлөгч, "Монгол сан” компанийн захирал Д.Мягмарсүрэн, Мэргэжлийн зөвлөлийн дарга, Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга, Гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Шүүгчдийн зөвлөлийн дарга Ц.Сэрээтэр, мэргэжлийн зөвлөх, Ардын багш, Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, үндэсний эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч З.Дүвчин нар оролцлоо. Нээлтийн ёслолд дуучин А.Хосбаяр оролцож ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.
Тэмцээний эхний өдөр эрэгтэй 50, 66, 120 кг, эмэгтэй 44, 55 кг-ын жингүүдийн барилдаан болж Г.Отгонжаргал 4 дэх удаа, Н.Насанбуян, М.Жамсрандорж, Г.Пүрэвсүрэн, Х.Хишигбат нар анх удаа залуучуудын улсын аварга болжээ.
Эхний өдөр медалийн төлөө барилдаанууд сонирхолтой, хурц өрсөлдөөнтэй болж барилдааны төгсгөлд ухаан гаргаж шийдсэн мэх хийсэн бөхчүүд нь медалийн оосроос атгаж байлаа. Эрэгтэй 120 кг-ын жинд алтан медалийн төлөөх М.Жамсрандорж, Х.Наранбаяр нарын барилдаан онц сонирхолтой болж хоёулаа шийдсэн мэх хийж бүхэл 4 оноо авч барилдаан 9:9 онооны харьцаагаар дуусаж М.Жамсрандорж олон бүхэл оноо авснаар ялалт байгуулсан
Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэй 55 кг, 74 кг, 96 кг , эмэгтэй 48 кг, 59 кг, 67 кг-ын жигүүдийн барилдаан болно.
Эрэгтэй
50 кг 1. Нармандахын Насанбуян /"Хасу-Мегастарс” клуб,
өсвөрийн ДАШТ-ний хүрэл, Ази тивийн өсвөрийн аварга
шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/
2. Батболдын Энх-Амар / БТСДуС/
3. Энхтөрийн Жавхлантөгс /”Хангарьд” клуб/
3. Мөнх-Эрдэнэнийн Даваабанди /”Алдар” спорт хороо/
66 кг 1. Хуягбаатарын Хишигбат /ҮБТДС/
2. Чойдогжамцын Жамсранжав /Сонгино-Хайрхан дүүргийн
"Ирээдүй” цогцолбор сургууль/
3. Эрдэнэбатын Дэлгэр /”Алдартан” клуб/
3. Ганболдын Чойгожид /”Женко” клуб, Ази
тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний
сонгомол барилдааны хүрэл медальт/
120 кг 1. Мөнхбатын Жамсрандорж /Чингэлтэй дүүрэг/
2. Хангайн Наранбаяр /Сэлэнгэ аймаг/
3. Лхагвадоржийн Даваажамц /ҮБТДС/
3. Одгэрэл /Ганьт” клуб/
Эмэгтэй
44 кг 1. Ганбаатарын Пүрэвсүрэн /Налайх дүүрэг/
2. Цэдэндамбаагийн Лхамхүү /”Женко” клуб/
3. Басангийн Сэлэнгэ /Орхон аймаг, "Ирээдүйн одод”
спортын дунд сургууь
- Байгалмаагийн Мөнхтуул "Цастын барс” клуб
55 кг 1. Ганбаатарын Отгонжаргал /”Алдар” спорт хороо, Ази
тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний
мөнгөн медальт/
2. Сэдбазарын Энхтунгалаг /"Хасу-Мегастарс” клуб, Ази
тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний
хүрэл медальт/
3. Бат-Очирын Болортуяа /”Женко” клуб/
3. Гүндсамбуугийн Энхсувд /Налайх дүүрэг/