| |
XIII ЗУУН ЦОГЦОЛБОР
Энэхүү хөшөөг үзэж сонирхох аяллын үед XIII зуун хэмээх цогцолбортой танилцаж болно. Тус цогцолбор нь Чингис хааны хөшөөт цогцолбороос зүүн урагш 36 км-т байрладаг бөгөөд XIII зууны үед Монголчууд хэрхэн яаж амьдарч, хөдөлмөрлөж байсныг бодитоор харуулах, тухайн цогцолборт ирсэн зочдод тэр цаг хугацаагаар аялсан мэт сэтгэгдэл төрүүлдэг бичил хаант улс юм. Цогцолбор нь 6 отогоос бүрддэг.
Өртөө улаач, харуулын отог:Улаач нар зочдыг угтаж тухайн отогийн талаар танилцуулан газарчилна. Энэ отог дээр Та Монгол эзэнт гүрний цагаан сүлд болон Хар сүлдэнд мөргөж, Монгол цэргийн хуяг дуулга өмсөн зургаа авхуулж болно.
Урчуудын отог:Урланд зочлон тухайн үеийн бүсгүйчүүд хэрхэн яаж эсгий урлал, ширмэл урлал, зээгт наамал, оёдол хатгамал хийж буй байдалтай танилцахаас гадна төмрийн дархан, модон эдлэлийн мужааны урлангаар ч зочилно. Энд Та XIII зууны үеийн гар урчуудын амьдралтай танилцаж, арвай будаа боловсруулах аргыг харж болно.
Номын өргөө:Дэлхийд ганцхан "босоо бичиг” хэмээгдэх Монгол бичгийн үүсэл гаралтай танилцаж, тухайн үеийн бичгийн түшмэлүүдээр өөрийн нэрийг муутуу цаасан дээр бичүүлж авах боломжтой. Мөн энэхүү өргөөнд монгол бичгээр бичигдсэн ном сударууд хадгалагдан байдаг. Монголчуудын ном судар хадгалж ирсэн өв уламжлалтай танилцана.
Малчны отог:Бэлчээр даган нүүдэллэх малчин айлд зочилно. Монголчуудын өдөр тутмын амьдралтай танилцаж, айраг цэгээ амсаж, цагаан идээ боловсруулах аргыг үзэж сонирхохын зэрэгцээ өөрсдөө ч гар бие оролцон хийлцэж болно. Морь тэмээ унаж эргэн тойрондоо аялахаас гадна морь малтай холбоотой ардын уламжлалт зан үйлийн үзүүлбэрүүдтэй танилцах боломжтой.
Бөөгийн отог:Монголчуудын анхлан шүтэж ирсэн бөө мөргөлийн зан үйлтэй танилцаж, бөө удган хүний амьдардаг гэр сууц, хувцас хэрэглэлийг үзэж сонирхохоос гадна тэнгэр,газар лусын тахилга, бөөгийн буултанд оролцож хувь тавилангаа үзүүлэх, буян хишиг дуудуулах, засал ном хийлгэх боломжтой.
Хааны өргөө:Та энэхүү өргөөнд Монгол үндэсний олон төрлийн идээ ундаанаас зооглож, хааны шадар сайд, жанжид, хатдын өргөөгөөр айлчлан тухлах болно.