| |
Бүх хүүхдэд мөнгө олгох эх үүсвэр хаана байгаа нь тодорхойгүй байна
Засгийн газраас Хүний хөгжил сангийн тухай хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн бариад байгаа. Үүнийг улстөрийн намууд бүгд дэмжих нь тодорхой болсон. Энэ оны төсөвт хүүхдийн мөнгийг 1-17 бүлгийн өрхийн хүүхдэд зориулж 144 тэрбумыг л тусгасан.
Хүүхдийг ялгаварлан гадуурхсан хэмээх шүүмжлэл хүчтэй өрнөсөн нь Засгийн газрыг ийнхүү тогтоолын төсөл санаачлахад хүргэсэн юм. Ингээд бүх хүүхдэд 20 мянгыг үргэлжлүүлэн өгөх төсөл боловсруулсан ч ямар эх үүсвэрээс энэ мөнгийг олгох нь тодорхойгүй байгаа юм.
Сангийн сайд Б.Болорын хэлснээр хүүхдийн мөнгөний нэмэлт зардлыг ямар эх үүсвэрээс олгох тооцоолол хийгдэж байгаа учир одоогоор тодорхой хэлэх боломжгүй гэнэ.
Харин одоо байгаа эх үүсвэрээсээ хүүхэд бүрт мөнгөө олгоод явж байна. Ямартай ч хүүхдийн мөнгө олгох асуудалтай холбогдуулан төсвийн тодотгол гарцаагүй орж ирнэ гэсэн. Мөн одоо төсөвт суугаад байгаа эх үүсвэр найман сар хүртэл бүх хүүхдэд мөнгө олгох боломжтой гэсэн.
Тэгэхээр бүх хүүхдэд мөнгө олгохын тулд нэмэлт 100 гаруй тэрбумын эх үүсвэр хэрэгтэй болсныг төсвийн тодотголоор л шийдэх боломжтой нь ойлгомжтой хэрэг.
М.Галт
Эх сурвалж: Gereg.mn