| |
Орхон гол цэвэр тунгалаг болсон байна
Архангай аймгийн удирдлагууд Цэнхэр суман дахь Орхон голын эх бүрэлдэх газарт алт олборлож буй компаниудын үйл ажиллагааг зогсоосноор Орхон гол өчигдөрийн байдлаар цэвэр тунгалаг урсаж эхэлсэн байна.
Энэ даваа гаригт Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга И.Мөнхжаргал болон тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Улаанбаатар хотод хүрэлцэн ирж Орхон голын бохирдолтой усны дээжийг БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг болон нэр бүхий яамны албан тушаалтанд хүлээлгэж өгөөд, яаралтай арга хэмжээ авч өгөхийг хүсээд буцсан. Тэд энэ үеэрээ ахуйн хэрэглээний жорлонд умбуур гэх бодис 30 хувь байдаг бол Орхон голд тус бодис 70 хувь байна гэсэн мэргэжлийн байгууллагын шинжилгээний дүнг танилцуулсан.
Харин Архангай аймгийн засаг дарга Д.Бат-Эрдэнэ холбогдох газруудад "Засгийн газрын 2015 оны 289, 302 дугаар тогтоолуудаар Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон голын урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг ойн сан бүхий хилийн заагаас чөлөөлснөөр Орхон голын бохирдож, экологийн тэнцвэр алдагдахад хүрч байгаа тул Засгийн газрын 2015 оны 289, 302 дугаар тогтоолуудын Архангай аймгийн Цэнхэр сумтай холбогдох хэсгийг хасч, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай” хүсэлтээ ирүүлсэн байна.
Тэгвэл Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооноос тус асуудлыг хариуцсан төрийн байгууллагуудад Орхон голыг бохирдуулж байгаа компанийн эсрэг яаралтай арга хэмжээ авч, шаардлагатай тохиолдолд ажлын хэсэг байгуулан газар дээр нь ажиллаж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг Байнгын хороонд ирүүлэхийг даалгасан байна.