|
Видео

Шинэ мэдээ

Их өр: Хэн, юу хийсэн бэ?

Их өр: Хэн, юу хийсэн бэ?1990 он: Монгол 11.7 тэрбум долларын өртэй
 
Монгол Улс хөршүүдийнхээ анхаарлын төвд байна. Хятад, Оросын төрийн тэргүүнүүд манай улсад айлчлах тов тодорч, төрийн яам тамгын газрууд айлчлалын бэлтгэл ажилд дарагдаж байгаа сурагтай. Оростой их өр тэглэсэн шиг, Хятадаас Ху даргын айлчлалынх шиг том хэмжээний тусламж авах асуудлыг энэ удаад шийдэж чадах уу гэдэг асуулт хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаж байна. 
 
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын дараа ямар ч гэсэн монголчууд Орост визгүйгээр зорчих боломж бүрдэх бололтой гэдгээс цааш тодорхой мэдээлэл одоохондоо алга байна. Мөн их өр тэглэсэн шиг эдийн засгийн хувьд үлэмж ач холбогдолтой асуудал одоогийн хоёр айлчлалын хөтөлбөрт багтаагүй талаар ч эх сурвалжууд ам алдаж байна.
 
Их өр тэглэсэн шиг гэж  харьцуулж жишээ болгон монголчууд онцгой чухал шийдэл болсон гэж үздэг бол Оросын талд бас өөр санаа бодол их байдаг аж. Их өрийг ОХУ-д ашиггүйгээр шийдлээ гэж улстөржүүлэх, "Буцаая, өртэй хэвээр нь байлгая” гэсэн санал олонтаа гарч байсан аж.
 
Жишээ нь ОХУ-ын төрийн думын депутат, Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудыг хариуцсан байнгын хорооны орлогч Р.Шайхутдинов "Оросын тал Монголоос ердөө 250-хан сая доллар төлүүлэн их өрийг тэглэснийг илт чамлан асуудлыг дахин авч үзэхийг ОХУ-ын Сангийн сайд А.Кудринд санал болгож байсан гэдэг.
 
Мөн Хятадын цахим сүлжээгээр  "Орос, Хятад нийлээд Монголыг хүмүүжүүлж авах” тухай нийтлэл  саяхан гарсан байсан. Хэрвээ өр одоо байсан бол түүгээр дамжаад бид ямар их дарамтад орж болох байсныг Хятадын сайтад гарсан нийтлэлээс харж болохоор байна билээ.
 
Их өр гэдэг хэзээ яаж үүссэн, түүнийг шийдэх гэж үе үеийн Засгийн газрууд юу хийж байв гэдгийг эргэн сөхлөө. Монгол Улс хойд хөршдөө төлөх өр үүссэн тухай асуудал бол бүр тэртээх 1911 оноос улбаатай. 1911 онд автономит Монгол Улсыг тунхагласан бөгөөд Богд хаан Хаант оросоос бага хэмжээний зээл авч, улс орноо тохинуулах үйлсэд зарцуулж байсан түүхтэй гэнэ.
 
Гэвч тухайн үед хоёр талаасаа чухам хэдий хэмжээний  өр төлбөртэй вэ гэдэгт нарийвчлан өнөөгийнх шиг тооцоо хийсэн баримт сэлт байдаггүй учраас зөрүүтэй тоо үлджээ. Энэ нь ардын хувьсгал ялсны дараа 1930-аад он хүртэл тэр хэвээр явж. 1930-1940-өөд онд хоёр тал өр ширнийхээ асуудлыг хоёр талдаа цэгцэлж байсан бололтой.
 
Нөгөө талаасаа ЗХУ нь тухайн үед социалист лагерийн хамгийн том гүрэн байсны хувьд ах дүүгийн харилцаатай Монголд зээл буцалтгүй тусламж хэлбэрээр бүтээн байгуулалтын олон ажлыг хийсэн байна. Тиймээс энэ өрийн асуудал нь  Орос, Монгол хоёр улс ах дүүгийн харилцаатай байх үед хурцаар хөндөгдөж байгаагүй аж.  
 
Харин 1990 он гарч, ЗХУ-д эхэлсэн өөрчлөн байгуулалтын дараагаас хуучин соц байсан улсуудад нийгмийн харилцаагаа өөрчлөх асар том давалгаа өрнөсөн билээ. Монгол энэ үйл явцаас хоцроогүй.
 
