| |
Маргааш зарим худалдааны төвүүд амарна
Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2014 оны 06 дугаар сарын 07-ны өдөр бүх нийтээр спортыг дэмжих "Улаанбаатар –Марафон” Олон улсын марафон гүйлтийн тэмцээн, "Автомашингүй өдөр” зохион байгуулагдах болсонтой холбогдуулан Иргэдийг "Улаанбаатар–Марафон”–нд чөлөөтэй, идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор зарим томоохон худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт зохицуулалт хийхээр боллоо.
Нийслэлийн Засаг даргын "Худалдаа үйлчилгээний зарим байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай” А/468 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн "Нарантуул”, "Өгөөмөр”, "Нар мон”, "Сандей плаза”, Чингэлтэй дүүргийн "Бөмбөгөр 1”, "Бөмбөгөр -2”, "Алтжин бөмбөгөр” худалдааны төвүүдийн 06 дугаар сарын 07-ны Бямба гарагийн ажлыг цагийн хуваарьт заасан амралтын өдөрт шилжүүлж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.
Энэ захирамжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нар, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газарт даалгалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.