| |
Торгуулиар шийдсэн төрийн халаас зузаарах болтугай!!!
Засаг төр маань иргэдийн халааснаас төрийн алдангаа бодож эхэллээ. Шуудхан хэлэхэд үнэндээ ийм л байна. Хоёр хоногийн өмнө зам тээврийн шинэхээн хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор иргэд ардчилал хэмээх зүйл манай улсад байгаа юу гэдгийг эрх баригчид болон Ардчилалын алтан хараацай гэж хоолой мэдэн хашгирч, цээж дэлдэх дуртай нөхөр хотын дарга Э.Бат-Үүлээс асуухыг хүсэж байгаа гэхэд мөрийцөхөд ч бэлэн байна.
Ардчилал, зах зээлийн нийгэмд зарим иргэд машинаараа халтуур хийж өдрийн хоолны мөнгийг залгуулдаг гэхэд л болно. Гэтэл олсон хэдэн төгрөгийг нь ТОРГУУЛЬ бас ДАХИН ТОРГУУЛЬ гэсэн зарчмаар халааснаас нь авахаа төр мэдсэн. Аргачилал ердөө л амархан байсан. Зам тээврийн хуулиа чангалж байгаа нь энэ гээд л торгуулиар бүхнийг шийдэхээр болгочихсон.
Мөн үүнийг дагаад явган зорчигчид ч нэрвэгдсэн яваа. Явган хүний замаар л иргэд гарах ёстой хэрвээ гарцгүй газраар гарвал 19200 төгрөгийн торгууль төлнө. Ингэхээр нэгэн сонирхолтой гаргалгаа гарч ирж байгаа юм. Өнөөдөр манай улсын нийслэл Улаанбаатар хотод замын тэмдэг тэмдэглэгээ ямар байдаг билээ. Санахад илүүдэхгүй л болов уу. Тодруулбал Төрийн ордоны зүүн тал руу гарах хаалганы тэнд ямар нэгэн гарц тэмдэглэгээ байдаггүй. Гэтэл төрийн ордонд суугчид гарч Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн тэнд очиж хоол идэхийн тулд МУИС-ын урд талын гарц руу алхах хэрэгтэй, эсвэл урагшаа талбайн гарцаар л гарах хэрэгтэй. Ингэхийн тулд иргэдтэйгээ хөл нийлүүлэх шаардлагатай болно. Гэтэл ард иргэд хэмээх хадны мангаанууд тэднээс өмнө өгч байсан амлалтыг нь нэхээд эхлэвэл яах уу. Үүнээс айж таарахгүйн тулд хоолны газар руу машинтайгаа явах уу Ингэхээр бас л өнөө төрийн төсвөөс гарах мөнгө нь ихсэх болно.
За энэ ч яахав. Зам тээврийн шинэчилсэн хуулиар эхний өдөр л ард иргэдийн халааснаас 41 сая 68 мянган төгрөг гаргаж чадсан төр удахгүй унасан эдийн засгаа сэргээн босгочих байх. Яагаад гэвэл эдийн засгаа сэргээж өмнө авсан зээлнүүдээ төлж чадахгүй болчихсон байгаа учраас л ард иргэдийн халааснаас зээл төлөх мөнгөө гаргах эсвэл удахгүй болох сонгуульд хэрэглэх мөнгөө гаргах гэж энэхүү хуулийг яаран сандран баталсан гээд хэлчихэж болно. Ердөө л иргэдээ шулж эдийн засгаа өргөх гэсэн эрх баригч нарын хийж байгаа хуулиар далдалсан боловсон дээрэм гэж үүнийг хэлнэ.
Эх сурвалж: www.bolod.mn
ЧОЙ