| |
68 байршилд дахин шинээр газар өмчлүүлнэ
Нийслэлийн Өмчийн Харилцааны Газар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн газрыг барьцаалж орон сууцны зээлд хамрагдах боломж олгох, Газрын харилцааны цахим үйлчилгээний систем байгуулж, газрын бирж байгуулах талаар Нийслэлийн удирдлагын зөвлөгөөний хурлаар хэлэлцэж НИТХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл өнөөдөр энэ асуудлаар Нийслэлийн Өмчийн Харилцааны Газарт мэдээлэл хийсэн юм.
Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд төрийн албаны үйлчилгээг цахимжуулах, газрын цахим бирж байгуулах зэрэг үйл ажиллагаа явагдаж байгаа аж. Түүнчлэн нийслэлд 52 байршилд газар өмчлүүлэх үйл ажиллагаа явагдаж байгаагаас гадна дахин 68 байршилд дахин шинээр газар өмчлүүлэх шийдвэр гаргажээ.
Газрын харилцааны цахим үйлчилгээний систем байгуулах явц үндсэндээ дуусч байгаа гэдгийг НӨХГ-ын дарга Ш.Төмөрбаатар онцолсон. Мөн тэрбээр "Ирэх сарын 1-нээс сургалт, туршилтын үйл явц эхэлнэ. 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс Газрын харилцааг бүрэн цахимжуулах цахим системд шилжүүлнэ. Үүний зэрэгцээ бид архиваа цахимжуулна. Бидний тооцоолж байгаагаар 240 мянга орчим баримт, материал байгаа. Үүнийг форматалж нэг загварт оруулах шаардлагатай байгаа. 17 мянга орчим эзэмшигчийн материал бий. Үүнийг цахимжуулснаар газрын харилцааг бүрэн цахимжуулж дуусна" хэмээсэн.
Харин энэхүү журмын төслийг Иргэдийн хурлаар батлуулбал цахим өмчлөлтэй адилаар иргэд ямар ч чирэгдэлгүйгээр онлайнаар газрын дуудлага худалдаа, газрын биржийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй болох аж.
ОНЛАЙНААР ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖТОЙ
НӨХГ-ын Мэдээлэл технологийн газрын дарга Б.Жадамба "Газрын үйлчилгээний цахим систем хэрэгжсэнээр иргэд, аж ахуйн нэгж газрын салбарын үйл ажиллагааг заавал тухайн дүүргийн Өмч, газрын харилцааны албан дээр очилгүйгээр онлайнаар үйлчилгээ авах боломжоор хангах зорилготой юм.
Манай систем нь гадаад болон дотоод портал гэсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа. Гадаад портал гэдэг нь тухайн иргэн, аж ахуйн нэгж өөрийн эзэмшлийн талбайдаа газрын чиглэлийн ямар үйлчилгээ авахыг хүсч байгаа түүнийгээ сонгоод онлайнаар явуулах ёстой. Газрын тухай хуулийн дагуу эзэмших эрхээ шилжүүлэх, хугацааг нь сунгах бол заавал албан ёсны бичиг баримтаа өгсөн байх ёстой.
Энэ албан ёсны бичиг баримтаа газрын албанд авч ирж өгсний дараа тухайн иргэний мэдээлэл нь манай эрх бүхий газар зохион байгуулагч, мэргэжилтэн дээр очно.
Тэндээс тухайн систем хүний оролцоогүйгээр автоматаар тухайн газрын шийдвэр гаргах түвшний мэдээллийг боловсруулаад танилцуулах боломжоор хангагдаж байгаа.
Мөн тухайн иргэн заавал өөрөө ирэхгүйгээр шаардлагатай материалаа шуудангаар явуулж болно. Энэ тохиолдолд бид эргүүлээд шуудангаар хариуг нь явуулна.
Өмчийн харилцааны газарт хуримтлагдсан байгаа цаасан материалыг цахим хэлбэрт шилжүүлээд Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа цахим системтэй холбож өгснөөр тухайн газартай холбоотой бүхий л мэдээллийг хууль хяналт, шүүх, банкны буюу тодорхой түвшний эрх бүхий этгээдүүд заавал Өмчийн харилцааны газар ирэхгүйгээр онлайнаар зарим үйлчилгээнүүдээ авах боломжтой болж байгаа юм.