| |
Аймгууд руу унтлагын автобус явна
Унтлагын автобусыг өдгөө Хөвсгөл-Улаанбаатар, Улаанбаатар-Хөвсгөл чиглэлд явж байгаа. Тэгвэл уг автобусыг бусад аймаг, орон нутагт явуулахаар болжээ.
Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэлтсийн дарга Ж.Энхбат нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Тодруулбал, тэрбээр "Эхний ээлжинд унтлагын автобусыг Хөвсгөл Улаанбаатар, Улаанбаатар Хөвсгөл чиглэлд нэвтрүүлсэн. Цаашид наймдугаар сард багтаад Улаанбаатар-Говьсүмбэр-Сайншанд-Эрээн, Эрээн-Улаанбаатар чиглэлд унтлагын автобусыг явуулахаар ажиллаж байна. Цаашид хот хоорондын бүх чиглэлд ийм үйлчилгээг явуулахаар төлөвлөсөн. Эхний ээлжинд Хөвсгөл аймаг руу унтлагын автобусыг туршилтын хоёр сарын хугацаанд явуулсан. Энэ хугацаанд иргэдээс ямар нэг гомдол ирээгүй. Харин ч энэ үйлчилгээг Өвөрхангай, Баянхонгор, Говь Алтай аймгууд руу нэвтрүүлэх хүсэлт ирсэн. Үүний дагуу тээвэрлэгч аж ахуйн нэгж компани руу хүсэлт явуулсан" гэжээ.
Мөн тэрбээр "Шийдлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 21 аймгийг хатуу хучилттай замаар холбох ажил багтсан. Энэ дагуу хатуу хучилттай замаар холбогдсон бүх аймгууд руу унтлагын автобусыг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна" хэмээсэн байна.