| |
Иргэд өндөр тарифаар цахилгааны төлбөрөө төлж байна гэв
Ус, дулаан, цахилгаан түгээх байгууллагуудад ШӨХТГ-аас шалгалт хийж хэд хэдэн зөрчлийг илрүүлжээ. Тодруулбал, газрын гэрчилгээгүй иргэдтэй "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК гэрээ байгуулдаггүйгээс хэрэглэгчид өндөр тарифаар цахилгааны төлбөр төлж байсан нь илэрсэн байна. Өөрөөр хэлбэл газрын өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ болон үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээгүй иргэдтэй гэрээ хийхгүй гэж УБЦТС татгалздаг байжээ. Улмаар нэг тоолуурт хэд хэдэн айл холбогдож цахилгаанаа авдаг. Энэ нь эргээд хэрэглээний төлбөр нь 150 кВт-аас илүү гарч, өндөр төлбөр төлөхөд хүргэдэг гэнэ. Мөн шинээр баригдсан орон сууцны цахилгаан эрчим хүчний борлуулалтыг хүлээлгэж өгөөгүйгээс болж иргэд аж ахуйн нэгжийн үнэ тарифаар цахилгааны төлбөрөө төлж, хохирох тохиолдол их гарчээ. Тодруулбал, "Ургах наран" хороолол, "Нүхт вилла" хотхон Баянгол дүүргийн зургадугаар хорооны байрны 12 айл ахуйн хэрэглээний цахилгаан аан-ийн тарифаар худалдан авч байна. Мөн УБЦТС ТӨХК-ийн гэрлийн байцаагч нар зарим сард газар дээр нь очиж тоолуурын заалтыг авалгүй таамгаар бичдэг. Ингэхдээ хэрэглэгчдийн хэрэглэсэн цахилгааны төлбөр сар бүр ижил гардаг болоод хугацаандаа бичээгүйгээс дараа сард нь тогны мөнгө нь хуримтлагдах зөрчлүүд нийтлэг гарчээ. Дээрх зөрчлүүдээ ирэх есдүгээр сарын нэгний дотор яаралтай арилгаж, хариу ирүүлэх албан шаардлагыг ШӨХТГ-аас УБЦТС ТӨХК-д хүргүүлжээ.
Т.Болор