|
Видео

Шинэ мэдээ

Ургамлын тосны үйлдвэр нээлтээ хийлээ

 

Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу бидний хэлж заншсанаар Баруунхараад тослог ургамлыг боловсруулах бүрэн автомат үйлдвэр өнөөдөр нээгдлээ. Үйлдвэрийн нээлтэд Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, "Делта холдинг” группын захирал н.Мөнхжаргал, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, Баянгол сумын Засаг дарга Б.Энхбат, АН-ын Газрын дарга Б.Цолмонбаяр нар оролцлоо. "Делта холдинг” группын охин компани болох "Майнд тэч” компани энэхүү үйлдвэрийг ашиглалтад оруулж байгаа нь энэ юм. Үйлдвэрийг байгуулахад "Делта” группийнхэн өөрсдийн санхүүжилтээс гадна "Чингис” бондоос 22.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрээ бүрэн ашиглалтад оруулсан байна. Үйлдвэр ашиглалтад орсноор эх орны хөрсөнд ургасан тослог ургамлыг боловсруулж,  бидний өдөр тутмын хэрэгцээнд нийцэх, стандартын шаардлага хангасан эрүүл аюулгүй "Оргих” ургамлын тосыг гарган монголын зах зээлд нийлүүлж эхлээд байна. Түүнчлэн дан ганц ургамлын тос үйлдвэрлээд зогсохгүй рапсаас тосыг нь ялгаж яваад үлдэгдэл шаараар нь малын тэжээл, био дизель түлш зэргийг гаргаж байгаа аж.

 

 

Мөн орон нутгаас байнгын 60 ажлын байраар иргэдийг хангаж, улирлын чанартай 80 гаруй ажлын байранд орон нутгийн иргэдийг ажиллуулдаг байна. Тослог ургамлынхаа үрийг Герман улсаас оруулж ирж байгаа бөгөөд энэ нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, газрын хөрсөнд сөрөг нөлөөгүй. Өөрөөр хэлбэл, хятадуудын тарьж ургуулдаг, газрын хөрсийг үржил шимгүй болгодог үр биш гэнэ. Эдний оруулж ирсэн 1 тн үр нь 30 сая төгрөгөөр зарагддаг бол хятадуудын тарьж ургуулдаг үр нь 2 сая төгрөгөөр зарагддаг аж. Тиймээс чанарын хувьд маш сайн гэдгийг "Майнд тэч” компанийн Үйлдвэр хариуцсан захирал Н.Цэвээнсүрэн танилцуулав.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.