|
Видео

Шинэ мэдээ

Тэмүүллээр хөглөгдсөн ЛИМБЭЧИН

УУЛ ШИГ НӨМӨРТЭЙ ААВ

Түүний аав, ээж өөд болоод олон жил өнгөрч байгаа аж. Тиймээс анх эхнэртэйгээ өрх тусгаарлахдаа л дүү нарыгаа хажуудаа авчээ. Хадмынхаа хашаан дахь хуучин амбаарт гал голомтоо бадрааж байсан залуу хосууд хүүхдүүддээ санаа тавихын зэрэгцээ дүү нараа хүний зэрэгтэй амьдруулах гэж их л хичээж, ажиллаж байсан аж. Эхнэр нь гурван хүүхдээсээ гадна нөхрөө халамжлах чухал үүрэгтэй учраас өөр ажил хийгээд явах зав байсангүй. Тиймээс гэр бүлээ тэжээхийн тулд мэргэжлээрээ ажиллахаас өөр зам байсангүй. Тиймээс хүний хөрөг зэрэг олон төрлийн зураг зурж хэдэн төгрөг олдог байж. Мөн "Меркури” захын гадаа долоо хоногийн 2-3 өдөр зогсч нэг ёсондоо гудамжинд лимбэ хөгжмийн тоглолт хийдэг байжээ. Хоногийн хоолоо залгуулахаас гадна дүү нарынхаа сурч боловсроход анхаарал тавина. Ингэж явсаар дүү нарынхаа гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн ачит том ах юм. Тиймээс дүү нар нь түүнийг тулж түших аав гэж хүндэтгэдэг байна.

МЭРГЭЖЛИЙН ЗУРААЧ

Тэрээр 2002-2007 онд ДУДС-ийг дүүргэсэн мэргэжлийн зураач. Харин лимбэ бол түүний хобби. Хүүхэд байхын л лимбэ тоглох хорхойтой байсан гэдэг. Түүний сурагч ахуй цагт "Хонгилдон” кино ид хүчээ авч, хүүхэд бүр түүн шиг зодоонч болохыг хүсдэг байсан бол Т.Пүрэвбаатар кинонд гардаг лимбэ хөгж­мийг ихэд сонирхож, өнөөг хүртэл энэ сонирхлоо хөгжүүлж яваа нэгэн. Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Галсантогтох өөрийнхөө лимбийг дурсгаж байсан удаатай гэсэн. Түүнчлэн лимбэ хөгжмийн аялгуутай "Хэрвээ хүмүүс” хэмээх цомог хүртэл гаргаж байсан аж. Өдгөө 39 настай залуу хэдий хөгжлийн бэрхшээлтэй ч хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, өөрийгөө алхам бүрт хөгжүүлж яваа бололтой. Гэр бүл нь түүний хувьд амьдрах утга учир, шалтгаан. Харин зураг зурна гэдэг амьдралынх нь баяр баясал гээд хэлчихэж болно. Тэрээр 2013 онд бие даасан зургийн үзэсгэлэнгээ дэлгэж байжээ. Энэхүү үзэсгэлэнгээ гаргахад нь багын найз Баатар гэх залуу тусалсан байдаг. Ихэнхдээ авангард, хөрөг, байгаль гэсэн гурван төрлөөр уран бүтээлээ туурвидаг аж. Сумогийн их аварга Д.Дагвадоржоос эхлээд олон нэр алдартай хүний хөргийг зурсан байна.

ОД ГИЙСЭН ОН ЖИЛҮҮД

Өнгөрсөн 2014 он түүний амьдралд олон дэвшил гарсан нь уран бүтээлийн цомог, үзэсгэлэн байсан. Үүнээс гадна А.Гантулга, Т.Гэрэлт-Од хэмээх сайн санаат хүмүүсийн ачаар лимбэчин гэр бүлийнхэнтэйгээ тохилог дулаахан орон сууцанд амьдрах болжээ. Учир нь түүний гэр бүлд "Буянт-Ухаа” хороололд хоёр өрөө байр авч өгсөн байна. Мөн "Айст Монголиа” телевиз 2014 оны "Онцлох” мэдээгээр түүний тухай мэдээллийг нэрлэжээ. Энэхүү шалгаруулалтыг Оросын үзэгчдийн хандалтаар тодруулдаг юм байна. Ер нь түүний ойр дотнынхон Пүрэвбаатарыг их бүтээлч, өөдрөг үзэлтэй нэгэн болохыг ярьж байсан. Ямартай ч амжилт бүтээлээр дүүрэн яваа Т.Пүрэвбаатар "Авьяаслаг монголчууд” шоунд оролцсоноор өөрийн болоод бусдын амьдралд сайн сайхан олон өөрчлөлт авчирч, мянга мянган залуу гэр бүлд үлгэр дуурайл болж байна.

Д.Даваасүрэн

 

Эх сурвалж:

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler