| |
ДОХ-ыг эдгээх эмийг уух гэж би амьд яваа
Бид энэ удаагийн зочноор ХДХВ-ын халдвартай 10 жил амьдарч яваа Б-г урьсан юм. Тэрбээр "Шинэ өөдрөг амьдрал” ТББ-ын тэргүүнээр зургаа дахь жилдээ ажиллаж байгаа ажилч хичээнгүй, шударга, дайчин залуу юм. Дэлхий нийтийн аюулын харанга болсон ХДХВ/ДОХ хэмээх аюулт өвчинтэй зүрх сэтгэлээрээ тэмцэн бусдад энэ өвчний тухай үнэнийг хэлж урьдчилан сэргийлэх хэрэгтэйг сануулах зорилгоор чин сэтгэлийн яриа өрнүүллээ. Зочин маань өөрийнхөө нэрийг бичихийг зөвшөөрсөн. Гэвч хүндэтгэж нэрийг нь нууцлая. Бидний яриа "Б”-ын ажлын өрөөнд өрнөсөн юм.
-Та 10 жил ХДХВ-ын халдвартай амьдарч яваа гэхэд зүс царай сайхан байна шүү?
-Баярлалаа. Бид нэг л дэлхийн дор навч, цэцгийг харж, баярлаж гомддог сэтгэлийн амьтад шүү дээ. Ийм атлаа яах гэж бие биеэ үзэн ядаж гадуурхдаг юм бэ? гэж үргэлж боддог. Хамгийн гол нь зарим хүмүүс энэ өвчний утгыг сайтар ойлгодоггүй. ХДХВ/ДОХ нь эдгэхгүй байгаагаараа л бусад өвчнөөс ялгаатай. Би одоогоос жилийн өмнө Монгол Улсынхаа 21 аймгаар явж энэ өвчний талаар үнэнийг ярьсан. Танай аймагт над шиг халдвартай хүн гарч ирвэл та хэрхэн хүлээж авах вэ? ялгаварлан гадуурхахгүй, орон нутагтаа байлгаад нууцыг нь хадгалж чадах уу?зэрэг нэн тулгамдаж байгаа олон асуудлыг ярьдаг байсан. Бодит үнэн амьдралын тухай ярихад хүмүүс ойлгодог юм билээ. Хамгийн сүүлд баруун бүсийн аймгуудаар явсан. Одоо хөрөнгө мөнгө багассан учраас явж чадахгүй байна.
-Уучлаарай, та ХДХВ-ын халдварыг хэрхэн авсан юм бэ?
-Бэлгийн замаар авсан. Манай улсад бүртгэгдсэн бүх халдвартай хүмүүс WW100 хувь бэлгийн замаар авсан. Золоор ХДХВ-ын халдвартай хүүхэд нэг ч төрөөгүй байгаа. Одоогоос 10 жилийн өмнө сайн дурын шинжилгээ зөвлөгөө өгч халдвартай гэдгээ мэдээд маш их сандарсан. Одоо ч надад хэцүү байдаг. Би тэр өдөр архи уугаагүй, бэлгэвчгүй бэлгийн харьцаанд ороогүй байсан бол өнөөдөр эрүүл саруул та нарынхаа дунд аз жаргалаар дүүрэн явах байсан. Харин бурхан намайг үнэнийг ярь гэж хатуу гэсгээсэн байх. Миний ярилцлага нэг ч гэсэн хүнд ухаарал өгөөсөй гэсэндээ би бүх үнэнээ л ярина. Энэ аюулт өвчнийг эдгээх эмийг хамгийн түрүүнд олж уухын тулд өнөөдрийг хүртэл амьд явж байна даа.
-Та хэнээс халдвар авснаа мэддэг үү?
-Харамсалтай нь үгүй. Тэр хүн өөрийгөө халдвартай гэдгээ мэдэхгүй бэлгийн харьцаанд орсон байх. Энэ өвчин нь цонх үедээ байсан байж магадгүй. Халдвартай хүмүүсийн ихэнх нь хэнээс хэрхэн авснаа мэддэггүй. Таамгаар л боддог.
-Яагаад?
-Хэрвээ хэн нэгнийг гэж мэдэх юм бол үзэн ядалтын хэлбэрт шилжих байх. Энэ нь сэтгэлийн дарамт юм л даа.
-Та халдвар авахаасаа өмнө гэр бүлтэй байсан уу?
-Тийм ээ, хайртай эхнэр, хөөрхөн хүүтэй. Харин одоо Монголд ганцаараа байгаа. Эхнэр хүүхэд маань францад амьдардаг. Гурван жилийн өмнө монголд ирээд надтай уулзаад биеэ сайн бодоорой гээд захиад явсан. Би халдвар авахаасаа жилийн өмнө эхнэр хүүхдээсээ тусдаа амьдарсан болохоор тэд эв эрүүл. Хүү маань одоо эрийн цээнд хүрсэн. Харийн нутагт эрдэм номдоо шамдан суралцаж байгаа хүүдээ сайн сайхныг хүсээд залбираад л суудаг. Би хүүдээ халдвартай гэдгээ хэзээ нэгэн цагт өөрөө хэлнэ гэж боддог. Аав ээж маань бурхан болсон. Амьд сэрүүнд нь ХДХВ-ын халдвартай гэдгээ мэдэгдээгүй дотроо л шаналж, уйлж явлаа. Нэг өдөр ч гэсэн аав, ээжийнхээ сэтгэлийг тайван байлгах гэж хичээсэн. Харин одоо манай гэрийнхэн намайг халдвартай гэдгийг маш сайн мэддэг. Тэд намайг ойлгож дэмжиж тусалдаг.
-Одоо ямар эм ууж байгаа вэ?
-Амин дэмийн бүтээгдэхүүн, "Глобаль” сангаас өгсөн витаминууд болон ритровиурсын эсрэг эм ууж байгаа. Энэ эм нь өвчнийг архагшуулдаггүй.
-Халдвартай хүмүүсийх ихэнх нь хэдээс хэдэн насны хооронд байна?
-Бэлгийн идэвхтэй амьдралын насныхан 80 хувийг эзэлж байна. Тэд маань 30-40 насныхан. Халдвартай хүмүүсийг нэг хэсэг маш их ялгаварлан гадуурхдаг байсан. Харин одоо багассан. Халдвартай хүмүүс 100 хувь бэлгэвч хэрэглэдэг болсон. Тиймээс энэ аюулт өвчний тархалт багасаад байгаа юм. Бид чинь ухамсартай хүмүүс биз дээ. Өсвөр насныхандаа болон залуучууддаа хандаж хэлэхэд бэлгийн замбараагүй харьцааг хатуу цээрлэж яваарай. Хэрэв биеэ барьж дийлэхгүй бол тогтмол бэлгэвч хэрэглэж хэвшээрэй гэж захъя. Над шиг битгий шаналаасай. Та л өөрийгөө хайрлаж хамгаалж чадвал бэлгийн замын элдэв өвчин ХДХВ ба ДОХ-оос урьдчилан сэргийлж чадна. Монголд халдварын тоо бага байгаа нь донор байгууллага болох "Голбаль” сан, НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр, МУЗН, Гэр бүл сайн сайнхны нийгэмлэг, ДОХ-той тэмцэх үндэсний төв, "Оюуны дархлаа” ТББ, "Залууус, эрүүл мэнд төв” ТББ-ын үүрэг оролцоог их байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй.
-Сэтгэлээр маш их унаж байсан үе тань хэзээ вэ? Энэ хүнд байдлаас хэрхэн гарав?
-2005 оны зургадугаар сард шинжилгээний хариу гарахад дэлхий хөмөрчихсөн юм шиг болсон. Гудамжаар тэнээд уйлаад л. Намайг хүмүүс мэдчихвий гэж айгаад л . Тэгж яваад нэг найз дээрээ очсон. Найзыгаа тэврээд зөндөө уйлсан. Миний найз надад маш сайхан үг хэлсэн. Би тэр л үгийн хүч энергиэр амьдарч явна.
-Ямар үг хэлсэн юм бэ?
-"Миний найз ДОХ-той ч миний сайн хэвээрээ. Чи бид хоёрын сэтгэл ДОХ-гүй шүү дээ” гээд тэврээд уйлсан./Хоолой нь зангирав/. Онож хэлсэн үг ямар агуу шидтэй болохыг би тэгэхэд л мэдэрсэн. Найз минь гэж ам бардам хэлж чаддаг болохоор амьд явж чадаж байна.
-Таныг халдвартай гэдгийг мэдээд нүүр буруулсан найз бий юу?
-"Ой мод урттай, богинотой, олон хүн сайнтай муутай” гэдэг биз дээ. 100 найзтай байлаа. Одоо 60 нь үлдсэн. Гэхдээ буцаагаад 100 болгож болно шүү.
-Халдвартай хүмүүс нэгдэж бие биеэ ойлгож сэтгэлээ хуваалцдаг юм байна.Тэдний хэд нь бурхан болов?
-Одоогийн байдлаар 26 нь бурхан болжээ. Тэдний дунд надтай хамт инээж дуулж, уйлж наргиж явсан найз нөхөд бий. Бурхан болоочид маань амьд сэрүүндээ ялгаварлан гадуурхагдаж, гутаан доромжлогдож байсан нь харамсалтай. Хэрвээ тэд ялгаварлан гадуурхагдаж гутаан доромжлогдоогүй байсан бол бидний нэгэн адил амьдраад л явах байсан.
-Танд ялгаварлан гадуурхалт огт мэдрэгдээгүй гэж үү?
-Хаанаас даа. Их дарамт, ялгаварлан гадуурхалтыг тэвчиж чадна гэдэг сэтгэлийн асуудал л даа. Миний нэр баттай, зоригтой бай гэсэн утгатай болохоор даван туулсаар өдийг хүрсэн.
-Хамгийн сүүлд хэзээ бэлгийн харьцаанд орсон бэ?
-Сарын өмнө. Бид бэлгийн харьцаанд орох болгондоо бэлгэвчийг тогтмол хэрэглэдэг. Тогмтол бэлгийн харьцаанд ордог хүн бий. Тэр хүн намайг халдвартай гэдгийг мэддэг ч ялгаварлан гадуурхдаггүй нь сайхан байдаг.
-Хэдийгээр халдвар тээж яваа ч сэтгэлээрээ өөдрөг байгаа тань үнэхээр олзуурхам санагдлаа?
-Хүн өөрийгөө ялан дийлэх нь хамгаас чухал. Би өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд надад хугацаа хэрэгтэй байсан. Тэр хугацааг ойртуулахад олон хүн дэмжсэн. Тухайлбал эмч, сэтгэлзүйч, "Глобаль” сангийн хамт олон, ХӨСҮТ-ийн эмч сувилагч ажилчдад баярлаж явдгаа илэрхийлье. Та бүхнийхээ ач буянаар би амьд явж байна даа.
-Бурхнаас хүмүүс зөвхөн өөрийнхөө аз жаргалыг гуйж алдас хийдэг юм гэнэ лээ. Харин та өөртэйгээ адилхан өвчнөөр шаналж яваа хэн нэгэнд туслах, өсвөр залуу үеэ энэ аюулт өвчнөөс урьчилан сэргийлэхэд нь туслах гэж сэтгэлээ чилээж яваа нь үнэхээр гайхалтай?
-"Мянган бээрийн алхмыг нэг алхмаас эхэлдэг” гэж Күнзийн сургаальд хэлсэн байдаг. Миний нэг алхам энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эдгээхийн тулд байсан. Бусад алхмыг нь эмч, эрдэмтэн мэргэд хийнэ биз. "Өвчтэй хаанаас эрүүл гуйлгачин жаргалтай” гэдэг. ДОХ-гүй монголыг цогцоох эсэхийг та бидний ухамсар, дотоод сэтгэл мэднэ.
-Өсвөр залуу насныханд хандаж юу хэлэх вэ?
-Савнаасаа бусдыг дийлдэг сархадаас хол яв. Үнэнч ганцхан найзтай байж замбараагүй бэлгийн хавьтлаас зайлсхийж яваарай гэж захъя. Мөн тогтмол зөвлөгөө шинжилгээнд орж өөрийгөө эрүүл гэдэгт баттай итгэлтэй амьдрах хэрэгтэй. "Түнэр харанхуйг цүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа” гэдэг. Залуу хүн өмнөө тавьсан зорилготой байж XXI зуунд эх орноо хөгжүүлэх, эрүүл биетэй байх нь хамгаас чухал. "Эрүүл биед саруул ухаан оршино” гэдэг. Эд хөрөнгө, эрх мэдлээ алдвал багыг алдаж байгаад тооц. Эрүүл мэндээ алдвал бүхнийг алдаж байгаа шүү гэж дахин сануулмаар байна.
Б.Анхцэцэг
Эх сурвалж: TIMES.MN