| |
Видео
Шинэ мэдээ
Н.Ану: Ази, Европ охидыг харьцуулах хэрэггүй
-Сайн байна уу. "Утасны анд” холбогдож байна. Юуны өмнө дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох болсонд баяр хүргэе. Тэмцээнд өөрийгөө яаж сорьё гэж бодож байна?
-Дэлхийн мисс тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчийг тодруулах Монголын мисс тэмцээнд түрүүлсэндээ баяртай байна. Тэмцээнийг зургаан шалгуур үзүүлэлтээр явуулсан. Миний хувьд бүх үзүүлбэрт тэгш оролцох зорилго тавьсан. Дэлхийн мисс тэмцээнд амжилттай сайн оролцох болно.
-Хүчтэй өрсөлдөгч хэн байв. Өөрийгөө түрүүлнэ гэдэгт хэр итгэлтэй байсан бэ?
-Тэмцээнд хүн бүр ялахын төлөө ордог байх. Миний хувьд ч ялах зорилго тавьсан. Түүндээ ч хүрсэн. Хүчтэй өрсөлдөгч олон байсан. Гадаадад боловсрол эзэмшсэн, хувьдаа Төрийн бус байгууллагатай, нугардаг гэх зэрэг давуу талтай охид байсан. Харин миний хувьд бүх шалгуурт тэгш оролцож чадсан нь давуу тал болсон байх.
-Авьяас төрөлд таны үзүүлсэн үзүүлбэр нэлээд сонирхолтой байсан. Энэ үзүүлбэрээ хэр удаан бэлдсэн бэ?
- Би ШУТИС-ийг 2012 онд График дизайны мэргэжлээр төгссөн. Тиймээс зургийн мэдрэмж, авьяас бий гэж хэлж болно. Үзүүлбэрийн санаагаа 2013 онд олсон. Анх "Мисс Монголиа 2013 ” тэмцээнд бүртгүүлчихээд авьяас төрөлд юу үзүүлэх вэ гэж нэлээд бодсон. Зурдаг учраас зургийн үзүүлбэр үзүүлье. Гэхдээ юу зурах вэ гэж их бодсон. Гоо сайхан, миссийн тэмцээн учраас ямар үзүүлбэр бусдын сонирхлыг татах бол гэж бодсоны үр дүнд энэ санааг олсон юм.
Эмэгтэй хүн бүр уруулаа будахаар гоё харагддаг. Тэгээд гараараа бус уруулаараа, үнсэлтээр эффект гаргаж зурвал сонирхолтой юм гэж бодож, зурсан. Түүнээс хойш олон улсын 2-3 тэмцээнд энэ үзүүлбэрээ үзүүлсэн.
-Өмнөх жилийн дэлхийн миссийн тэмцээнд оролцогчдоос зөвлөгөө авсан уу?
- Яг одоо тэмцээнийхээ бэлтгэлд орчихсон байна. Мэдээж өмнөх оролцогчдоосоо асууж тодруулах, туршлага судлах зүйл олон бий. Өмнөх бүх миссүүдтэйгээ уулзаж, заавар зөвлөгөө авч байгаа. Өнгөрсөн жилийн мисс Т.Батцэцэг амжилттай оролцож эх орныхоо нэрийг гаргасан. Т.Батцэцэгээсээ урам зориг авч энэ тэмцээнд орохоор шийдсэн.
-Таны хувьд олон улсын миссийн тэмцээнд өмнө нь орж байсан туршлагатай. Монгол охид бусад орны охидоос хэл яриа, бие бялдарын хувьд ямар байдаг вэ?
-Монгол охид ямар ч тэмцээнд эн тэнцүү өрсөлддөг. Хэл яриа, бие бялдрын хувьд дутах зүйл байхгүй. Харин сайн үйлс тал дээрээ бага зэрэг дутмаг санагддаг. Түүнээс биш гоо үзэсгэлэн, алхаа гишгээ, тайзны болон бусадтай харилцах соёл дээрээ дутах зүйл байдаггүй.
-Манай миссүүдийг хэлний бэлтгэл муутай явсан байна. Асуултдаа хариулж чадахгүй байна гэсэн шүүмж их байдаг. Таны хувьд энэ талын бэлтгэлээ хэрхэн хангаж байна вз?
-Манайхан Ази охидыг Европ охидтой харьцуулаад байдаг. Америк, Англид төрсөн төрөлх хэл нь болсон хүмүүсийн ярианы акцент , өөр байдаг. Тиймээс Ази, Европ охидыг хооронд нь харьцуулах нь учир дутагдалтай санагддаг. Миний хувьд цаг байгаа учраас хэлний бэлтгэлээ шаргуу хийж байна. Бусдаас дутахгүй, ялгарахгүй байхын төлөө хичээх болно.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин