| |
Өнөөдөр “Чингис хаан” тодрох өдөр /фальетон/
Монголчууд бид аливааг мартахдаа "гарамгай” ард түмэн. Ухаан нь би гэдэг хүн өглөө ажил руугаа гарахдаа өрөөнийхөө түлхүүрийг мартаж ажилдаа ирчихээд бөөн хараал урсган, харуусал болж эргээд гэр рүүгээ түлхүүрэндээ явах жишээний. Энгийн нэг иргэн ингэж мартаж байгаа юм чинь улс үндэстнээрээ мартах аргагүй юм байна даа.
Улс төрчид нь сонгуулиар амласан амлалтаа одоо таг мартсан манаргаж яваа бол засаг төр нь авсан зээлээ ор тас мартаад ахин зээл авах гээд тууж явах маягтай.
Гэхдээ бас мартаж боломгүй зүйлүүд бас байна. Өнгөрсөн зун 6 сарын 28-ний өдөрТөв цэнгэлдэх хүрээлэнд Их эзэн Чингис хааны хойд дүрийг тодруулах Их зан үйл болж, тус арга хэмжээг "Мөнх тэнгэрийн оньсыг тайлагч” гэж өөрийгөө нэрлэсэн И.Мөнхсаруул гэх эмэгтэй зохион байгуулсан. Тэрээр Их хаан тодруулах арга хэмжээндээ өөрийн нь нэрлэснээр Дайчин цагаан Дарь эхүүд, Эрдэмт мэргэн болон Эрч хүчтэй бурхад, Ариун дагшин хутагт найман гэгээнтэн, Их хааны 5 хатад тэргүүтэй олон хүний алгыг нь тосуулан зогсоож өөрөө 2 цаг орчим уяруулан хайлууланхан, учиглан учирланхан ерөөл айлдвараа цээжний гүнээсээ уншин, олныг хэдэнтээ хурайлуулан хайлуулсаар эгээтэй л Их хаан "тодрох” дөхсөн.
Гэвч яг Эзэн Чингис хаан тодордогийн даваан дээр Их зөнч И.Мөнхсаруул гэнэтхэн Их хаан тодроход саад бэрхшээл тулгарсан тул ирэх 9 сарын 22-ний өдөр буухаарболлоо гэснээр ХААН ТОДРУУЛАХ АГУУ ЁСЛОЛ өндөрлөсөн билээ. Тэгвэл "Мөнх тэнгэрийн оньсыг тайлагч” И.Мөнхсаруул авхайн айлдсан 9 сарын 22-ны өдөр өнөөдөр. Товчхондоо бол эзэн Чингис хаан "тодрох, дахин төрөх өдөр”. Хэдий би мартамхай нь үнэн боловч хэрхэн Их эзэн хаан дахин төрөх өдрийг бүдүүн зүрх гарган мартаж зүрхлэх билээ.
Гэтэл эл өдөр Хаан тодрох сураг алга. Хаан тодруулагчаас бүр ч чимээ алга. Уг нь далын талыг наслаж явах дээрээ Их хаан тодрохыг үзэхийг их ерөөл гэж бодсон маань талаар болов болтой.
Нэгэнт хаан тодрохгүй, эсвэл тодруулж чадахгүй, ерөөс тодруулах боломжгүй байсан юм бол яах гэж мань мэтэд Их хааныг маань тодруулна гэж хэлж сэтгэлд маань хүлээлт үүсгэн мартахааргүй чангаар хэлсэн юм вэ гэж "Мөнх тэнгэрийн оньсыг тайлагч” И.Мөнхсаруул танаа дуулгая.
Монголчууд бид "Их хаанаа” хүлээсээр. Гэхдээ тодрохыг нь лав биш байлтай. Чингис хааны сургаал үгийг дээдэс доодосгүй ухааран ойлгож хэрэгжүүлдэг, төр засгийн түшмэд нь авах идэхийн шуналд биш, улс орноо хөгжүүлэхийн хүсэлд автдаг, иргэд ард олон нь амар амгалан, сэтгэл хангалуун аж төрдөг болохыг хүсэн хүлээсээр л байна…
Ц.Мөнх