Монгол Улс ардчилсан хувьсгалыг хийснийхээ дараа буюу 1990 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ 11,7 тэрбум шилжих рублийн /долларын/ өртэй гэсэн тооцоотой үлджээ.  Шилжих рубль гэдгийг манайхан "Оросууд байхгүй мөнгөний нэр гаргаж ирж биднээс өр нэхлээ” гэж шүүмжлэх нь бий.
 
Тухайн үед оросууд гүйлгээнд хэрэглэж байгаа рублиэсээ гадна хатуу валют гэж хэлж болох хэлбэр болох шилжих рубль гэдэг төлбөрийн хэрэгсэл ашиглаж байжээ. Нэг шилжих рубль-нэг ам.доллартай тэнцэнэ. Тиймээс шилжих рублиэр хийх гүйлгээг гадаад худалдаандаа ашигладаг байж.
 
Парисын зээлдүүлэгчдийн клуб гэж олон улсын зээлдүүлэгч орнуудыг нэгтгэсэн байгууллага байдаг аж. Зээл олгосон улс орнууд нэгдэн өр төлбөрөө барагдуулах талаарх зарчмаа тодорхой болгож нэгтгэдэг байгууллага аж.
 
Парисийн клуб нэг шилжих рубль-нэг доллар гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг учраас 11,7 тэрбум шилжих рубль гэдэг 11,7 тэрбум ам.доллар гэдгийг нь баталгаажуулсан бас нэг баталгаа болжээ. Ингэхээр нөгөөх байхгүй зүйл гаргаж ирлээ гэж бултах аргагүй болсон гэсэн үг л дээ.
 
Д.Бямбасүрэн: 11,7 тэрбум долларыг 600 сая доллар болтол хөнгөлүүлж, үлдсэнийг нь Монгол төлнө
Монголчууд их өрийг шийдэх гэж 1990 оноос эхлээд л хөөцөлдөж. Д.Бямбасүрэн гуайн тэргүүлсэн хамтарсан Засгийн газар өрийн асуудлыг шийдэх гэж ихээхэн хөнгөн, мөрөөдлийн маягийн оролдлого хийсэн гэж судлаачид үздэг.
 
Яг юу болсон бэ гэхээр Ерөнхий сайд Д.Бямбасүрэн Орост айлчлаад тус улсын Сайд нарын зөвлөлийн дарга Павловтой уулзаж хэлэлцээ хийсэн байна. Ингэхдээ нийт 11,7 тэрбум долларыг 600 сая доллар болтол хөнгөлүүлж, үлдсэнийг нь Монгол төлнө гэдэг санал тавьжээ.
 
Тухайн үед байтугай өнөөдөр ч гаргаад төлөх 600 сая доллар байгаа бил үү гээд бодохоор энэ саналыг үнэхээр "гэнэн” гэхээс өөр аргагүй.  Манай эдийн засгийн байдал, сан хөмрөгийг сайн мэдэх оросуудад чухам ямар эх үүсвэрээс мөнгө олж үлдсэнийг нь төлөхийг лавлажээ.
 
Хариуд нь Дэлхийн банк, ОУВС гээд олон улсын банк санхүүгийн байгууллагуудад элсэх гэж байгаа бөгөөд ингэснээр зээл тусламж олох боломж бүрдэж, өрөө төлнө гэсэн байна. Иймэрхүү хариултад итгэж асуудлыг шийдэх боломжгүй гэдгийг оросууд мэдэж байсан учраас хүү тооцохоо больё, өр төлөх асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулъя гэх байдлаар асуудалд хандаад өнгөрчээ.
 
Эндээс манайхан хүү тооцохоо болих тухай оросуудын саналыг анзаарч ойшоогоогүй өнгөрсөн бололтой.  Ингээд л хоёр талаас яриа нийлээгүй учраас асуудал шийдэгдэлгүй өнгөрчээ.
 
П.Жасрай агсан, анхны Ерөнхийлөгч П.Очирбат нарын үед  
Ерөнхийлөгч П.Очирбат ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Ельцинтэй уулзжээ. 1990-ээд оны эхэн үед манай улсад хэлмэгдүүлэлтийн асуудлыг ихээхэн хурцаар ярьж байсан бөгөөд манай улсын анхны Ерөнхийлөгч хойд хөршид айлчлахдаа ах нар буруугүй гэсэн агуулгатай бичиг баримт үйлдээд ирсэн байдаг аж.
 
Харин яагаад өр ширнийхээ тухай ярьсангүй вэ гэсэн чинь хэлмэгдүүлэлтийн асуудал дээр сайхан ойлголцож байхад өөдөөс нь өр ярих жаахан бүдүүлэг санагдаад гэх маягийн тайлбар хэлж байсан гэдэг.
 
Өрийн талаар 11.7 тэрбум гэдэг тоог хөдөлгөөнгүй гэдэг дээр тохирсон бөгөөд өрийн бүтцийг авч үзэхээр болсон байна. Тухайн үед Оросын талаас өрдөө Монголын зарим үйлдвэр обьектыг авах санал гаргаж байсан гэдэг.
 
П.Жасрай гуайн Засгийн газрын үед тэрээр ОХУ-д айлчилж, Ерөнхий сайд В.С.Черномырдонтой уулзсан бөгөөд хэлмэгдүүлэлтийн асуудлыг хөндөж, мөн хуучин ах дүүгийн найрсаг харилцаатай байсан гэдгээ дурдаад тэгээд мэдээж өрийн асуудлаа хөнджээ.
 
Харин Черномырдоны зүгээс түүх, найрамдалт харилцаа, хэлмэгдүүлэлтийн асуудлыг өр зээлтэй холбохгүй гэдэг дээр хатуу байх сууриа илэрхийлсэн учраас ганзага хоосон буцаж иржээ.
 
"Давыдовын санал”: 85 хувийг Оросын талаас хөнгөлөлт үзүүлнэ, 25 хувь буюу үлдсэн гурван тэрбум гаруй долларыг Монгол тал төлөх хэрэгтэй
Үүний дараахан ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд Давыдов гэж хүн Монголд айлчилсан байдаг. "Давыдовын санал” гэж нэрлэгдэж үлдсэн тийм саналыг мань хүн манай талд тавьжээ. Үүнд нь өрийн хэмжээ тооны тухайд өмнө нь байсан 11.7 тэрбум доллар гэдэг хэвээрээ.
 
Харин үүнээсээ 85 хувийг Оросын талаас хөнгөлөлт үзүүлэх, 25 хувь буюу үлдсэн гурван тэрбум гаруй долларыг Монголын тал төлөх хэрэгтэй гэдэг санал тавьжээ. Өмнө нь ярьж, хэлэлцэж байсан саналуудтай харьцуулахад 85 хувь гэдэг том тоо, их хөнгөлөлт байлаа, тухайн үед.
 
Тиймээс "Давыдовын санал”-ыг хамгийн их талархан хүлээж авсан хүн нь анхны Ерөнхийлөгч П.Очирбат байжээ. Харин Их хурлын дарга Н.Багабанди, Ерөнхий сайд П.Жасрай агсан нар анхны Ерөнхийлөгчтэй адилхан баярлаж хөөрөөгүй байна.
 
85 хувийн цаана үлдэж байгаа 25 хувь буюу бараг гурван тэрбум долларыг төлөх эдийн засгийн боломж  Монголд байхгүй учраас энэ саналыг хүлээж авах боломжгүй гэдгийг тэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр илэрхийлжээ.
 
Ингээд Ерөнхийлөгч П.Очирбатын талархан хүлээж авсан "Давыдовын санал” Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр унасан байна. Ингэснээр П.Жасрай агсаны тэргүүлж байсан Засгийн газрын үед их өрийг шийдэх гэсэн оролдлогууд талаар өнгөрчээ.
 
М.Энхсайхан их өөрөөр шийдэх гэж оролдсон нь
1996 онд УИХ-ын сонгуульд "Ардчилсан холбоо” хүчний эвсэл ялалт байгууллаа. М.Энхсайхан Ерөнхий сайд болов. Энэ үеийн Засгийн газрын талаар эдийн засагт эрчимтэй шинэчлэл өөрчлөлт хийсэн гэж өөрсдөө үздэг бол харин эсрэгээрээ ард түмнийг элгээр нь мөлхүүлсэн гэдэг дүгнэлт ч байдаг.
 
М.Энхсайханы Засгийн газар их өрийн асуудлыг "ард түмнийг элгээр нь мөлхүүлсэн” гэдэгтэйгээ адилхан их өөрөөр шийдэх гэж оролдсон нь оросуудыг ихээхэн уурлуулсан гэж учир мэдэх улс хэлдэг юм билээ.
 
Монголд байрлаж байсан Оросын зэвсэгт хүчин Монголын байгаль орчинд маш их хохирол учруулсан. Энэ хохирлын үнэлгээг гаргах юм бол юун оросуудын манайхаас нэхээд байгаа 11.7 тэрбум доллар. Харин оросууд манайд эргээд байгаль орчны нөхөн сэргээлтийн төлбөр гэж мөнгө төлөх тооцоо гарна гэдэг байдлаар асуудлыг хөнджээ.
 
Монголын шинээр гарч ирсэн ардчилсан Засгийн газрын энэ саналыг оросууд "нээрээ тийм” гэж хүлээж авахгүй нь ойлгомжтой байлаа. Монголд Оросын армийн анги нэгтгэлүүд байрлаж байсан нь Монголын тусгаар тогтнолыг хамгаалах, бүтээн байгуулалт хийх зорилготой байсан, энэ үүргээ гүйцэтгэж байсан гэдгийг онцолж, эсэргүүцэл илэрхийлжээ.
 
Ингээд л М.Энхсайханы мэргэн санаа мухардалд орж, дахин өрийн асуудлаар яриа хэлэлцээ хийх аргагүй болсон байна.
 
1996 оны сонгуулиар засгийн эрхийг гартаа авсан ардчилагчдын Засгийн газар үнэхээр тогтворгүй байсан билээ. Удалгүй М.Энхсайханы Засгийн газар огцорч, Ц.Элбэгдорж Ерөнхий сайд боллоо.
 
Түүний тэргүүлсэн Засгийн газар удаан ажиллаагүй, бас "Голомт”, "Сэргээн босголт” гэдэг хувийн улсын хоёр банкийг нийлүүлж салгасан нь баахан дуулиан шуугиан дэгдээж байлаа. Тиймээс их өр гэх мэт том асуудалд анхаарсангүй. 
 
Ж.Наранцацралт агсаны захиа ба Спепашины хариу
Ц.Элбэгдорж огцорч, оронд нь Ж.Наранцацралт агсан Ерөнхий сайд боллоо.  Гэвч түүний тэргүүлсэн Засгийн газар бас удаан тэссэнгүй. Огцорсон шалтгаан нь захидал. Бүр тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Наранцацралтаас ОХУ-ын Ерөнхий сайд С.Степашинд илгээсэн хувийн захидал.
 
Захидал Эрдэнэт үйлдвэртэй холбоотой. "Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын хувийг тус улс хувьчилсныг дэмжиж байгаа гэсэн агуулгатай. Энэ захидал маш их шүүмжлэл дагуулсан. Учир нь ОХУ өөрийнхөө эзэмшлийн хувийг хувьчлах, худалдахаар бол эхлээд хамтарсан үйлдвэрийн нөгөө нэг хувь эзэмшигч болох Монголын талд эхлээд санал тавих ёстой.
 
Хэрвээ нөгөө тал энэ саналыг хүлээж авахгүй бол гуравдахь этгээдэд санал тавьж хувьчилж болно гэсэн дүрэм журамтай. Гэтэл  Оросын тал дангаараа дур мэдэн асуудлыг шийдэх гэж оролдсоныг манай Ерөнхий сайд дэмжиж хувийн захидал явуулсан  нь тэр.
 
Уг захидлын хариуд Степашин их өрийн талаар захидал ирүүлсэн байдаг бөгөөд түүндээ 85 хувийг хөнгөлж болно, харин үлдсэнийг нь танайх төлөх ёстой гэдэг дээрх "Давыдовын санал”-г үндсэндээ давтжээ.
 
Ингээд захидлаас үүдсэн дуулиан Ж.Наранцацралтын танхимыг огцруулж, өрийн талаар хойд хөршийн хуучин саналыг дахин хүлээж авснаар нь өндөрлөжээ. Дараа нь Р.Амаржаргалын Засгийн газар гарч ирсэн бөгөөд маш богинохон хугацаанд ажилласан түүний танхим өр гэх мэт том асуудлыг барьж авч чадалгүй халаагаа өгчээ. 
 
Н.Энхбаярын Засгийн газар: 98 хувийн хөнгөлөлт, Их өр дууслаа
2000 онд Засгийн эрх МАХН-д шилжиж, Н.Энхбаяр Ерөнхий сайд боллоо. Түүний тэргүүлсэн Засгийн газар их өрийн талаар ОХУ-тай яриа хэлэлцээг эрчимтэй хийж эхэлжээ. ОХУ-аас өмнө нь тавьж байсан 85 хувийг хөнгөлөх, үлдсэнд нь үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагуудыг тооцож авья гэдэг саналаа шаргуу тавьж байж.
 
Харин манай талаас нэгэнт чадахгүй юмыг чадуулах гэж шахаад яахав, бас чадахгүй юмаа чадна гээд ч худлаа яриад яахав, өрийн бүтцийг судлах нэрээр улам задлах биш, харин  аль болох багцалж үзэх, 11.7 тэрбум доллараас хэдийг нь чадах юм, тэрийгээ төлөх маягаар ажиллая гэсэн саналыг гаргасан.
 
Оросууд эхлээд их дургүйцэж хүлээж авч, ингэж багцалж авч үзэхгүй, задлаж авч үзнэ гэдгээ ч илэрхийлсэн байдаг. Манай зүгээс Оросын Сангийн яам, Гадаад хэргийн яам гээд бүх шатанд нь асуудлыг ярьж тайлбарлаж хандаж эхэлсэн бөгөөд Оросын талаас ч нааштай хандлага ажиглагдаж эхэлжээ.
 
ОХУ-ын Ерөнхий сайд М.Касьяновыг Монголд айлчлах үеэр бодит байдлыг танилцуулж тайлбарлаж, аль аль талдаа чадах чинээгээрээ ажилласан гэдгийг мэдэх хүн олон.
 
Өрийн бүтцийг судлаж үзнэ гэдэг нь чухам ямар зориулалтаар зарцуулсан байна вэ гэдгийг тодруулна гэсэн үг. Тухайлбал, хөдөө аж ахуйн чиглэлээр өгсөн зээлийг өр гэж тооцохгүй, мөн сургууль цэцэрлэг гээд нийгэм боловсролын чиглэлээр зарцуулсан мөнгийг өрөөс хасах.  
 
Оросын дотоодын зах зээл дээр зарагддаг үнэ, манай руу нийлүүлж байсан гадаад зах зээлийн үнэ хоёрын зөрүүг тооцож хасах гэх мэтээр олон янзаар авч үзсэн байна. Ингэж нарийвчлан задлах тусмаа асуудал улам хүндрэлтэй байсан бөгөөд ийм маягаар яваад цаашаагаа асуудлыг шийдэж чадахгүй гэдэг нь хоёр талд  тодорхой болсон.
 
Ингээд 11.7 сая доллараас 500 сая долларыг нь үлдээгээд үлдсэнийг нь хаая гэдэг санал гарч ирсэн байна. Сүүлд нь ажлын хэсгийнхэн эхэлж яваад айлчлалын өмнө хоёр талын ажлын хэсэг дээр 95 хувийг хөнгөлүүлэхээр үндсэндээ тохиролцсон ойлголцсон байсан.
 
Энэ утгаараа ажлын хэсэг сайн ажилласан гэж хэлэхээс өөр арга байхгүй. Харин 98 хувь гэдэг тоо яаж гарч ирсэн талаар тухайн үед Ерөнхий сайд байсан  Н.Энхбаяр "Монгол Улс эдийн засаг хүнд байсан учраас Ерөнхий сайдын хувьд 95 хувиар асуудлыг шийдэхэд бас хүндрэлтэй гэдгийг ойлгож байсан.
 
Тиймээс М.Касьянов Ерөнхий сайдтай уулзаж байхдаа 95 бол хүнд байна, бид ийм үүргийг хүлээж чадахгүй, тиймээс 95 хүртэл гээд хаалгүй, 95-аас доошгүй гэдэг үгээр солиод тэгээд тооцоо судалгаагаа хийгээд үзье, бид бол 95 хүртэл хувиар гэхээр цаана нь бид дааж чадахгүй тийм зүйл рүү орчих гээд байгаа тул гэдэг зарчим дээрээ эргэж тохиръё гэж хэлсэн” гэдгээ нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
 
Н.Энхбаярын энэ санал М.Касьяновын уурыг ихэд хүргэжээ. Ажлын хэсэг дээр тохирсон ойлголцсон асуудлыг задалж байна гэж бухимдсан  Оросын Ерөнхий сайд барьж явсан бичиг цаасаа шидэлж дургүйцлээ илэрхийлсэн байна.
 
Хамгийн хачирхалтай нь Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын багт багтаж байсан манай улсын зарим албан тушаалтан дарга нар Н.Энхбаярын талд биш эсрэгээрээ Касьяновыг балиашиглаад байсан гэдэг. "Та оросуудыг хэтэрхий ингэж шахаад хэрэггүй, одоо ингээд уурлачихвал бүр юу ч үгүй болчихно, 95 хувь дээр зөвшөөрсөн дээр нь хүлээж аваад тохирчихооч” гээд.
 
Харин  Н.Энхбаяр "та бүхэн Оросын Ерөнхий сайдын үгэнд биш, Монголын Ерөнхий сайдын үгэнд орох ёстой, хоёрдугаарт ард түмэн маань биднийг хараад хүлээгээд сууж байгаа, тэгэхээр бид 95 хувь  хүртэл гэдгийг хүлээн зөвшөөрөөд үлдсэнийг төлье гээд очих юм бол ард түмний нуруун дээр дааж давшгүй ачаа аваачиж үүрүүлнэ.
 
Тиймээс яаран хүлээн зөвшөөрч болохгүй” гэдэг яриа хөөрөө өрнөсөн байдаг аж.  Ер нь Касьяновтой хийсэн уулзалт нэлээд бухимдуу хурц нөхцөлд болж өнгөрсөн гэдгийг айлчлалын багт орсон хүмүүс олонтаа ярьсан байдаг.
 
Тиймээс  Монголын Ерөнхий сайд ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй уулзахдаа ерөнхий зарчмуудыг товч ярьж ойлгуулаад 95 хувь хүртэл гэдгийг 95 хувиас доошгүй гэж оруулах саналаа хэлээд та дэмжлэг үзүүлээрэй гэх маягтайгаар санаа бодлоо хуваалцжээ.
 
Дараа нь хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээр хийжээ. Түүн дээр Оросын тал Н.Энхбаярын дэвшүүлсэн байр суурь саналыг хүлээн зөвшөөрөөд 95-аас доошгүй гэдэг зарчим дээр тохирсон байна  95 хүртэл гэдгийг 95-аас доошгүй болгож ганц үг солиход л агуулгын маш том өөрчлөлт гарч ирж байгааг эндээс харж болох.
 
Хүртэл гэдэг үгийн нэг үсэг нь л бараг зуун сая долларын үнэ хүрч байх жишээтэй. Хэрэв хүртэл гэдгээрээ орчих юм бол түүнээс дээш гарч ирэх боломж байхгүй болж байна гэсэн үг.
 
Ингээд 98 хувь гэдэг дээр тогтож, хоёр хувь буюу 250 сая долларыг Монголын тал төлөхөөр тохирсон байна. Тухайн үед айлчлалын бүрэлдэхүүнд байсан П.Жасрай гуай би энэ өрийг яриад энд ирж байсан хүн, гэтэл ингэж шийднэ гэдэг бол үнэхээр бахархмаар зүйл гээд нулимс унагаж байсан гэдэг.
 
98 хувь гэдэг энэ тоо одоо хүртэл  ОХУ бусад улстай өрийн асуудлыг шийдэхдээ хамгийн дээд зэргээр үзүүлсэн хөнгөлөлт хэвээр байдаг аж. Саяхан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Кубад айлчлахдаа өрийн 90 хувийг хөнгөлсөн байна.
 
30 гаруй тэрбум долларын өртэй байсан Куба 90 хувийг нь хөнгөлүүлээд цаана нь гурван тэрбум гаруй долларын өртэй үлдэж байгаа юм билээ. Мөн Оросууд өмнө нь Алжирт 95 хувийн хөнгөлөлт үзүүлж байжээ.
 
Үргэлжлэл бий.
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler