| |
Видео
Шинэ мэдээ
Ю.Цэдэнбал ардчиллын анхны алтан хараацай байжээ
Ю.Цэдэнбал ардчиллын анхны алтан хараацай байжээ
"Сэрүүлэг” сонины 2012 оны № 15-д "Ю.Цэдэнбал судлалын Академи”-ийн дэд тэргүүн, "Ю.Цэдэнбалын гал голомт” санаачлагын тэргүүн Б.Бат-Амгалан "Бид цаг алдалгүй Бал даргын хэлмэгдсэнийг тогтоолгоно” ярилцлагадаа: Түүнийг (Ю.Цэдэнбалыг) "коммунист намыг тарааж, хөрөнгөтний замаар хөгжих чиглэл сонгох гэж байгаа”-г ЗХУ-ын коммунистуудад үнэнч хүмүүс мэдээлж байсныг ном судар, архивийн материалууд нэгэнтээ нотолсон юм. Түүний хувь заяаг зохион байгуулалттай улс төрийн эргэлтийн золиос болгон, гадаадын тагнуулын байгууллага эмгэнэлтэй болгоогүй бол Монгол улс зөв явах ч байсан юм билүү… Тэгэхээр тухайн үед энэ хүний бодлыг ЗХУ-ын эрх баригчид олж мэдсэнд хамаг учир байгаа юм” гэсэн онц сонирхолтой, урьд хожид сонсогдоогүй, чих дэлдийлгэм шинэ соргог түүхэн асуудал хөндсөн нь зүй ёсоор олны сонирхлыг татсан нь гарцаагүй.
Юу гэнэв?.. Ю.Цэдэнбал коммунист намыг тарааж, хөрөнгөтний замаар хөгжих чиглэл сонгож байж ЗХУ-ын эрх баригчдад хусуулсан гэнэ үү? Ийм агуу асуудлыг өдий хүртэл сөхөхгүй дарагдуулж байсны хариуцлагыг хэн үүрэх вэ? Монголд үүнээс илүү чухал асуудал байх уу? Тэгэхээр ардчиллын анхны хараацай С.Зориг нар бус Бал дарга болж таарах нь. Ямар гоё вэ? Бид чинь тийм ардчилсан, коммунизмын эсрэг, зах зээлийн үзэлтэй жолоодогчоор хагас зуун жил удирдуулж байсан хэрэг үү? Тэгээд энэ гайхамшигт хүнээ өдий хүртэл мэдэхгүй явдаг монголчууд нээрэн ухаанаа уландаа гишгэсэн ард түмэн шүү. Ардчиллын төлөө С.Зоригийг хэлмэгдсэн гэж яриад байдаг. Тэгсэн чинь ардчиллын төлөө С.Зоригоос өмнө, түүнээс илүү хэлмэгдсэн лидер нь Ю.Цэдэнбал дарга байсныг бид мэдсэнгүй. Юутай харамсалтай вэ?
Гэвч харамсаад хэрэггүй гэнэ. "Ю.Цэдэнбал судлалын Академи”-ийн дэд тэргүүн, "Ю.Цэдэнбалын гал голомт” санаачлагын тэргүүн Б.Бат-Амгалан "Бид цаг алдалгүй Бал даргын хэлмэгдсэнийг тогтоолгоно” Ю.Цэдэнбалыг "Хэлмэгдсэн гэдгийг нотлоно гэдэгтээ бид итгэлтэй байгаа. Тэр бол жилээр ярих асуудал биш. Бид энэ зун Ю.Цэдэнбал даргын хэлмэгдсэнийг тогтоолгох ажлыг далайцтай эхлүүлж, цаг алдалгүй хөдөлнө гэсэн зорилготой ажиллаж байна... Бид хангалттай нотлох баримтыг шүүхийн өмнө дэлгэх ёстой... гаргаж тавих ч болно” гэж ам бардам мэдэгдсэн болохоор энэ зун гэхэд түүхэн алдаагаа Монгол улс засах юм байна.
Түүний хүү Зоригийн "Монгол паспортыг нь хурааж аваад, тэр чигээр нь мартсанаас болж Москвагийн гудамжинд гундуухан олон жил алхсан…” гэнэ. Коммунист намыг устгаж, хөрөнгөтний замаар явах гэж байж хэлмэгдсэн удирдагчийнхаа хүүг ингэж байдаг ардчилсан улс гэж байх уу?
Ю.Цэдэнбалын эрх тушаалаасаа хусуулсан хэрэгт нэг ч монгол хүн оролцоогүй учир өдгөө хэнийг буруутгах билээ. Харин түүний хүү Ц.Зоригийг УИХ-ын сонгуульд Увсын тойрогт өрсөлдөхөд монгол хэлээ мэдэхгүй гээд сонгоогүй увсынхныг яая даа байз.
Хэлмэгдэл!.. Хэлэх ч үг биш
Ойрноос хэлмэгдэл гэх үгс олонтаа сонсогдох боллоо. Сталины хатуу базалтаар Чойбалсан гэмгүй олноо хядсан. Хядахгүй гэвэл өөрөө Москвад бөөрөө гаргуулах байсан. Энэ аймшигт яргаллын үед би төрөөгүй хүн. Харин Д.Төмөр-Очир, Л.Цэнд, С.Аварзэд, Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нар болон тэдний хоморгонд өртөж, насаараа аль муугаа үзэж, тамлагдсан хоёр зуу гаруй хүний заримых нь тухай олны амнаас багагүйг сонсож явлаа. Эдгээр хүмүүсийг яс цоожинд хатаа, насаар нь цөл, эхнэрийг нь мөн адил тамла, үр хүүхдийг нь сургууль ажилд бүү оруул, тэр ч байтугай, иргэний паспорт бүү олго гэж ЗХУ хаа очиж шахаагүй. Ю.Цэдэнбал өөрийнхөө өөдгүй занг илчилснийг МАХН-ыг дайсагналаа, үгүйсгэх, үндэсний үзэл гаргалаа, Зөвлөлт Монголын ган бат ах дүүгийн найрамдалд сэв суулгалаа гэж улайм цайм мушгин гөрдөж, алд хар биеийнхээ дутагдлыг булах санаатай мулгуу харгис явуулга дэврээсэн юм. Өөрийгөө шүүмжилсэн хоёр гуравхан нөхөддөө "Намын эсрэг бүлэг” гэсэн ноцтой нэр томъёог зориудаар сүр бадруулан өгч, "бүлэг” юм болохоор энэ хэрэгт аль болох олон хүн хамруулахыг Намын хянан шалгах хороо, НАХ яаманд хатуу үүрэгджээ. Цэдэнбалын даалгавраар эсэргүүний тоог өсгөх гэж сүүлдээ бүр дампуурсан.
Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийн залуу инженер П.Санж "Тэр гурвыг бут цохисноор тэдний үзэл санааг бут цохилоо гэж бодож байна уу? Хэлсэн ярьсан санаа бодолд нь зөв юм огт алга гэж үү?” гэж асууж байж эсэргүү болжээ. Түүнийг П.Дамдин сайд "Чи муу НТХ-ны шийдвэрт эргэлзээд байхдаа яадаг юм бэ” гэж омогдоход П.Санж "Би сохроор итгэж чадахгүй” гэжээ. П.Дамдан "Би өнөөдөр төрийн сайдын хувьд чамайг Монголын 1,5 сая шоо дөрвөлжин км нутгийн аль дуртайдаа шиднэ. Чамайг ажлаас халлаа” гэхэд П.Санж "Тэгээ тэг. Би чам шиг нэр тушаал хөөцөлдөгч карьерист биш. Хаана ч очсон эх орондоо ажилласан шиг ажиллаж чадна” гэв. П.Дамдин "Дипломоо аваад ир чи” гэхэд П.Санж "Чамд өгөхгүй ээ. Чамаас аваагүй. Би Зөвлөлтийн эрдэмтэй номтой багш нараас авсан юм” гэж тэрсэлдсэн байна. Түүнийг Бүрэнцогтын уурхайн гүнд малтагчаар шиджээ.
Хатгалын ноос угаах үйлдвэрийн ерөнхий инженер Ц.Бүтэд Б.Нямбууг эсэргүү болсныг сонсоод "Хачин юм даа. Манай аймгийн намын дарга байсан. Сайн л хүн байсан даа” гэж хэлээд намын эсрэг бүлгийн хань хамсаатан болж Өмнөговьд цөлөгдсөн аж.
Д.Чогсомыг Лоохуузтай аспирантурт хамт суралцаж байсан юм чинь хань хамсаатан нь заавал мөн гээд намаас хөөж, Түмэнцогтын САА-д тоо бүртгэгчээр цөлж, улмаар өө сэв эрсээр ажил тасалсан өчүүхэн шалтгаар шоронд хийж санаа нь амарчээ.
А.Отгонбаярыг намаас хөөж, Зэлтэр нутагт гэр бүлээр нь цөлөхдөө НХШХ дээр хэдэн уяны ноход байцаав. Ж.Жамъян генерал "Дэлхийн коммунист хөдөлгөөний шалгарсан гарамгай удирдагч... Цэдэнбалыг шүүмжлэх санаа яаж төрөв? Хэрэв үүнээс чинь болж эрүүл саруул бие сэтгэл нь муудвал Монголд ямар их хохирол, уй гашуу учрахыг төсөөлж байна уу?” гэгчлэн бялдууч зангаргаараа баадуурчээ.
Б.Нямбуутай хамт Москвад суралцаж байсан нэг ангийн 20 хүнээс 19-ийг нь, өөр ангиудаас З-ыг нийт 22 шилдаг сэхээтнийг хоморголон баривчилсан юм. Архангай аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга байсан Г.Чойжоохүү Б.Нямбуутай хамт суралцаж байв. Түүнийг "хадны завсар хавчуулсан халиуны зулзага хөөрхий” гэж дууллаа, хад нь юу вэ, халиуны зулзага нь хэн бэ? гээд хэлмэгдүүлжээ. Б.Нямбуу өгүүлсэн нь: Миний сайхан нөхөд надаас болж хэлмэгдсэн. Тэдэнд маань ямар ч буруу байгаагүй... тэд маань тухайн үед арга хэмжээ авагдаад зогсоогүй, байнгын хараа хяналтад орж мөрдөгдөж, хавчлага шахалтад байж гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд нь хүртэл давхар хохирч зовж зүдэрсэн ч "чамаас боллоо” гэж хэн нь ч хэзээ ч хэлээгүй, тэгж бодоо ч үгүй. Одоо тэднээс маань амьд сэрүүн үлдсэн нь надтай гурван л хүн байна. Бие сэтгэлийн их зовлон туулж олон нас хорогдсон доо” гэх гашуун дурсамжаа ардчиллын буянд хойч үедээ үлдээжээ.
2008 оны 7-р сарын 1-ний үймээнээр 4 залууг хэн буудчихав аа? Цагдаа буудаагүй, цагдаагийн дарга нар буудах үүрэг өгөөгүй. Ер нь буудах тушаал хэн ч өгөөгүй гэж байдаг. Гэтэл 4 хүн араасаа буудуулаад үхсэн байдаг. Онц байдлаар хатуу чанга чандалсан хориотой бүсэд хурц гэрэлтэй хар машинаар хүн хөөж буудаад явсан хүмүүс бол О.Магнай Ж.Батзандан Б.Жаргалсайхан, тэр ч бүү хэл, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан гэх цуурхал дэгдээж, цагдаа нарын ар гэрийнхнийг турхирч буй Ю.Цэдэнбалын угшилтай хэлмэгдүүлэгч шүд зуун, байж ядна. Тэр бээр машинаар хүн хөөж буудсан хэрэгт Магнай Батзандан нарыг унагаж эс чадвал харь гаргийнхныг ичнээ хэлмэгдүүлээд 7-н сарын 1-ний хэргийг замхруулахыг санаархаж байхдаа ч сийхгүй амьтан. Ямар ч гэсэн Ю.Цэдэнбалын үеийн хэлмэгдүүлэгч бидний дунд байгаа нь ийнхүү мэдрэгдэв. Дураараа хэлмэгдүүлж чадаагүйдээ тэр бээр багтарч үхэх гэж байна. Олон намын тогтолцоо, парламентэт ёс, эрх чөлөө, ардчилал хэлмэгдүүлэгчийн гар хөлийг баглаж бухимдуулна. 90 оны ардчилсан хувьсгал бидэнд бас ч гэж юм өгчээ. Хар машинтай алуурчдыг онц байдал зарласан хориотой бүсэд нэвтрүүлж, тэдэнд хүмүүс рүү буудах боломж онц байдлын штабын дарга Ц.Мөнх-Оргил олгосон хэрэг үүснэ. Машинтай алуурчид баригдвал Ц.Мөнх-Оргил ял сонсож таарна. Хурц гэрэлтэй хар машинаар хүмүүс хөөж буудаад явсан гэж бүр харсан мэт ярьдаг хүмүүсээс тодруулга нийтийн өмнө авах сан.
Цэдэнбалч ааг омог нь багтаж ядаж явсан Ж.Жамъян генерал 1990 онд АИХ-ын чуулган дээр "Монголд өлсгөлөн зарлах гэдэг адал муухай явдлыг одоо үзэж байна. Ийм балмад этгээдүүдийг зэвсгийн хүчээр дарах байсан юм” гэж орилж байв. "Улс төрийн янхнуудыг шоронд хатаавал таарна. Эд нарыг тонилгочиход бөөснөөс нь өөр гомдох амьтан байхгүй” гэж Лоохууз Нямбуу нарыг үзэн ядаж, Цэдэнбалд бялдуучилж асан сүржин эр дараа нь өөрөө Цэдэнбалд хэлмэгдүүлээд цөлөгдсөн гашуун түүх бий. Хожим нь тэр баатар ардчилал эхлүүт улс төрийн хэлмэгдэгчдийн холбооноос "амьдралыг минь харж үзэж туслаач, намайг элсүүлж аваач” гээд бөхөлзөж явжээ. Ю.Цэдэнбал "дайны үед бусдад нь дохио санамж болгож дивизээс ганц нэг хүнийг нийтийн өмнө бууддаг ёс бий. Түүнтэй адил одоо болохгүй байгаа зарим хүмүүс дээр ийм арга хэрэглэнэ” гэж шууд хэлж байсан удаатай гэх дурсамж уншаад айх шиг болов. Намын эсрэг бүлгийнхнийг залхаан цээрлүүлэх тухайд ЗХУ-аас дэмжлэг эрсэн. Ерөнхий прокурор Руденког урьж ирүүлсэн байдаг. Руденкотой манай удирдагчид 8 өдөр зөвлөлджээ. Аз болоход 1965 оны Руденко, 1937 оны Фриновский биш байсанд Ю.Цэдэнбал сэтгэл дундуур үлдсэн юмсанж.
Дээрх баримтуудыг судлаач түүхч С.Баатарын "Эх орончид ба Цэдэнбал” хэмээх түүхэн үнэнийг буйртай шинжилж, гүн гүнзгий, ухаалаг дүгнэлт хийсэн номноос авлаа. Энэ номыг уншвал дэндүү дур зоргоороо болсон хүн хэрхэн муухай эвдэрч, шударга нөхдөө өрөвдөх өчүүхэн ч сэтгэлгүйгээр харгисладгийг мэдрэх болно.
Бүх эрх мэдэл нэг хүнд буюу хэсэг бүлгийн гарт бүрэн мөсөн шилжвэл хууль аяндаа нөлөөгүй болдгийг Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын дураараа дургисан намтар дурайтал харуулж буй. Хэлмэгдлээс болгоомжилж, сургамж авахын хамт "шинэ үеийн хэлмэгдэл гаарлаа” гэх зальжин дайралтад шантралгүй авилга луйвар хулгайг эцэслэн шалгаж, үнэн худлыг нийт олонд дэлгэх хэрэгтэй. Эс тэгвээс шударга ёс ялахгүй. Шударга нь шударга бусдаа хаа сайгүй ялагдаж буй өнөөгийн нөхцөлд олны тэмцэл мохож байна. Энэ бол маш аюултай. Олны тэмцэл цөхөрвөл толгойд ассан олигархиуд дархлаажна. Эдүгээ тэдний хулгай луйврыг сөхвөл "орчин үеийн хэлмэгдэлд бид өртлөө” хэмээн орилж, олноор өрөвдүүлж, ялнаас мултарч, гавъяатан болж мандана. Газрын наймаагаар асар их авилга авч сонгуулийн сурталчилгаа хийнэ, цалингаараа хэзээ ч босгож чадахгүй тансаг харш авилгын мөнгөөр бариулна, татвар төлөгчдийн мөнгөөр баяжина, нэг үгээр, төрөөс төрсөн тэрбумтнууд хулгай луйвраа хөндөгдвөл уснаас хуурай гарах гэж телевизээр ичих ч үгүй хэлмэгдэж буй шударга эх орончийн эмгэнэлт дүр эсгэнэ. Энэ бол хэлмэгдэл биш ээ. Булхай нь үнэнд гүйцэгдээд мэлзэх үггүй болж тэвдсэн нэг нь сүүлийн үед "хэлмэгдэл” гэж чангаар орилж, олныг төөрөгдүүлж буй. Тэр бээр хэлмэгдэгч бус хэлмэгдүүлэгч болохыг түүний хууль бус олон үйлдэл баттай илчилдэг. Хэлмэгдэл хоёр талын аюултайг мэдэж ав. Нэгд, гэмгүй нэгнийг гүтгэж хэлмэгдүүлнэ, хоёрт, гэмтэй нэгэн гэмээ хэлмэгдүүлэл гэж бухаад ял завшина. Хоёр дахь нь манайд хүчээ авчээ. Хүчжиж буй энэ бусармаг явдалтай шударга ёс тогтоохыг мөрөөдөгч хүн бүр эцсээ хүртэл тэмц. Ялалт та нарын талд гэдэгт итгэ. Та нарын амжилтаар эх орон сайхан болно. Тэмцлээ 2012 оны сонгуульд санал өгөхөөсөө эхэлье.
2012-04-06
dorjgotov.niitlelch.mn