| |
Энэ бол “Бид4” хамтлагийн зохион байгуулж байгаа ковер тоглолт
Тун удахгүй "Bid4 Back to the 90’s” тоглолтоор залууст бэлэг барих гэж байгаа "Бид4” хамтлагийнхантай ярилцлаа.
-Ковер тоглолт гэдгийг анхны бие даасан тоглолт гэж андуурч байгаа хүмүүс байгаа байх?
-Энэ бол "Бид4” хамтлагийн зохион байгуулж байгаа ковер тоглолт. Анхны бие даасан тоглолт биш шүү дээ. 1990-ээд оны шилдэг, хит дуунуудаас бүрдсэн тоглолтоо бид энэ сарын 23-нд буюу ирэх бямба гаригт тоглох гэж байна.
-Залуусыг яагаад заавал 1990-ээд оноор буцаан аялуулъя гэж шийдэв?
-Бидний үеийн залуус чинь 1990-ээд оны хүүхдүүд шүү дээ. Хүүхэд байхдаа сонсдог, дагаж дуулдаг байсан дуунуудаа эргэн сэргээхийг хүслээ. Тэр дуунуудад дуртай байсан залуусын дурсамжийг нь сэргээхийг хүссэн юм. "Backstreet boys”, "East 17”, "Boyzone”, "Take that”, "Boyz II men”, "All4one” гээд тэр үещийн шилдэг хамтлагуудын хит дуунуудыг тоглолтдоо багтааж байгаа. Эдгээр хамтлагуудын дуунд дуртай, тэр үеийн дуунуудыг сонсох хүсэлтэй олон хүмүүсээс санал ирсэн учраас энэ тоглолтоо хийж байгаа юм.
-Тэгвэл яг хамтлагийнхаа анхны бие даасан тоглолтыг хэзээ тоглохоор төлөвлөж байна?
-Ирэх намраас байх болов уу. Төлөвлөөд л явж байна.
-Үзэгчдийг олон олон гэнэтийн бэлэг хүлээж байгаа гэсэн. Зах зухаас нь задлаач?
-Дан залуус хамтран энэ тоглолтыг зохион байгуулж байна л даа. Тоглолтонд "Камертон” хамтлагийн ах нар маань оролцоно. Мөн "Soul beat crew” оролцоно. Маш гоё дуунууд дуулна. Мөн тоглолт 100 хувьд амьд тоглогдоно шүү дээ. Хөгжмийг "Fix” хамтлагийнхан тоглож байгаа. Маш мундаг хамтлаг шүү дээ.
-Тоглолт болоход хэдхэн хоног үлдээд байна шүү дээ. Бэлтгэл хэдэн хувьтай явагдаж байна?
-Тун сайн байгаа. Тоглолтонд дуулагдах дуунууд бэлэн болчихсон. Биднийг дэмжиж, хамтран ажиллаж байгаа олон сайхан хүмүүс байна. "Камертон” хамтлагийн ах нар, "Боловсрол суваг” телевизийн хамт олон, "Эмоци” продакшныхан, "ТВ коктейль” хамтлагийнхан гээд биднийг дэмжиж байгаа олон сайхан хүмүүс байгааг хэлмээр байна.
-Тоглолтын үеэр 1990-ээд оныг санагдуулам орчныг бүрдүүлнэ гэж байсан. Энэ ямар учиртай юм бэ?
-Олон сонирхолтой зүйлсийг хийх гэж хичээж байна. "АПУ” компанитай хамтран ажиллаж байгаа. Биднийг хүүхэд байхдаа идэх дуртай байсан печень, чихэр, уух дуртай байсан ундааг яг тэр үеийн амттайгаар нь энэ үдэшт зориулан хийлгэж байгаа. Мөн яг тэр үеийнх нь үнээр худалдаална. Энэ мэтчилэн олон сайхан дурсамж сэргээсэн зүйлсийг бэлтгэж байна. Үзэгчид маннь ч яг л тэр үеийн стилиэр хувцаслаж ирвэл гоё шүү дээ. "Бид4” ч мөн тиймэрхүү маягаар хувцаслана. Үзэгчдээ ч тоглолтын нэг хэсэг болоосой гэж хүсч байна.
-Одоо "Бид4” хамтлагийн шинэ уран бүтээлийн сониноос сонсъё. Дараагийн цомгоо хэзээ гаргах вэ?
-Ирэх зургаадугаар сарын босгон дээр шинэ дуугаа хүргэнэ. Энэ зуныг маш завгүй ажиллаж өнгөрөөх төлөвлөгөөтэй байна. Бид шинээр нэг биш хоёр цомог гаргахаар ажиллаж байгаа. Энэ хоёр шинэ цомог ирэх аравдугаар сард бэлэн болно. Хагжимгүй, a-capella дуунуудаас бүрдсэн нэг цомог, нөгөө нь цэвэр R&B цомог байх болно.