|
Видео

Шинэ мэдээ

Кесеровийн хагалгааны тухай товч ойлголт

Хүмүүс голдуу хийсвэр хагалгаа гэж нэрлээд байдаг. Энэ нь жирэмсэн эмэгтэй өвчин эмгэг болон төрөлхийн эсвэл гэмтлийн улмаас үүссэн уйтан аарцаг, зүрх судасны зарим өвчин, хүүхдийн буруу байрлал, эхэс түрүүлж ховхорсон, дотуур цус алдсан зэрэг олон шалтгааны улмаас ердийн замаар /доогуур төрөх гэх/ хүүхдээ төрүүлэх боломжгүй гэж эмч үзсэн тохиолдолд мэс заслын аргаар төрөлтийг явуулах нэг арга бол кесеров хагалгаа юм. Тэрчлэн жирэмсэн эх насанд хүрээгүй /биеийн өсөлт хөгжил дутуу гэсэн үг/, насанд хүрсэн ч жижиг биетэй /одой, давжаа/ тохиолдолд ч хүндрэлээс сэргийлэх зорилгоор уг мэс ажилбарыг хийх нь бий. Сүүлийн үед жирэмсэн эхчүүд болон ар гэрийнхний хүсэлтээр кесеров мэс засал хийлгэх нь нэмэгдсэн судалгаа гарсан байдаг. Тоймлон ойлговол хэвлийн урд хэсэг болон умайн хананд зүслэг хийж хүүхдийг гаргаж аваад буцааж оёх арга гэж ойлгож болно. Зүслэг хийх үндсэн хоёр хэлбэр бий. Хамгийн найдвартай бөгөөд ажилбар хийхэд саад бэрхшээл бага, бусад эд эрхтэнг давхар шалгах, бас хоёрдогчоор үрэвссэн мухар олгойг авах боломжтой нь хэвлийн урд, дунд гол шугамаар зүсэх гэж үздэг. Ер нь хэвлийн хөндийг нээсэн тохиолдолд үрэвсээгүй ч мухар олгойг авах нь зүйтэй гэж үздэг. Харин энэ зүслэгийн дараа хэвлийн урд голд ил сорив үлдэх тул гоо сайхны талаас тийм ч таатай бус санагдаж болох. Түүнээс гадна зүслэгийн шарх анхдагчаар эдгэлгүй халдвар орж, үрэвссэн тохиолдолд сорви өргөн цагаан болж үлдэх, бас зарим тохиолдолд ивэрхий үүсэх эрсдэл ч бий. Нөгөө зүслэг нь гоо сайхны гэж нэрлэгдэх бөгөөд хэвлийн урд доод талаар, умдагны дээгүүр хөндлөн хийхийг хэлнэ. Ийм мэс заслын дараа үлдсэн жижиг сорви дотуур өмдөн дор халхлагддаг сайн талтай.

Гагцхүү мэс ажилбарын үед бага нүхээр ажилбараа хийх тул бэрхшээлтэйгээс гадна хэвлийн хөндийн бусад эрхтэн хэвийн эсэхийг шалгахад нэлээд төвөгтэй байдаг. Кесерово гэдэг нэршил Ромын жанжин Юлий Цезарь ийм мэс заслын аргаар төрсөнтэй холбоотой гэх домог байдаг. Өөр нэг домогт Грекийн алдарт эмч /домч/ хүн ханийн ёс журмаа алдсан жирэмсэн эхнэрээ цаазлахын өмнө хэвлийг нь нээж хүүхдээ авч үлдсэн учир ийн нэрлэгдэх болсон ч гэх нь бий. Кесеров хагалгаа ямар нэг үрэвсэлгүй, цэвэр ажилбарт тооцогддог учир хагалгааны дараах шарх 3-4 хоногт үндсэндээ эдгэрэх учиртай. Гэхдээ хагалгааны дараа наад зах нь сар орчим гам барих, ялангуяа гэдэсний булчин шаардах дасгал хөдөлгөөн, өргөх, зөөх зэргээс аль болох зайлсхийх нь зүйтэй. Түүнээс гадна төрөлт кесеров хагалгаагаар хийгдсэн бол дараагийн жирэмслэлт гурван жилийн завсарлагаатай байх нь гарч болзошгүй хүндрэл /оёдол задрах, ивэрхий үүсэх гэх мэт/-ээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Мэс заслын аргаар төрөлтийг явуулах үед умайн дотор хананд эхсийн үлдэгдэл үлдсэн эсэхийг сайтар шалгах, хүүхдийг хүндрэл гэмтэлгүй авах зэрэг сайн тал бий. Доогуур төрж буй хүүхэд өсгөлүүн, толгой нь том, байрлал буруу, хөл түрүүлсэн, эхэс нь хүзүүгээ ороосон, ихэр гэхчлэн олон шалтгаантай үед хүндрэлгүй төрүүлэх илүү боломж өгдөг гэхэд болно. Эхийн талаас ч гэсэн хярзан урагдах, цагаан мах гарах, умайн амсар язрах, урагдах зэрэг хүндрэлээс ч сэргийлэгдэх боломжтой. Хэдийгээр энэ мэтчилэн сайн талууд байдаг ч хүүхдээ байгалиас заяасан төрөх замаар нь гаргах нь илүү оновчтойг мартаж болохгүй. Мэс засал хийлгэнэ гэдэг байх учиргүй нэмэлт шарх сорви үлдээх учир дараагийн жирэмслэлтэнд ч хүндрэл учруулахаас эхлээд, хагалгааны үеийн дэглэм алдагдсан, бас хагалгааны шарх хувилсан, мэс засал хийсэн эмчийн дадлага туршлага дутсанаас гарах хүндрэлүүдийг ч тооцох учиртай. 

"Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос 
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler