|
Видео

Шинэ мэдээ

Д.Амарбаясгалан: Хотын дарга 410 тэрбум төгрөгөөр “гараа угаагаагүй” гэдгээ батлах ёстой

-Нийслэлийн Засаг дарга ийм их хэмжээний мөнгөөр "гараа угаачихжээ” гэсэн та нарын мэдээлэлд Э.Бат-Үүл дарга тайлбар өгсөн. Ингэхдээ "Намайг их хэмжээний мөнгө шамшигдуулсан гэж гүжирдсэн хүмүүсийг шүүхэд өгнө” хэмээн мэдэгдсэн шүү дээ?

-Хотын даргаар ажиллаж байгаа хугацаанд нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, Хөгжлийн банк, Чингис бонд зэргээс нийтдээ гурван их наяд орчим төгрөг орсон. Өмнө нь хэзээ ч байгаагүй асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн байгаа юм. Энэ их мөнгөөр зөв хөрөнгө оруулалт, зөв зарцуулалт хийгдэж үү үгүй юу гэдэгт бид дүн шинжилгээ хийсэн. Харамсалтай нь ямар ч үр ашиггүй хөрөнгө оруулалт нэлээд хийсэн байсан учраас Э.Бат-Үүл даргыг бид их хэмжээний мөнгөөр "гараа угаажээ” гэж үзсэн. Мөн энэ хугацаандаа хувийн ашиг сонирхлын хууль зөрчсөн учраас бид огцруулах шийдвэрийг өргөн барьж байгаа юм.

-Хотын даргыг 410 тэрбум төгрөг үр ашиггүй зарцуулсан гэлээ. Тухайлбал, юунд зарцуулсан хөрөнгийг ингэж дүгнээд байгаа юм бэ?

-"Рейлбус” худалдан авахад найман тэрбум, хогийн ногоон уутыг тараахад 12.7 тэрбумыг зарцуулсныг манай намын бүлгийн зүгээс үр ашиггүй гэж дүгнэсэн. Мөн гурван жилийн хугацаанд нэг наст ургамал авч, хот тохижилтод нийтдээ 95 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Энэ нь нүдээ олсон зөв хөрөнгө оруулалт болж чадсан эсэхийг хотын дарга өөрөө батлах ёстой.

-Нэг наст ургамлын хувьд хотын өнгө үзэмж нэмэгдэхэд ихээхэн нөлөөлдөг. Хогийн уут иргэдийг хотын соёлд хэвшүүлэх гадаадын туршлагыг нэвтрүүлсэн. Тиймээс эдгээр хөрөнгө оруулалт зөв эсэхийг хотын дарга өөрөө батлахаас илүүтэйгээр иргэдийн мэдээлэл илүү бодитой байх юм биш үү?

-Иргэдийн аж амьдралд хэр зэрэг үр өгөөжтэй байсан, байгаа эсэхийг дүгнэх хэрэгтэй. Манай намын бүлгийн санал асуулгаар хогийн ногоон уут үнэхээр хэрэгтэй байсан эсэхэд иргэдээс санал асуулга авсан. Гэвч нийслэлчүүд үүнийг дэмжээгүй тул зогсоосон. Рейлбусыг хотын төвөөр явдаг төмөр замын автобус болгоно гэсэн чинь үйл ажиллагааныхаа зардлыг нөхөж чадахгүй болоод болиулсныг иргэд мэдэж байгаа байх. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтөд асар их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийчихсэн байгаа. Гэр хорооллын дэд бүтцийг сайжруулна гэдэг нэрийн дор хувийн хэвшлийнхний барих гэж байсан барилгын дэд бүтцийг татаж өгөөд орхичихсон. Анх иргэдийн хашаанд дэд бүтцийг нь татаж өгнө гэж том амлаад ирж байсан хотын даргын амлалт маань хаана байна вэ?

-Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хүү Б.Чулуудайнхаа компанийг Гэр хорооллын хорооллын дахин төлөвлөлтийн ажилд шууд оролцуулж, 5.1 тэрбум төгрөгийг завшсан гэж та бүхэн мэдэгдсэн. Хүүгийнх нь компанийн ажлыг аавтай нь холбож, албан тушаалаас нь огцруулах үндэслэл болгодог нь ямар учиртай юм бэ?

-Хотын дарга 410 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсныхаа хажуугаар өөрийнхөө хүүгийн компанид 5.1 тэрбум төгрөгийн дахин төлөвлөлтийн дэд бүтцийн ажлыг шууд гэрээгээр олгосон байна. Б.Чулуудайн компани төсөл хэрэгжүүлэгчээр шалгарахад нь Засаг дарга захирамж гарган өөрийнхөө гарын үсэгтэй батламжийн бичгийг гардуулсан байгаа юм. Тэр нь Монгол Улсын Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл.

Хотын дарга ёс зүйгээ барих ёстой. Италийн нэгэн томоохон хотын захирагч нь төсвийн мөнгөөр өдрийн хоол идсэнийхээ төлөө албан тушаалаасаа огцорсон тохиолдол өнгөрсөн долоо хоногт боллоо шүү дээ. Мань эр татвар төлөгчдийн мөнгөөр үдийн хоол идсэн нь ёс зүйн хувьд таарахгүй зүйл гээд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөнийг хэвлэлээс уншлаа. Мундаг ёс зүй! Тэгтэл өөрийнхөө хүүгийн компанийг батламжилсан захирамжинд гарын үсэг зурж зургаа орчим тэрбум төгрөгийг өгчихөөд байгаа манай хотын дарга улс төрд шинэ жишиг тогтоогоод огцорчих хэрэгтэй шүү дээ.

-Хотын дарга энэ тухайд тайлбарлахдаа хүүгийнхээ компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй, хуулийн дагуу бизнес нь явдаг гэж байгаа. Ер нь аливаа хөрөнгө оруулалт итгэлцэл дээр үндэслэгддэг. Э.Бат-Үүл дарга хүүдээ хамгийн их итгэдэг болохоор ажил даалгасан гэж харах үндэслэлтэй байх ёстой биш үү?

-Э.Бат-Үүл даргын хүүхэд компани байгуулаад барилга барьж болохгүй гэж бид яриагүй. Харин ч болно. Гэхдээ давуу эрх олгож болохгүй. Хувийнхаа эрх ашгийг өөрийнхөө албаны ажилтай холбож болохгүй гэдэг шаардлагыг тавьж байгаа юм. Тэрбээр 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл мэдүүлж байгаа өөрийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Б.Чулуудайнхаа нэр дээр байдаг "Гранд Лайн” гэх компанийг нуун дарагдуулсаар ирсэн нь энэ байна (ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийн хуулбарыг үзүүлэв). Энэ нь өөрөө асуудал дагуулаад байгаа зүйл юм. Уг нь хотын дарга хүүгийнхээ эзэмшлийн нэр дээр байгаа компаниудыг үйл ажиллагааны чиглэлтэй нь мэдүүлэх тодорхой заалттай. Үүнийг хэрэгжүүлээгүй албан тушаалтан албан тушаалаасаа чөлөөлөгдөнө гээд хуульд заачихсан байдаг.

-Уг асуудлаар Э.Бат-Үүл дарга АТГ-т хандахад "зөрчилгүй” гэсэн хариу ирсэн тухай мэдээллийнхээ үеэр онцолж байсан. "Гранд лайн” компаниа хөрөнгө орлогын мэдүүлэг өгснийхөө дараа байгуулсан юм биш биз?

-Компаниа 2011 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулаад авсан байдаг юм. Тэгэхээр Э.Бат-Үүл дарга Засаг дарга болохоос нь өмнөх асуудал гэсэн үг. АТГ-аас 2013 оны аравдугаар сард бичиг ирсэн юм билээ. Тэр бичигт хотын даргын шалгуулахаар өгсөн хүсэлт "Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн байна лээ. Өнөөдөр бид Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Тиймээс манай бүлгийн зүгээс хууль зөрчсөн хариуцлагаа хүлээ гэдэг шаардлага тавиад байгаа юм.

Тэрнээс мань хүн өөрийнхөө хүүгийн компанийг ажил гүйцэлдүүлэхээр явуулах нь зөв үү, буруу юу гэдэгтээ гол нь биш. Гагцхүү Монгол Улсын хуулийн дагуу ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлэх ёстой байсан юм.

-Хотын даргыг огцруулахаар НИТХ-ын даргад өргөн барьсан танай намын бүлгийн саналыг хэлэлцэх боломжгүй гээд хүлээж аваагүй. Хуулийн заалт буруу хэрэглэсэн юм уу?

-Хотын даргыг огцруулах гэж тавьсан бидний үндэслэл хуулийн дагуу. Үндэслэлээ гаргаад тавингуут НИТХ-ын дарга өөрөө хууль зөрчсөн. Ингэхдээ "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32.6 дугаар заалтыг үндэслэ” гэсэн. Үүнд НИТХ-ын нийт 45 төлөөлөгчийн гуравны нэг нь гарын үсэг зурснаар Засаг даргыг огцруулах үндэслэл болж хэлэлцэгдэнэ гэж заачихсан байдаг. Харин Э.Бат-Үүл дарга Монгол Улсын хуулийг зөрчсөн учраас тухайн хуулийн 32.2 дахь заалтын дагуу огцруулах санал гаргаад байгаа. Уг заалтад "Аливаа шүүх хяналтын байгууллагаас албан тушаалтан гэмт хэрэгт холбогдож, хууль зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд тэр албан тушаалтныг огцруулах үндэслэл болно” гэж заасан. Тэгэхээр энэхүү заалтаар бол НИТХ-ын нэг төлөөлөгч байсан ч Засаг даргыг огцруулах бичгийг өргөн барих боломжтой. Бид энэ заалтаар өргөн барьсан. Гэтэл НИТХ-ын дарга болохоор "32.6-аар өргөн барьчих. Тэгвэл бид авч хэлэлцье” гэсэн л дээ. Ингэснээр хурлын дарга өөрөө хууль зөрчөөд байгаа юм.

-Яагаад заавал ийм үндэслэлээр огцруулах гээд байгаа юм бэ?

-Монгол Улсад хүнийг гэмт хэрэгт холбогдож, хууль зөрчсөнийг тогтоодог хоёрхон субъект байдаг. Эхнийх нь хууль хяналтын байгууллага шалгаад дүгнэлт гаргадаг. Нөгөөх нь хувь хүн өөрөө хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрдөг. Хотын дарга өөрөө хэвлэлд өгсөн ярилцлагаараа дамжуулаад хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрчихсөн. "Манай хүүгийн компани сонгон шалгаруулалтад ороод ажил аваад хийсэн. Би болохгүй юм байна гэдгийг нь ойлгоод татан гаргасан” гээд ярьчихсан байгаа шүү дээ. Тэгэхээр хотын дарга хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.

-Та бүхний саналыг НИТХ-ын дарга хүлээж авахгүй нь. Дээрээс нь нийслэлд АН олонхи байгаа энэ үед Э.Бат-Үүл даргыг огцруулах хүсэлт чинь биелэх нь юу л бол. Ямар ч үр дүнгүй тэмцэл юм биш үү?

-Үр дүнд хүрэхийн төлөө ажиллана. Би АН-ын зарим төлөөлөгчдийг "Амьгүй албат байхаа боль. Гэр бүл, ард түмнээ, хойч үеэ бод” гэж хэлээд байгаа л даа. Улаанбаатар хот үнэхээр хөгжих боломж олдоод их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж байгаа цаг үеийг үр дүнтэй ашиглахын төлөө байх ёстой. Бид дараа жилийн төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батална. Тэгэхээр хариуцлагатай байх ёстой. Ихэнх төлөөлөгчид хотын даргын шууд харьяаны агентлаг, газрын даргаар ажиллаж байгаа, юмны сайн, мууг ялгах боломжгүй зөвхөн л дэмжих үүрэгтэй болчихсон. Гэхдээ тэдэн дотор дуугардаг, шударга ёсны талд зогсч чадах хэсэг бүлэг хүн бий.

Мөн биднийг хуулийнхаа заалтыг өөрчлөхийг шаардсан НИТХ-ын даргыг Захиргааны хэргийн шүүхэд өгнө. Тэрбээр хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх ёстой. Асуудлыг хэлэлцүүлэх ч үүрэгтэй.

-2016 оны сонгууль хаяанд ирсэн энэ цагт та нарын үйлдэл улстөржсөн харагдаад байгаа л даа?

-Нэг өдрийн өмнө ч гэсэн бусармаг үйлдлийг зогсоож, Улаанбаатар хотын хөгжил, дэвшилд хэрэгтэй талаас нь харах ёстой. Тэрнээс сонгууль ойртож байгаа учраас түр байж байг гээд байж болохгүй л дээ. Тэгээд ч сөрөг хүчин ажлаа сонгуулиас хамаарахгүйгээр хийх үүрэгтэй. Бид ард түмний 30 гаруй хувийн саналыг авч сонгогдсон иргэдийн хурлын төлөөлөгчид. Ард түмний татварын мөнгийг зөв зүйтэй зүйлд хэрэгжүүлж байгаа эсэхийг хянах ёстой. Мөн хотын даргын хийж хэрэгжүүлэх гэж байгаа бодлогын ажилд оролцох, хошуу нэмэрлэх үүрэгтэй. Түүний хийж байгаа ажил нь хэрээс хэтэрч, улс доторх улс байгуулах хэмжээнд хүрчихлээ. Хэтэрхий том толгой гаргаж байгаа нөхдөд бид зайлшгүй анхааруулга өгөхгүй бол болохгүй. Хотын удирдлагууд УИХ-ын байтугай Ардчилсан намынхаа бодлогыг хэрэгжүүлэхээ байчихаад байна шүү дээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж байгаа компанид тендер зарлахгүйгээр их хэмжээний мөнгийг шууд гэрээгээр өгчихдөг жишээтэй. Хуулиас дээгүүр журам гэж байж болох уу. Хэлээд сонсохгүй, олонхиороо түрээд эрдчихсэн удаа дараагийнх нь үйлдлүүдийг яавч зүгээр орхиж болохгүй.

-Саяхан НИТХ-аар баталсан Нийслэлийн нэг хувийн татвартай холбоотой асуудлыг ч бас хотын даргыг огцруулах үндэслэлд хөндсөн байсан. Үүнийгээ дэлгэрүүлэхгүй юу?

-"Нийслэлийн татварыг уян хатан, ард иргэдийн хувьд одоо байгаа боломж, орлогынх нь түвшин худалдан авах чадамж гээд энэ олон зүйлтэй нь уялдуулъя. Энэ татварын асуудал нийслэлчүүдэд хүндээр тусна” гэдэг асуудлыг бид анхнаасаа тавьж байсан. Нэг хүн дээр нэг хувь гэж очиж байгаа боловч энэ чинь бүтэн жилд Улаанбаатар хотын ард иргэдээс 13-14 тэрбум төгрөгийг татвар нэрээр хурааж авах болоод байна. Энэ мөнгөн дүн ард иргэдийн халааснаас гарна. Монгол Улсын иргэн, нийслэлчүүд өнөөдрийг хүртэл холбогдох албан татваруудаа төлсөөр л ирсэн. "Нийслэлийн татвар” гэж оноогоод байгаагүй ч олон татвар бий. Ийм их мөнгөөр нийслэл хөрөнгө оруулалтаа хийгээд төрийн албан хаагчдаа цалинжуулаад л ирсэн. Тиймээс өнөөдрийн энэ цаг үед татвар нэмэх хэрэггүй гэдэг саналыг бид НИТХ-д оруулсан. Гэтэл нохой хуцаж байгаа чинээнд ч хүлээж аваагүй. Хотын даргатай цаашид хамт явж чадах уу үгүй юу гэдэг асуудал эндээс гарч ирсэн. Вант улсын эзэн шиг суудаг болсон хотын дарга Э.Бат-Үүлийн үйлдлийг таслан зогсооё гэж байгаа юм.

М.Мөнхцэцэг

Эх сурвалж:

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler