| |
Хэл сурахаар бүдэрч яваа нэгэнд
Хамгийн шилдэг арга нь тухайн хэлээрээ ярьдаг хүнд үнэн сэтгэлээсээ дурлах гэдэг юм билээ, энэ бараг ортой байх ! Үнэндээ тэгэж явах нь ч бас арай хайшаа юм ... Гэхдээ эндээс гол санааг нь малтаж болно. Аливаа зүйлд сайн суралцахыг хүсвэл үнэн сэтгэлээсээ дуртай байж, бүх цаг заваа зарцуулах хэрэгтэй гэсэн гол санаа нь бол нийлж байна.
Хамгийн анх би Солонгос хэл сурсан. Миний туршлагаас нэг зүйл суралцаж болно. Хэрэгцээ ! Надад хэрэгцээ байсан, хүүхдүүд онц авахын тулд шамдан суралцаж байхад би байрныхаа түрээсийг олохоор мэрийж байсан. "Энэ шуудайг тэнд аваачиж тавьчихаад ир” гэдэг үгийг ойлгож сонсож байж сая хүнд тоогдож ажил хийнэ, тэгээд би мөнгөтэй болно. Сурахгүй бол болохгүй, өлсөнө даарна, заавал сурах хэрэгтэй, маш энгийн … Үүнийг "Хэрэгцээ” гэнэ, тэгэхээр хэл сурахад хэрэгцээ чухал байх нь ! Чи Монголд боломжоороо англи хэл сураад байхад нэг л болж өгөхгүй байгааз ? Чамд бодит хэрэгцээ алга, алга ч гэж тээ уул нь бий гадаад руу сургуульд явдаг ч юм уу ямар нэгэн хэрэгцээ байж л таарна, чи ч түүнийгээ мэднэ, харин тэр хэрэгцээ чинь аминд тулсан хэрэгцээ биш байна, тэгээд чи хөдлөхгүй байна.
Холыг харсан хэрэгцээгээ аминдаа тултал түрүүлж мэдэр, сүүлд нь толгойгоо шаахгуйн тулд одоо эхлэ !
Дараа нь би Хятад хэл сурсан. Энэ удаад илүү чухал зүйл "Хэрэглээ” байсан. Би хэрэглэж эхэлсэн. Өдөрт нэг хичээл үзнэ, "Зочид буудал” гэдэг сэдэв үзсэн бол дэвтрээ аваад гудамжаар явна, дурын зочид буудал руу тууж орно … "Мама Папа маргааш ирнэ, надад 2 ортой өрөө хэрэгтэй” … Эхлээд хэн ч ойлгохгүй, гэхдээ тэдэнд мөнгө хэрэгтэй, тэдний хувьд би хүн биш "Мөнгө” ! Ингээд тэд надад ойлгуулахын тулд үнэгүй Хятад хэл зааж өгсөн, цаасан дээр бичиж зуран үг бүрийг тайлбарлаж өгсөн. Би харин өөдгүй хүн, нэг буудлаас гараад шууд хажуугынх руу нь орно … 5, 6, 7 буудал … Орой болно, давтсаар, сурсаар, хэрэглэсээр, сайжирсаар … Ингээд би хэнтэй ч зочид буудлын талаар ярьчих хурган хэлтэй болж орхино … Маш энгийн … Хэрэглэ, дахиад хэрэглэ, хэрэглээд л бай ! Тэгээд чи чаддаг болно.
Орчин байвал орчноо ашигла, орчин байхгүй бол орчныг бүтээ !
Сүүлийнх нь "Дурлал”. Би ангидаа ганцаараа гадаад оюутан нь байсан, өдөр бүр надад үнэхээр хүнд, стресстэй санагддаг байсан. Надад нэг Itouch байсан, би түүн дээрээ Friends гэдэг Америкийн олон ангит сериалыг бүгдийг нь хуулсан, өдөр бүрийн минь хамгийн жаргалтай мөч унтахынхаа өмнө үздэг байсан 24 минутын хөгжилтэй сериал … Тэд хэзээ ч асуудал ярихгүй, тэд үнэхээр хөгжилтэй. Ингэж би 2 жил тасралтгүй үзсэн, би үнэхээр дуртай байсан, нэг өдөр би Англиар ойлгоод байх шиг байсан, хичээгээд үзсэн чинь ярьж бас болж байсан.
Дурла, дуртай зүйлээ хийж хэвш, нэг л өдөр чадвар болно !
Эцэст нь хэлэхэд, хаана ч юун дээр ч зөв зүйлд ширэн нүүртэй байж сур ! Ичээд алдах боломж, ширлээд олох боломжийг хооронд нь харьцуулахад ямар ч туухай бидэнд хэрэггүй ! Хэнтэй ч өөрийгөө бүү харьцуул, зөвхөн өөрийнхөө чадах байсан боломжтой л харьцуул ! Чадах бүхнээ хийж байгаа бол мундаг, залхуурч хэвтсэн бол мулгуу тэгээд л болоо ! Юунаас ч битгий сүрд !
Би өөрийгөө дажгүй сургуулийг гайгүй төгссөн гэж боддог юм. Даанч манай ангийнхан төгсөлтийн баяраа хийж суухад мань эр Монгол улсад хөтөч энэ тэр хийчихсээн тууж явж … Тэгээд сүүлд нь албаар очиж 2000 төгрөгөөр энэ хувцсыг түрээслээд хүнээс гуйж байгаад өөрийгөө хэд авсийн, тэгснээ тэрийгээ өрөөндөө өлгөцөн, ооё тийм тэнэг ….
Ч.Ганжавхлан