| |
Видео
Шинэ мэдээ
Г.Мэнд-Ооёо: Нутгийн нэгээхэн чулуунд уул, ус нь багтаж байдаг
Соёл, яруу найргийн академийн тэргүүн, Монгол Улсын Соёлын гавьяат
зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёотой ярилцлаа.
-Соён гэгээрүүлэгчид XVIII зууны үед Европт хүчтэй байсан гэж
хичээл заалгаж байсан санагддаг. Тэгвэл Монголд соён гэгээрүүлэгчид
хэдийд бий болсон бэ?
-Монгол Улс мандан бадарсан түүхийнхээ мөчлөг бүрт өөрийн соён
гэгээрүүлэгчтэй байсан нь мэдээж. Ер нь улс орныг сайн жолоодогчоос
гадна эрдэм оюуны мэргэд нь хөтөлж явдаг болов уу. Юань гүрний их мэргэн
бандида Чойжэ-Одсэр, Хөх хотын Гүүш цорж, халхын Өндөр гэгээн
Занабазар, Цахар гэвш Лувсанчүлтэм гээд олон мэргэдийг нэрлэж
болно.Говийн ноён хутагт Данзанравжаа байна. Тэр зүгээр нэг хурлын лам
байгаагүй. Алслагдсан бөглүү говь нутагт бүтэн сараар үргэлжилдэг
жүжигтэй театр байгуулж, саяар тоологдох номтой номын сантай, иргэний
боловсрол олгодог сургуультай, бясалгалын дэг горим бүхий оюуны төвийг
байгуулж, олон тэмээн хөсгөөр аялан явж, дуу хуур, жүжиг наадмаар хөдөөг
гэрэлтүүлж байсан үйлсийг соён гэгээрүүлэх үйлс гэхгүй бол өөр юуг
хэлэхсэн билээ. Яг бидний цаг үед ойрхоноос нөлөө үзүүлсэн нь
Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин нар. Тэднийг шинэ
цагийн соён гэгээрүүлэгчид гэж зүй ёсоор нэрлэнэ. Тэд нар уламжлал, түүх
соёлын асар их өвийг өнөөгийн бидний мэдлэг оюунд юүлж өгсөн ачтанууд.
Ялангуяа монгол бичгээсээ алслан холдсон он жилүүдэд тэд л эртний үе рүү
газарчилж, биднийг өв соёлтой минь холбож байсан шүү дээ. Одоо ч гэсэн
уугуул монгол бичиггүйчүүд маань тэдний зохиол бүтээлээр гүүр хийж
соёлыг амталж байна л даа.
-Таны соёл судлалын номуудыг уншиж байлаа. Тэгээд Монголын
уламжлалт соёлын олон зүйлийн үнэт өвийг цуглуулж, хадгалж, судалгааны
эргэлтэд оруулж, үнэ цэнийг нь өргөж яваа бичиг, соёлын нэг гол хүн
таныг гэж боддог. Тийм болохоор соёл судлалын бүтээлийнхээ талаар ярина
уу?
-Соёл судлалын талаар бол ярих юм миний хувьд бага талдаа.
Мигжэджанрайсиг хөтөлбөрийг гардан хийж хэрэгжүүлсэн түүхээр бичсэн
"Билгийн мэлмий нээгч” ном маань соёл судлалын нэгэн цаг үеийн толь юм
даа. Сүүлхэндээ "Дарьганга мөнгөн урлал”, "Дарьганга ардын аман зохиол”,
"Дарьганга өв соёл”, Сувдан сондор хөтөлбөрийн эрдэм шинжилгээний
цувралууд бол миний энэ салбарт хийж буй ажил бүтээлийн хэсэг мөн.
Монголынхоо, тэр тусмаа нутаг усныхаа түүх соёлыг судлах гэсэн эрмэлзэл
маань нэг талаас миний өөрийн уран бүтээлийн үр үндэс суурь судалгаа нь
байдаг юм. Үндэсний сэхээтнүүд өөр өөрийн нуга жалгаа судлаад байхад л
бүгд нийлээд Монголын хавтгай дээрх том судалгаа болж нийлнэ шүү дээ.
Тэгэхээр миний соёл судлал, уран бүтээлийн маань эх ундарга хоёр бол нэг
голын хоёр салаа юм.
-Та "Алтан овоо” гэдэг туурвилдаа том дуугаръя гэвэл нутгаа
дуул, том харагдъя гэвэл жалга довоо дүрсэл, дэлхийд гаръя гэвэл улс
нутагтаа хайртай бай гэснийг уншсан юм байна. Та тэр санаагаа
тайлбарлана уу?
-Уран бүтээлийн нэг нөхөр маань миний өмнөөс нэгэн үгүйсгэгчтэй
маргалдсан тухайгаа надад сонин болгож ярьсан юм. Тэр нөхөр "Танай
Мэнд-Ооёогийн зохиолын сэдэв энүүхэн Дарьгангаасаа холдохгүй, сайн л бол
хойшоо Эрээнцав, баруун тийшээ Хамарын хийдээс халихгүй байж юуных нь
дэлхий мэлхий байх билээ. Жалгын л зохиолч шүү дээ” гэсэн юм билээ.
Нэгэн бодлын ч үнэн л үг. Гэхдээ тэр хүн дэлхийг л бичвэл, томоор л
дуугарвал дэлхийн зохиолч болно гэж эндүү бодоод явдаг юм байна л даа.
Жалга довоо бичсэн миний бүтээлийг яагаад дэлхий судлаад орчуулаад
анхаараад байгааг анзаарах хэрэгтэй гэж би шавь нартаа хэлдэг юм.
-Дэлхий судлаад орчуулаад гэснээс үүдээд асуухад саяхан таны Унгарт очсон нь үүнтэй холбоотой юу. Энэ талаар сонирхуулаач?
-Сүүлийн жилүүдэд миний уран бүтээл дэх монгол язгуур, соёл,
нүүдэлчдийн уугуул мэдлэгтэй холбоотой сэдвээр хэд хэдэн томоохон
сургууль урилаа. Тухайлбал, 2011 онд Америкийн Стэйнфорд их сургууль,
Калифорни Берклей их сургууль, 2012 онд Филиппиний их сургууль, 2013 онд
Японы Кеорицу их сургуульд очиж лекц уншиж уран бүтээлийнхээ сэдвээр
ярилцлаа. Английн судлаач Вэкхам Смит "Г.Мэнд-Ооёогийн Алтан-Овоо
туурвил дахь хүн байгалийн харилцаа” гэсэн сэдвээр Вашингтоны их
сургуульд докторын зэрэг хамгаалсан. Ричард Ирвэнь миний уран бүтээл дэх
гол усны сэдэв буюу байгаль дахь ус ба хүмүүсийн харилцааны сэдвээр
хийх төсөлдөө хамтран ажиллахын урилаа. Хамгийн сүүлд Унгар улсын
Шинжлэх ухааны их сургуулийн зуны сургуульд оролцоод ирлээ.
Тус сургуулийн монгол судлаач багш оюутан аспирантууд, профессор Агнеш
Бирталаны удирдлагаар миний 20 гаруй зохиолын орчуулга дээр ажиллажээ.
Голдуу нүүдэлчний ахуй, монгол сэтгэлгээний өв уламжлалаас сэдэвлэж
бичсэн зохиолуудыг маань сонгосон байна. Лакителек хэмээх аглаг тосгонд
Ардын сургууль нэртэй байгууллагыг үүсгэн удирдаж буй хүн нь эдүгээ
Унгарын парламентын дэд ерөнхийлөгч Лежак Шандор гуай юм байна. Түүний
ярьснаар нүүдэлчин гаралтай унгарчууд уугуул соёл, мэдлэг уламжлалаа
сэргээхэд язгуурын хэлхээ холбоотой Монголын уран зохиолоор дамжуулан
суралцах боломж байгааг олж харсан гэж байна. Миний зохиолын орчуулга
дээр ажиллангаа залуу судлаачид нь монголоос орчуулах дадлага эзэмшихийн
хамт манай нүүдэлчдийн соёлын үнэт зүйлтэй танилцах, монгол хэлний
мэдлэгээ баяжуулах, сэтгэлгээний онцлогыг мэдэх гээд л сонирхолтой, бас
санаа авууштай төсөл байна лээ.
-Таны ямар ямар бүтээл дээр ажиллав. Орчуулсны дараа ном болгож хэвлэх үү?
-Миний "Алтан-Овоо” туурвил дахь бэсрэг өгүүллэг, эсээнүүд болон
сүүлийн үеийн шүлгүүд. Бас "Гэгээнтэн”, "Шилийн богд” роман дээр
ажилласан. Сая гэхэд "Шилийн богд” романы тэргүүн бүлгийг орчуулж
дуусгалаа. Зохиолчийг нь байлцуулж орчуулга дээр ажиллах нь сайн
туршлага гэлтэй. Тус сургуульд багшилж байгаа манай хэл шинжлэлийн
эрдэмтэн Д.Бадамдорж миний зохиолын хэл найруулгын талаар лекц уншиж,
орчуулгын ажилд нь тайлбар хийж тусалсан. Өнөө намар орчуулсан
бүтээлүүдээрээ тусгай ном болгон хэвлүүлэх юм билээ. Монгол хэл соёл,
өвгөдийнхөө өв уламжлалыг зохиол бүтээлдээ тээж яваагийнхаа буянаар л
ингэж явна даа.
-Дарьганга мөнгөн урлал гэж Монголын бие даасан том соёл бий. Энэ тухай таны ном бүтээл бас олон бий дээ?
-Дарьганга мөнгөн урлалын угшил нь үр үндэс нь манай нутаг дахь олон
үеийн соёлын дурсгал юм. Айл бүхэнд хүүхдийн тоглоомын сан дотор морь
тэмээний дүрсээс эхлээд онго шүтлэгийн бэлгэдэл хүрэл олдворууд элбэг.
Хонины бэлчээрт хүн чулуун хөрөг олонтаа таарна. Эртний урлагийн ийм
дурсгалуудын дунд өссөн хүн ур дархаар оролдохдоо мөнөөх язгуур
соёлоосоо шууд л суралцаад уламжлаад баяжуулаад л эхэлнэ. Алдарт
дархчууд ингэж тодорсон. Миний үеийнхнийг өсч бойжсон цаг бол Дарьганга
мөнгөн урлалын соёлын цэцэглэлтийн үетэй таардаг. Ёроолдоо луу хөдөлдөг
мөнгөн аяга бол айл бүхэнд л байсан энгийн хэрэглээ. За тэгээд эмээл
хазаар, хэт хутга, хормойн боолт. Түүний уран тод, уянга төгс найрсал нь
үнэхээр гайхалтай. Дарьганга мөнгөн эдлэлийн ур хийц нь хожим
Д.Нямсүрэн, О.Дашбалбар биднүүсийн яруу найргийн урлахуйд нөлөөлсөн юм.
Уугуул соёл ийм л байдлаар удамшдаг. Миний хувьд судалгааны хэд хэдэн
бүтээл бий. Бас зурагт цомог ч гаргасан байгаа.
-Хэзээ билээ дээ. Та дэлхийн утга зохиолын томоохон шагнал хүртсэн. Тэр үед таны бүтээлийг үнэлсэн гол цөм нь юу байсан бол...?
-Энэ бол миний хариулах асуулт биш байх аа.
