|
Видео

Шинэ мэдээ

Угсраа автобус хөдөлгөөнд саад үүсгэж болзошгүй

Угсраа автобус хөдөлгөөнд саад үүсгэж болзошгүй

 

Угсраа автобус энэ сарын 15-наас нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Энхтайваны өргөн чөлөөнд давхцал ихтэй явдаг чиглэлүүдийг бууруулах юм. Одоогоор 19 чиглэлийн 350 орчим автобус Энхтайваны өргөн чөлөөгөөр зорчиж байгаа. Шинэ төлөвлөлтөөр 11 чиглэлд 25 орчим автобусыг Энхтайваны өргөн чөлөөгөөр явуулахаар төлөвлөж байгаа талаар нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдэгдсэн.

 

Иргэдэд үйлчилгээ хүргэх шаардлагатай таван цэгт шинэ чиглэл нээж, угсраа 20, дунд багтаамжийн 30 шинэ автобусаар парк шинэчлэлт хийж байна. Харин иргэдийн хувьд угсраа автобус үйлчилгээнд явж эхлэх гэж байгаа талаар төдийлэн мэдээлэлгүй байлаа. Тодруулбал, иргэдийн зүгээс угсраа автобус үйлчилгээнд явж эхэлбэл замын хөдөлгөөнд хүндрэл үүсгэнэ гэж ярьж байсан юм. Нийслэлийн Нийтийн тээврийн газраас угсраа автобус үйлчилгээнд гаргахтай холбоотойгоор нийтийн тээврийн одоогийн сүлжээг дараах байдлаар шинэчлэн төлөвлөөд байна.

 

Үүнд тойргоор явах чиглэлүүд буюу хотын баруун хэсгийн таван тойрог чиглэлд их багтаамжийн80 автобус, хотын баруун, зүүн хэсгийг шууд холбосон замын дагуу долоон чиглэлд их багтаамжийн 170 автобус, троллейбус, үүнээс угсраа автобус 20, хотын хойд, урд хэсгийг шууд холбосон замын дагуу дөрвөн чиглэлд их багтаамжийн 72 автобус, хотын алслагдсан баруун хэсгийн иргэдийг Таван шар Саппоро хүртэл, зүүн хэсгийн иргэдийг Офицеруудын ордон, "Дүнжингарав” худалдааны төв хүртэл богино эргэлтээр үйлчлэх зургаан чиглэлд их багтаамжийн 52 автобус, хот орчмын Шаргаморьт, Налайх, Өлзийт зэрэг 13 чиглэлд их багтаамжийн 68 автобус, бусад буюу хуучин маршрутаар үйлчлэх30 чиглэлд их багтаамжийн 500 автобус үйлчилгээнд явахаар төлөвлөж байна.

 

Үүнээс үзэхэд 950 орчим автобус иргэдэд үйлчилнэ. Харин одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд80 гаруй чиглэлийн 900 орчим автобус үйлчилгээнд явж байна. Гэтэл том оврын автобустай холбоотой гомдол их гардаг. Автобусууд буудал дээр 2-3 эгнээ болж замын хөдөлгөөнд хүндрэл учруулдаг, Мөн автобусны жолооч нар аваар осол их гаргадаг гээд дурдаад байвал олон сөрөг тал бий. Удахгүй замын ачаалал эрс нэмэгдэнэ. Аливаа улсын хөгжлийг харъя гэвэл замыг нь хар гэдэг. Гэтэл манай улсын дэд бүтэц, зам тээврийн хөгжил өнөөг хүртэл сул байгаа нь нууц биш.

 

Тэгвэл 18 метрийн урттай автобус нийтийн үйлчилгээнд явж эхэлбэл замын хөдөлгөөнд хэр саад учруулах вэ. Үнэхээр угсраа автобус нийслэлд нэн шаардлагатай байсан уу. Энэ мэт эргэлзээ дагуулсан цөөн асуултад Нийслэлийн тээврийн газрын олон нийттэй харилцах ажилтан Д.Болдоос хариулт авлаа.

 

-Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажил одоогийн байдлаар хэдэн хувьтай байна вэ?

-Парк шинэчлэлтийн ажлын хүрээнд угсраа автобус, дунд болон их багтаамж гэсэн гурван багц сонгон шалгаруулалт зарласан. Их багтаамжийн сонгон шалга руулалтын ажил зарим нэг шалтгааны улмаас эхлээгүй байна. Дунд багтаамжийн автобусны сонгон шалгаруулалтад "Hyundai” компани шалгарсан байгаа. Угсраа автобусны үйлчилгээ явуулах тендерт"Маз” компани шалгарсан.

 

-Одоо явж байгаа автобусууд үйлчилгээнд хүрэлцэхгүй байсан юм уу?

-Солонгос улсад тав зургаан жил ашигласан автобус манайд үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс шинэчлэл хийж, гадны орны хөгжилтэй хөл нийлүүлэх хэрэгтэй. Тиймээс энэ автобусыг зайлшгүй оруулж ирэх шаардлага байсан. Хоёрдугаарт, угсраа автобус түлш хэрэглэлт, багтаамжийн хувьд давуу талтай. Беларусь улсын"Маз” үйлдвэр Монголын орчин нөхцөлд тохируулж үйлдвэрлэсэн. Тухайлбал, нэмэлт халаалт, кондейшн суурилуулснаас гадна цонхны хувьд хоёр дахин вакум жуулсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай суудалтай зэрэг давуу талтай.

 

-Маршрутын хувьд аль чиглэлд явах вэ?

-Энхтайваны өргөн чөлөөний чиглэлд явна. Үүнийг дагаад хоёр эргэлтийн чиглэлийн тойргийг өөрчлөх ажлуудыг давхар хийсэн.

 

-Тэгвэл тухайн чиглэлд явж байсан автобусуудыг яах вэ?

-Наймдугаар сарын 15-наас шинэчилсэн сүлжээт төлөвлөлтөөр явна. Аль ч чиглэлд чиглэлийн автобусны ачаалал их байдаг. Энэ сүлжээт төлөвлөлтөөрөө үүнийг багасгах ажил явуулна. Тэгэхээр Энхтайваны өргөн чөлөөнд олон чиглэлийн автобус явахгүй байхаар төлөвлөж байна.

 

Угсраа автобус замын хөдөлгөөнд хэрхэн нөлөөлөх, тэдгээр асуудлыг яаж зохицуулах талаар ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх олон нийтийн хэлтсийн мэргэ жилтэн цагдаагийн ахмад Я.Соронзонболдоос тодрууллаа.

 

-Угсраа авто бус зорчигч үйлчилгээний нэгтгэлийн харъяа. Зорчигчийн нэгдүгээр эгнээг чөлөөтэй байлгах талаар манайд албан бичиг өгсөн. Түүний дагуу бид тө лөв лөгөө гаргасан. Зорчигчийн нэг дүгээр эгнээгээр бусад төрлийн автомашиныг зорчуулахгүй байх зорилгоор хяналт шалгалт тавьж ажил-лахаар бэлтгэж байна. Гэсэн хэдий ч замын хөдөлгөөнд нөлөөлнө. Нэгдүгээр эгнээнд такси, хүн авах гээд зогсох эсвэл ямар нэгэн тохиолдлоор автомашин нь эвдрээд зам чөлөөлөх үүднээс нэгдүгээр эгнээнд зогсдог. Ийм тохиолдолд угсраа автобус гүйцэж түрүүлэх үйлдэл хийх, тойрон гарахад маш хүндрэлтэй. Гэтэл бусад эгнээ бас ачаалалтай байдаг. Хэрэв хоёр, гуравдугаар эгнээ чөлөөтэй байвал холоос ч гэсэн тойрох л байх. Харин бусад эгнээ ачаалалтай байгаа үед тойрох ямар ч боломжгүй.

 

Албаны хүмүүсийн байр суурь ийн хүү зөрүүтэй байгааг та анзаарсан байх. Товчхондоо нийс-лэлийн нийтийн тээврийн газраас угсраа автобусыг үйлчилгээнд явуулах нь олон давуу талтай гэсэн байр суурьтай байна. Харин ЗЦГ-аас угсраа автобусыг замын хөдөлгөөнд хүндрэл үүсгэж болзошгүй гэсэн болгоомжтой байгаа юм. ...Нэгдүгээр эгнээнд такси, хүн авах гээд зогсох эсвэл ямар нэгэн тохиолдлоор автомашин нь эвдрээд зам чөлөөлөх үүднээс нэгдүгээр эгнээнд зогсдог. Ийм тохиолдолд угсраа автобус гүйцэж түрүүлэх үйлдэл хийх, тойрон гарахад маш хүндрэлтэй. Гэтэл бусад эгнээ бас ачаалалтай байдаг. Хэрэв хоёр, гуравдугаар эгнээ чөлөөтэй байвал холоос ч гэсэн тойрох л байх. Харин бусад эгнээ ачаалалтай байгаа үед тойрох ямар ч боломжгүй...

 

М.Золжаргал


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler