|
Видео

Шинэ мэдээ

Архангайн залуус урлагаар өрсөлдөв

Архангайн залуус урлагаар өрсөлдөвӨнгөрөгч ням гаригт болсон "Архангай аймгийн урлагийн их наадам”-д 16 сумын 300 гаруй залуус оролцож, авьяас чадвараа гайхуулсан юм. Энэхүү арга хэмжээг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат санаачилж, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, Архангай аймгийн Засаг дарга асан, АИТХ-ын төлөөлөгч Ё.Баатарбилэг, "Архангай аймгийн оюутан, залуусын холбоо” хамтран зохион байгуулжээ. Архангайн залуус мэндчилгээ, гоцлол дуу, уран уншлага, бүжиг, жүжиг гэсэн таван төрлөөр өрсөлдсөн юм. "Архангай аймгийн урлагийн их наадам”-ыг тус аймгаас төрж гарсан урлагийн алдартнууд шүүн явуулсан аж. Тухайлбал, АЖ Д.Самбуу, МУГЖ Б.Тунгалаг, МУСТА Б.Нармандах, "Шинэ үе” продакшны жүжигчин Б.Отгонтуяа нар шүүн явуулсан байна.

 

"Архангай аймгийн урлагийн их наадам”-ын багийн төрөлд тэргүүн байрыг Тариат хүртэж "Тайхар чулуу” цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болцгоожээ. Удаах хоёр байрт Булган, Цэнхэр сум орсон байна. Хамтлаг төрлийн тэргүүн байрт Батцэнгэл, удаах байруудад Булган, Өндөр-Улаан сум шалгарсан юм. Харин гоцлол төрлийн тэргүүн байрт Цэнхэр, удаах хоёр байрт Тариат, Хангай сум оржээ. Тус наадмын шүүгчдийн нэрэмжит шагналыг Тариат сумын А.Жадамба хүртсэн юм.

 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, Архангай аймгийн Засаг дарга асан, АИТХ-ын төлөөлөгч Ё.Баатарбилэг, "Архангай аймгийн оюутан, залуусын холбоо” хамтран зохион байгуулсан урлагийн их наадам инээд хөөр, баяр баясал, оюутан залуусын дуу хөөр цалгисан сайхан болж өнгөрлөө. Дашрамд дуулгахад, эл наадмын шилдэг номеруудыг нэгтгэн "Хангайн уянга” нэртэй хамтлаг байгуулж Архангай аймгийнхаа 19 сумыг тойрч аялан тоглолт хийх болсон сайхан мэдээг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат наадмын хаалтын үгэндээ онцолсон юм.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.