-Тийм ч байж болох. Тэгвэл уншигчдад тустай байх гэсэн үүднээс
би уншсан мэдснээ хэлье л дээ. Дэлхийн яруу найргийн наадмаас таныг
тэргүүн шагнал хүртсний дараа Яруу найргийн дэлхийн шилдэг анталогид
Михай Эменискюүгийн Академийн ерөнхийлөгч Шон Десконескү гэдэг хүн
Мэнд-Ооёогийн яруу найраг үнэнхүү үнэ цэнтэйгээр уншигчдад яруусал
мэдрэмж төрүүлж, сэтгэлийн утсыг хөндөж чадснаараа онцгой байдаг юм
гэсэн бол Сенегалийн яруу найрагч, Францын Академийн шагналт Анаду Ламен
Солл гэгч Г.Мэнд-Ооёогийн яруу найргийг уншихад нэвчин урсах гоёмсог
хүчирхэг чанар нэг дор хурсан учир түүний шүлэг, найргаас ганц ч агшин
нүд салгаж чадахгүйгээр бүрэн автав гэж үнэлсэн тухай уншсан юм байна?
-Ер нь гадаадын зохиолч судлаач олон хүн үнэлэлт, дүгнэлт өгч байсаан.
Түүний заримыг нь олж үзсэн, сэтгүүлч танд талархаж байна.
-Таны номын сан нэлээд баялаг бололтой юм. Олон төрлийн ном байдаг уу?
-Оюутан цагаасаа л ном цуглуулсан. Уранзохиол , түүх соёл, шашин,
шинжлэх ухааны гэсэн дөрвөн ай сав номуудтай. Байр сууцны нөхцөлөөс
болоод ихэнх ном маань агуулахад хураалттай байгаа. Чадвал нэг номын сан
байгуулаад нийтийн хүртээл болгочих юмсан гэж боддог. Саяхан Б.Бааст
гуайнд очлоо. Маш ховордсон, Улсын төв номын санд ч байхгүй номууд тэнд
байна. Засаг маань өвгөн зохиолчийнхоо амьдралын нөхцлийг нь сайжруулж
өгөөд номын өвийг нь залгамжлан авч болно шүү дээ. Ерэн есөн онд би
Германд очиход Бонн хотод алдарт зохиолч эрдэмтэн Б.Хайссиг гуайтай
уулзаж байсан. Америкийн нэг залуухан эрдэмтэн түүнд нэг сая доллар
урьдчилаад өгсөн аж. Өвгөн эрдэмтэн түүгээр нь хотын захад орон сууц
аваад биеэ сувилаад тохитой амьдарч байгаа гэж байв. Мэдээж одоо бол маш
баялаг цуглуулгатай Хайсиг гуайн номын сан Америк эрдэмтэн хүнийх
болсон байгаа л даа. Тэгвэл манай эрдэмтдийн номын сангууд юу болоо бол.
Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Х.Пэрлээ, Г.Жамсранжав, Х.Нямбуу тэргүүтэн
мэргэдийн сан алтны уурхай гэж хэлэх юм бол тэдний номын хөмрөг л байх
ёстой. Эрдэм оюуны мэргэдийнхээ өвийг үнэт эрдэнэс гэж ойлгох, түүнийг
хамгаалах ажлыг манай төр, засаг сүүлийн хорин таван жилд таг мартаад
оюуны үнэт зүйлсээ гарын салаагаар гоожуулсаар байна. Буянаа барж байгаа
нь энэ шүү дээ.
-Та шүлэг, зохиол бичихийн гадна хообий болгож юу сонирхдог вэ?
-Залуу байхад юм юманд санаархаж, оролдож явлаа. Сүүлхэндээ бол монгол
уран бичлэг буюу каллиграфийг шүтэж байдаг болсон. Энэ тухай хоёр,
гурван цомог гаргаж дээ.
-Та хэнийг их уншдаг вэ. Ямар хүний зохиол бүтээлийг гэсэн үг л дээ?
-Залуудаа бол С.Есенин, Р.Таагүр, Б.Явуухулан, Б.Инжинашийг байнга
уншдаг байлаа. Д.Нацагдорж, С.Эрдэнэ нарын хүүрнэл зохиол дахь яруу
найраглал бичлэгийн амтанд бол орсон гэж болно. Хожуухан
Данзанравжаагийн ном судрын амтанд шүтсэн тэгээд тэсэлгүй "Гэгээнтэн”
романыг бичсэн. Түүгээр улбаалаад буддын шашины нийтийн бус судруудыг
жаахан эргүүллээ. Сүүлийн үед бол голдуу шинжлэх ухааны ном л үзэж байх
шив дээ. Сая сэтгэгч Ч.Эрдэнийн "Чинад нууцын Монголын орон” нэртэй том
номыг уншлаа. Шинжлэх ухааны бүхий л мэдлэгийн хуримтлалын зах
хязгааргүй их өв санг цэгцлэн хурааж, ертөнц тэргүүлшгүйгээс мэдээллийн
голчийг тэмтрэн барьж нэгтгэн дүгнэж гаргалгааг "хэлж” буй энэ том оюуны
уурхайгаа Монгол Улс ашиглах болов уу. Яадаг бол...?
-Таныг нутаг руугаа байнгын явамтгай хүн гэдэг. Тэнд очих
болгондоо шинэ юм олж мэддэг байх л даа. Таны Дарьганга, Алтан-Овоог
"гол баатар” болгосон бүтээлүүд зөвхөн нутгаа магтан дуулсан төдийгүй
өөр том санаа агуулсан байдаг шиг санагддаг юм?
-Тийм ээ. Анзаарсан бол миний "Алтан-Овоо” ном манай аавын гэрийн
хойморт шүтээн болон хэдэн үедээ заларсан бяцхан чулууны тухайгаар эхэлж
байгаа. Нүүдэлч малчин монголчууд нутгийн нэгээхэн чулуундаа уул, ус нь
багтаж оршдог гэж ойлгодог. Тэдний нэг нь миний аав байж.
Үүнээс улбаалж "Алтан-Овоо” бол энэ дэлхийн багасгасан биет юм гэсэн
агуулга бүтээлд маань бий. Би "Алтан-Оюооныхоо нэг чулууны тухай бичээд
эхэлтэл монгол орны хэмжээний өнгөрсөн, өдгөө үеийг бичих хэрэгтэй
болсон. Нэг нутаг усны түүх, улс үндэстний хийгээд дэлхий дахины үйл
явдалтай хамааралтай болсон юм даа. Атгын чинээ чулуунд дэлхий
багтдагийг ингэж ойлгосон доо. Олон жилийн өмнө "Дэлхийн бөмбөрцөг бол
нэг л бөөрөнхий чулуу юм” гэсэн шүлэг бичиж билээ. Өнөөдөр дэлхий
ертөнц, хүн төрөлхтөн нэгдмэл нэг л цул юм гэдгээ улам хүчтэй мэдэрч
байна шүү дээ. Саяхан Америкаас нэг уншигч маань ном авчирч бэлэглэлээ.
Үзвэл Далай ламын ном байсан. Ямар нэртэй гээч? "Дэлхий бол нэг л атом
юм” гэсэн нэртэй. Монголын хээр талын малчин өвгөн, Далай лам хоёр
дэлхийн тухай ойлголт яг таарч байгаа нь сонирхолтой байгаа биз дэ.
-Өнгөрсөн үеийн түүхийн гэрч болсон эд зүйлүүд байдаг. Түүнийг
цуглуулдаг хүн ч цөөнгүй юм билээ. Тэднийг соён гэгээрүүлэгчид гэж болох
уу?
-Цуглуулагчид хоёр ч янз байна. Үнэхээр түүх соёлоо гэх сэтгэлээс
цуглуулж түүндээ шимтээд судлаад туурвиад явдаг нэгэн байхад, мөнгөө
өсгөх эргэлдүүлэх зорилгоор авдаг, зардаг тэр нь хуучны эд зүйлс
цуглуулдаг мэт харагддаг хүмүүс бас бий. Хамгийн гол нь төр засаг өв
соёлоо цуглуулж хурааж чадахгүй байгаа үед энэ хэдэн цуглуулагч л
Монголынхоо баялгийг хамгаалж хадгалж байна уу гэж санагддаг. Соён
гэгээрүүлэгч гэж бүгдийг нэрлэх ч хаашаа юм.
-Шашныг нэг үе мухар сүсэг гээд тоодоггүй байлаа. Тэгвэл шашны
номлолд хүнийг гэгээрүүлэх, хүмүүжүүлэх их чадал байдаг гэдэг. Энэ
талаар таны үгийг сонсмоор байна...?
-Хуучин тогтолцооны үед шашин хэмээх үгийг хий хоосон мунхруулга, үзэл
суртал гэсэн санаагаар хэрэглэсээр байгаад язгуур утгыг нь бүдэгшүүлээд
нэг л тиймхэн байдлаар ойлгодог болчихсон юм. Уул нь бол өнө эртнээс
чинад нууцын эх сурвалжаас үүдэлтэй төгс гэгээрэл оюуны асар их өвийг
боловсруулаад гэтэлж уламжлан дэлгэрүүлсэн мэдлэг ухааны цогцыг Буддын
шашин гээд байгаа юм л даа. Ном, сургааль, зарлиг гэсэн утгатай самгарди
үг л дээ. Агуу их А.Эйнштэйн Буддын шашныг хамгийн шинжлэх ухаанч гэсэн
нь учиртай үг шүү. Өдгөө цагт Буддын мэдлэгийн гүн үндэс нь орчин үеийн
квант физикийн ойлголтой тулж ирж байна. Өөрөөр хэлбэл шашин, шинжлэх
ухаан нэгдэн нийлэх тийшээ явж байгаа гэж судлаачид бичих боллоо.
-Шинжлэх ухааны ололт, оюуны их хүчийг зөв ашигласан, түүх соёл
дээдэлдэг улс орон хөгждөг гэсэн ойлголт бий. Тэгвэл манай улсад тэр
бүхнийг орхигдуулаад байгаа гэх хүн олон байдаг юм?
-Манай өнөөгийн төр засгийн соёлын бодлого ямар ч барьцгүй байна. Соёл,
аялал жуулчлалын яам гэж байгууллаа. Түүнээ тараагаад буцаад
боловсролтойгоо нийлүүллээ. Яам ч яамай, байшин нь суларч ашгүй нэг
номын сан ч юм уу, музей орон байртай болох нь гэтэл нэг банкинд
зарчихлаа. Гэтэл цаана нь музей, номын сан нь байрны хомсдолтой, шинээр
хийх газар ч үгүй, мөнгө ч үгүй л гансарч сууна. Өнөөгийн Засгийн газар
маань "Эдийн засаг, эдийн засаг гээд л түүнээс өөр юу ч хийхгүй юм шиг
байна. Соёл урлагийг дэмжих сан гэж байлаа. Татан буулгаад мөнгийг нь
буцаагаад татчихаж. Гэтэл эсрэг талд нь Худалдаа хөгжлийн банкны их
аятайхан байшин байлаа. Төрийн шагналт архитекторч Г.Лувсандоржийн
бүтээл л дээ. Харьцангүй "гоё” байшинг нураачихлаа. Манай засаг, хувийн
банк хоёрын аль нь баян юм бэ, мэдэхгүй, ийм засагтай үед аж төрж байна
даа.
-Таны санааг баяжуулж хэдэн үг хэлмээр санагдлаа. Гадаадынхан Монголд
ирээд заавал очиж сонирхдог газар "Байгалийн түүхийн музей” байсан.
Гэтэл одоо нас нь гүйцсэн өвгөн байшин нь өөрөө музей болоод овойж
байсаар удлаа. Бас нэг том яриа бий. Наймаачдын гараар орсон нэг
гүрвүүлийн ясыг авчраад одоохон "Үлэг гүрвэлийн музейтэй болно” гэж
хөөрсөн. Тэр нь одоо байхгүй. Лениний музей байсан байшинд нэг удаа тийм
хаяг хадаж үзсэн. Түүнийг нь нөгөө "улстөржилт” гэдэг хуй салхи хуулаад
хаячихсан. Монголын соёлын бодлогын үнэн нүүр царай ийм л байгаа.
Д.ЦЭРЭННАДМИД
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин