|
Видео

Шинэ мэдээ

МУ-ын ЗГ-ын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав танаа

МУ-ын ЗГ-ын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав танаа2015 оны 9 дүгээр сар 14                                                                                 Сүхбаатар аймаг,

                                                                                                                              Эрдэнэцагаан сум

Цагдаагийн офицер болон аймгийн Хууль

зүйн хэлтсийн даргын тухай гомдол

 гаргах нь: 

Эрхэм сайд Таны энэ өдрийн амгаланг эрье.

 Танд ийнхүү шууд хандахыг, Таныг төрийн албыг авч, өгч сурсан төрийн тулхтай түшээ, улс төрчийн хувьд  асуудлыг ойлгоно, хилчдийнхээ гэр бүлийн жаргал зовлонг мэдрэх хүн, улайм цайм хууль зөрчиж байгаа асуудалд улс төржсөн байдлаар хандахгүй байх  гэж ахмад хилчин аав минь, хамт ажиллаж, амьдардаг хилчид, тэдний гэр бүл зөвлөсний дагуу бичиж,  хүнээр дайлгалаа

 Нэг. Миний бие Д.Нандинцэцэг 2012 оны Орон нутгийн сонгуулиар сумынхаа иргэдийн итгэлийг хүлээж сумын ИТХ-ын төлөөлөгчөөр, улмаар сумын ИТХ-ын даргаар сонгогдсон.

 Намайг сумын ИТХ-ын даргаар сонгогдсоны дараагаас эхлэн Хурлын даргын албан тушаалыг хууль бусаар, хүчээр авахын тулд Аймгийн Засаг дарга Батсуурь болон бусад нөхдүүд улайрах болсон.

 Нутгийн өөрөө удирдах байгууллага болох иргэдийн Төлөөлгчдийн Хурал бол  Үндсэн хуулийн байгууллага бөгөөд түүний бүхий л харилцааг Үндсэн хууль, Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлын тухай хуулиар зохицуулсан байдаг ба Хурлын даргыг огцруулах, чөлөөлөх, сонгох асуудал зөвхөн Хурлын бүрэн эрхэд хамаардгийг эрх зүйн боловсролтой байтугай жирийн иргэд ч мэднэ.

 Гэтэл Хурлын даргын ажлыг хурлын гаднаас, хүчээр булааж авах гэсэн үйлдэлд аймгийн Засаг дарга,  аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга,  аймгийн Цагдаагийн нэр бүхий офицерүүд идэвхтэй, хамсан оролцож байгаад би маш их харамсаж байна.

 2014 оны эхээр манай суманд аймгийн Засаг дарга Ж.Батсуурь одоогийн аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хошууч Б.Ганхуяг /тухайн үед эрүүгийн тасгийн дарга байсан/ болон бусад хүмүүсийн хамт ирж миний ажлын өрөөний хаалгыг эвдэн, миний ажлыг хүчээр булаан авахын хамт намайг тамга, тэмдэг нуусан хэргээр эрүүгийн гэмт хэрэгт хилсээр гүтгэж, улмаар зохиомлоор  эрүүгийн хэрэг үүсгэн, шүүхээс ял оноохыг завдсан.

 2014 оны 02 дугаар сард би энэ гэмт үйлдлийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон тухайн үеийн Цагдаагийн ерөнхий газрын дарга, бригадын генерал Билэгт нарт хандсанаар ЦЕГ-аас албаны шалгалт аймаг дээр очиж шалган аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Ганхуягийг хууль зөрчсөн гэдгийг тогтоож түүний ажлын байрыг өөрчилж байсан.

 Миний гомдолд ач холбогдол өгөн арга хэмжээ авч, хариу бичиг өгч байсан дээрх Эрхэмүүдэд би их баярлаж явдаг.

 Надад тамга, тэмдэг нуусан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэснийг хянан шалгасан аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэг жилийн тэнсэн ял оноосныг Улсын дээд шүүх хянан үзэж мөрдөн байцаалтанд буцаасан ба аймгийн Цагдаагийн газраас дахин ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлснийг шүүх хянан үзэж гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байна гэдгийг тогтоон намайг цагаатгасан шийдвэрийг 2015 оны 08 дугаар сард  гаргасан.

 Мөн миний захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн Хяналтын шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 157 дугаар тогтоолоор намайг ажлаасаа үндэслэлгүй халагдсаныг эцэслэн тогтоосны дагуу  би 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Эрдэнэцагаан сумын ИТХ-ын даргын үүрэгт ажлаа хүлээн авч ажилдаа орсон.   

 Энэ хооронд өөрт болон гэр бүлд учирсан нэр төр, алдар хүнд, сэтгэл санааны болоод мөнгө, санхүүгийн хохирлын талаар Танд дурдаж гомдоллохыг илүүц гэж бодлоо.

 Хоёр. 2015 оны 06 дугаар сард сумын ИТХ-ын даргын ажлаа эгүүлэн авснаас хойш миний ажлыг дахин хүчээр булаан авах ажиллагаа улам зохион байгуулалттайгаар идэвхжсэн, үүнд аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга У.Болдхүү, аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч Дамдинсүрэнгийн Сэргэлэнбаяр нар идэвхийлэн оролцож, сумын цагдаагийн тасгийн албан хаагчдыг дайчилж байсанд би үнэхээр дур гутаж, жигшин  Танд шууд хандах нь зүйтэй гэж үзсэн.

 Учир нь энэ талаарх миний гомдлыг аймагт анхаарч, шийдвэрлэх ямарч боломжгүй гэдэг нь  ойлгомжтой.

  2015 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр аймгийн Цагдаагийн албаны УАЗ-469 машинаар мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Д.Сэргэлэнбаяр, У.Болдхүү /аймгийн хууль зүйн хэлтсийн дарга/, Ц.Амгаланбаатар /хууль бусаар ИТХ-ын даргаар томилогдон ажиллаж байсан/ нар миний ажлыг дахин хууль зөрчин хүчээр булааж авах зорилго, төлөвлөгөөний дагуу суманд ирсэн.

 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн  14 цагт Цагдаагийн хошууч Д.Сэргэлэнбаяр миний өрөөнд орж ирэн "ИТХ-ын тамгыг шинжилгээний албанд хүргүүлж, ажиллагаа хийлгэнэ” хэмээн худлаа ярьж тамга хурааж авсан.

 Хошууч Д.Сэргэлэнбаяр нь тамга тэмдэг хурааж авах, шинжилгээнд явуулах тухай ямар нэгэн албан ёсны шийдвэр, тогтоол, бичиг баримт үзүүлээгүйн дээр тамгыг ямар үндэслэлээр шинжилгээнд явуулах болсон тухайгаа хэлж, танилцуулаагүй тамга хураан авч, тамга хураасан ямар нэгэн тэмдэглэл хөтлөөгүй, энэ тухай надаар гарын үсэг зуруулаагүй.

 Хошууч Д.Сэргэлэнбаярыг гарснаас хойш 2 цагийн дараа үгсэн тохиролцсоноор У.Болдхүү, Ц.Амгаланбаатар, Р.Саранцэцэг /Эрдэнэцагаан сумын Ардчилсан намын дэд дарга/, Э.Жаргалбаяр /Эрдэнэцагаан сумын ИТХ-ын төлөөлөгч/, н.Мөнхбат /Эрдэнэцагаан сумын ИТХ-ын төлөөлөгч/ нарын нэр бүхий 5 хүн миний албан өрөөнд  сумын цагдаагийн тасгийн албан хаагчдын хамт орж ирэн ИТХ-ын даргын сейфыг өөрсдийн авчирсан түлхүүрээр онгойлгон дотор нь байсан хурлын болон бусад бүхий л материалыг авч, мөн өрөөний цоожийг эвдэлж оронд нь шинэ цоож суулган сумын ИТХ-ын даргын ажлыг хууль бусаар цагдаагийн алба хаагчдаар сүрдүүлэн булааж авахаар завдсан  гэмт үйлдлийг бүлэглэн үйлдсэн.

 Сейфний түлхүүрийг Ц.Амгаланбаатар надад ажлаа хүлээлгэн өгөхдөө нууцаар хувилан авч өөртөө үлдээсэн байдаг.

 Аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга У.Болдхүү энэ үеэр намайг элдэв үгээр харааж "чамд хэрэг тулгана, шоронгийн хадаас болгоно” гэж  заналхийлж байсанд би гомдолтой байгаа ба магадгүй энэ зохион байгуулалттай, улайрсан үйлдлийн улмаас миний амь нас, эрүүл мэнд  хохирч болзошгүйг би ойлгосон.

 Энэ үеэр Цагдаагийн хошууч Д.Сэргэлэнбаяр цагдаагийн албаны машинаар сумын захиргааны байрыг тойрч гадна хяналт тавьж, сумын цагдаагийн тасгийн цагдаагийн албан хаагчдаар сумын захиргааны хаалгыг хамгаалалтад авахуулж хүн нэвтрүүлэхгүй байлган, тэдний гэмт үйлдлийг дэмжиж байсныг олон хүн нотолно.

 Сумын иргэдийнхээ олонхийн саналаар сумын ИТХ-ын төлөөлөгчөөр, улмаар сумын ИТХ-ын даргаар итгэл хүлээн сонгогдсон жирийн эмэгтэй намайг 3 жил гаран гэмт хэрэгт гүтгэх, шүүхээс ял оноох, ажлаас хууль бусаар огцруулж сэтгэл санааны болон мөнгө, санхүүгийн хохирол учруулах, үр хүүхэд, эр нөхөр, өндөр настай аав, ээжийн минь сэтгэлийг шаналгасан энэ увайгүй үйлдэлд аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга болон цагдаагийн офицерүүд хамсан оролцож байгаад Сайд Таныг онцгой анхаарахыг хичээнгүйлэн хүсье.

 Энд би шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн тухай, хүний эрх, сонгуулийн ардчилал, хууль дээдлэх ёс, ухаалаг төрийн тухай, төрийн албаны дэг, жаяг, хүн чанарын тухай нэмж ярихаас үнэндээ залхаж байна. Дээрх бүх зарчим хөсөр хаягдсаныг биеэрээ мэдэрч, үнэхээр итгэл алдарч байна.

 Одоо гагцхүү ИТХ-ын төлөөлөгчөөр чухам иргэдийнхээ итгэлийг хүлээснээр сонгогддог гэдгийг, улмаар Хурлын төлөөлөгчдийн олонхийн саналаар Хурлын даргаар сонгогддог, энэ бүхнийг хуулиар зохицуулдаг гэх наад захын эрх зүйн мэдлэггүй,  ухаарч ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй, жижигхэн албан тушаалын төлөө ч юу ч хийхээс буцахгүй болсон гэмт бүлэглэлийн золиос болж амь нас, эрүүл мэндээрээ хохирч үлдэхээс болон дахин хилс хэрэгт гүтгэгдэн үр хүүхэд, хил манаж байгаа эр нөхөр, насаараа хилийн албанд зүтгэсэн аав, ээжийнхээ сэтгэлийг дахин зовоохгүй байхын тулд дээрх нэр бүхий хүмүүсийн  увайгүй үйлдлийг таслан зогсоох,хариуцлага тооцох, албаны шалгалт явуулахыг холбогдох хүмүүст даалгахыг Таниас дахин хичээнгүйлэн хүсч байна.

 Мөн миний ажлыг хууль бусаар авч ИТХ-ны даргаар ажиллаж байсан Ц.Амгаланбаатар сумын ИТХ-ын тамгыг авч зугтаасныг би шүүхэд хандсаны дагуу шүүгч албадан гүйцэтгүүлэх захирамж гаргасныг аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх албаны албан хаагчид мөн хуйвалдан ажиллагаа огт явуулахгүй байгаад анхаарахыг хүсье.

 Намайг цагаатгасан болон хууль бусаар ажлаас өөрчилснийг тогтоосон эрүү, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүд бүгд надад байгаа болно.

 

Хариуг бичгээр өгнө үү.

 

 ХҮНДЭТГЭСЭН

 СҮХБААТАР АЙМАГ,

ЭРДЭНЭЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

 ДАРГА....................................................../Д.НАНДИНЦЭЦЭГ/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler