|
Видео

Шинэ мэдээ

Бохир ус ба бохир улс төр

"Бохир усаа цэвэрлэж чадахгүй явсаар Улаанбаатар хот жорлондоо живж байна. Бохир улстөрийн намуудаа цэвэрлэж чадахгүй явсаар Монгол Улс авлигадаа живж байна” гэж нийтлэлч Д.Жаргалсайхан чангахан дуугарав. Мань эрийг ингэж бухимдуулсан асуудал нь өнөөдөр Улаанбаатарын иргэн гэгдэж яваа толгойтой бүхэнд хамаатай Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй болж, 1.3 сая хүнтэй нийслэл хотын бохирыг ундны усныхаа ганц эх үүсвэр Туул гол руу шууд урсгах болчихоод байгаа ХХI зууны эмгэнэлтэй холбоотой. 
 
Төв цэвэрлэх байгууламжийг анх 1964 онд барьж хоногт 45 мянган шоо метр бохир ус цэвэрлэхээр, 1979,1985 онд өргөтгөл хийн 20 мянгаар хүчин чадлыг нь нэмсэн ч өнөөдөр 175 мянган шоо метр бохир ус ирдэг болсноор тунгаагуурын хананд нь цооролт үүсч, хэмжээ нь ихсэн хэзээ мөдгүй дэлбэ үсрэхэд бэлэн болчихож. 
 
Тун удахгүй одоогийн 65 хувийн цэвэрлэгээний хувь хэмжээ хоёр дахин багасч, ирэх жил гэхэд Улаанбаатарчууд хэрэглэсэн бохир усаа ариутгах байгууламжгүй болох аюул нүүрлэчихээд байгаа аж. Цэвэрлэх байгууламжийг нэг өдөр ч зогсоох боломжгүйгээс засаж амжихгүй явсаар өнөөдрийг хүрч. 
 
Тиймээс өнөө маргаашгүй Улаанбаатар хотын иргэдийн ундны усыг хязгаарлах юм уу, эсвэл бохирыг цэвэрлэлгүйгээр шууд Туул голд асгаж байж засах шаардлагатай болоод байгаа. 
 
Энэ талаар УСУГ-ын дарга С.Үнэн "Цэвэрлэх байгууламжийг засварлах хугацаанд хоёуланг нь ямар нэг байдлаар хийх хэрэгтэй болсон. Иргэдийн хэрэглээний усанд бага зэргийн хязгаарлалт хийнэ. Мөн ус ихээр ашигладаг үйлдвэрүүд болох машин угаалга, арьс шир, спиртний үйлдвэрүүдийн усыг цаг цагаар хязгаарлана. Мөн тодорхой хэмжээний бохир усыг ч Туул гол руу цутгахаас аргагүй” гэсэн. 
 
Товчхондоо 2016 онд 1.3 сая хүнтэй Улаанбаатар хот бохироо цэвэрлэж чадахгүй хотынхоо дундуур урсдаг Туул гол руугаа шууд асгаж тэр аяараа "0” болох аюул нүүрлээд байхад дэлхийн 50 орны төр засгийн тэргүүнүүд АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалтанд оролцохоор хүрэлцэн ирэх болоод байдаг. Өнөөх нийтлэлч маань энэ талаар "Жорлондоо живэх гэж байж юуны чинь АСЕМ” хэмээн хашхирав.
 
Эцэст нь баахан хуралдаж, хуралдаж энэ удаа гал унтраах байдлаар 40-50 сая төгрөгөөр засварлахаар болов. Харин Улаанбаатарын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчилэхэд 900 тэрбум төгрөг шаардлагатай талаар нийслэлийн захирагч Э.Бат-Үүл мэдэгдсэн. Улаанбаатарчуудыг шаналгаж эхлээд байгаа бохир усны талаар нэг иймэрхүү. 
 
Тэгвэл Монгол Улсыг эдийн засгийн гүнзгий хямралд автуулж, 2017-2022 онуудад өрийн дарамтад оруулан улсаар нь дампууруулахад ойрхон байгаа бохир улстөрийн намууд 2016 оны сонгуулийн бэлтгэлд аль хэдийнэ орж, юу яасан улс орон, ард түмэнтэй манатай бужигналдаж эхэллээ. 
 
94 жилийн түүхтэй, сүүлийн 25 жилийн 18 жилд нь засаг барьсан, барилцсан МАН 2012 оны сонгуульд өвдөг шороодон ялагдсандаа өнөөдөр ч шаралхаж, доголон нулимастай шазуур зуугаад л яваа. Өнөөдрийн эдийн засгийн хямрал, ард түмний амьдралын доройтол, худалдан авах чадвар шалдаа унасан бурууд голлох үүрэг гүйцэтгэсэн МАН-ынхан энэ өдрүүдэд "Удирдах ажилтны улсын II зөвлөгөөн”-өө хийгээд жигтэйхэн. 
 
МАН-ын дарга М.Энхболд "Ард түмэн МАН-аас асар их зүйл хүлээж байна. бид 2016 оны сонгуульд заавал ялалт байгуулах ёстой” хэмээн илтгэлдээ дурдаж байна лээ. Өнөөдөр наашаа харж инээсэн болоод цаашаа харан ярвайсаар засаг хамтран барилцаж байгаа МАН-ынхан ирэх намраас Ч.Сайханбилэгийн толгойлсон Засгийн газраас хүссэн ч эс хүссэн ч гарч л таарна. 
 
Учир нь сонгууль ойртох тусам Монголын бохир улстөрийн намуудын хэврэгхэн тэврэлдээн амьдралын үнэнд гүйцэгдэж, Монгол Улсын гадаад, дотоод байдал тун базаахгүй болох дүр зураг ирэх намраас улам даамжирна уу гэхээс сайжрахгүй. Учир нь одоогоор Оюутолгойгоо онхолдуулчихсан, Тавантолгой таг зогсоход бэлэн болсон.
 
Өчигдөрхөн УИХ дахь "Шударга ёс” эвслийн бүлгээс мэдээлэл хийж, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтын төлөвлөгөөний талаар байр сууриа илэрхийлсэн. Төлөвлөгөө нэртэй гэрээнд зохих засвар оруулж, тохиролцох ажлыг 14 хоногт багтаан УИХ-д илтгэхийг Засгийн газраас шаардлаа. 
 
Тэд "Ч.Сайханбилэг Дубайд Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө биш, гэрээнд гарын үсэг зурсан. Оюутолгойн төлөвлөгөө нэртэй гэрээнд 57 зүйл заалт тусгагдсанаас 30 зүйл заалтыг нь харилцан хяналттай хэрэгжүүлээд явах боломжтой. Харин 27 заалтыг дахиж тодотгох шаардлагатай. 
 
Үүн дотроос таван заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Оюутолгойн анхны ТЭЗҮ нь дөрвөн тэрбум ам.доллараар хэтэрсэн, санхүүгийн тайланг хууль журмын дагуу гаргаагүй. Энэ хэвээрээ явбал Монгол Улс Оюутолгойгоос нэг тэрбум ам. доллар алдана” хэмээн мэдээлэв. 
 
Анхнаасаа л "Мордохын хазгай” болсон Оюутолгой ийнхүү онхолдож унах нь тодорхой болж байна. Тэгтэл Тавантолгой таг зогсоно гэдгийг Монгол Улсын сайд М.Энхсайхан ахалж хөрөнгө оруулагчидтай хийсэн гэрээг хянасан УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг түс, тасхан хэлчихлээ. Тэрээр "Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцэхгүй ч байж болох дүгнэлт гарсан. Яагаад гэвэл маш олон хууль, тогтоомжийг зөрчсөн байна.
 
Засгийн газрын тогтоолууд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжүүд зэрэг 2010 оноос хойш гарсан олон хууль тогтоомжийг зөрчсөн гэрээний төсөл байгаа учраас УИХ-аар заавал хэлэлцэх шаардлагагүй” хэмээн мэдэгдчихсэн. Ингэхээр Тавантолгой таг зогсож, юу яасан нүүрсээ угааж нэг тонныг нь 80 ам. доллараар зарах, юу яасан 270 км төмөр зам тавих, юу яасан Чалкогын үлдсэн өрийг хөрөнгө оруулагчид төлж барагдуулах болох нь тодорхой болж байх шиг байна.
 
Ер нь л Тавантолгой хаврын чуулганаар байтугай энэ парламентаар шийдэгдэх эсэх нь тодорхойгүй болов. Товчхондоо хөрөнгө оруулагчдын авч ирж мань мэтэд буян болох ногоон мөнгө хийсээд алга болов. Монгол Улсын эдийн засаг мөддөө сэргэх янзгүй үлдэв. Бидэнд ногоон мөнгөний гачаал яасан их байна вэ. Гэтэл улсын маань өр нэмэгдээд л байдаг. 
 
Хамгийн сүүлд Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл 2015 оны нэгдүгээр улирлын гүйцэтгэлээр 20895 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс таван хувиар буюу 953 сая ам.доллараар нэмэгджээ. Үүнд Засгийн газар болон Төв банкны гадаад өр өнгөрсөн оны мөн үеэс 15%-иар буюу 702 сая ам.доллараар өсч 5432 сая ам.долларт, хувийн хэвшлийн гадаад өр хоёр хувиар буюу 251 сая ам.доллараар нэмэгдэн 15463 сая ам.долларт хүрч. Байдал улам л базаахгүй болж байна. 
 
Гэтэл улсынхаа эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн эрх баригчид ард иргэдээ түр зуур тайвшруулж, тав хоног үргэлжлэх наадмын нээлтээр АНУ-д нэр хүнд нь унасан Женипер Лопес гэгч дуучин хүүхнийг хоёр тэрбум төгрөгөөр дуулуулахаар хөөцөлдөж байгаа талаар шуугиж эхлэв. 
 
Наадмын нээлтийг сайхан Монгол ая эгшгээр биш, харь хэлтний хазгай буруу дуугаар эхлүүлдэг юм гэж бодоход биеийнхээ тодорхой хэсгийг Монгол мөнгөөр 50 тэрбумаар даатгуулсан нөгөө дууч эмд нь ямар нэгэн таагүй зүйл тохиолдвол Улаанбаатарт хийгдэх бүх бүтээн байгуулалтынхаа зардлыг тавьж туухаар орчин цагийн урлагт нугасгүй дуртай ноёдууд маань шийдсэн бололтой юм. 
 
Ийнхүү Монгол түмний их цэнгэл баяр, Улсын Ннадам ойртоод байдаг. Харин Улаанбаатарчууд бид бохир усандаа дарлуулах шахаад, бохир улстөрийн намууд нь дор бүрнээ янз бүрийн хуйвалдаанаа эрчимжүүлээд л байдаг. Яадаг шүү юм билээ дээ. 
 
Эх сурвалж:

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler