| |
Дорноговийн зодоон
Дорноговь аймагт улс төрийн зодоон үргэлжилсээр байна. Хоёр ч удаа засаг ноёны суудлаасаа мултрах дөхсөн П.Ганхуяг намын нөхөдтэйгөө түнжин хагарч эхэлжээ. Тэр дундаа өөрийг нь огцруулахад гар бие оролцсон гэх аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатартай муудалдаж, намаасаа хөөсөн үйл явдал саяхан болжээ. Шинэчлэлийн Засгийн газрын үеэс П.Ганхуягийн суудал ганхаж, 2013 оны арванхоёрдугаар сард аймгийн ИТХ-аас огцруулах шийдвэр гаргасан юм. Ингэхдээ түүнийг газрын наймаа, тендерийн хуйвалдаанд оролцож, төрөл саднаа төрийн албанд шургуулсан гэж ИТХ-ын төлөөлөгчид буруутгаж байв. Аймгийн ИТХ-ын олонхийг АН-ын төлөөлөгчид бүрдүүлдэг. Тэд анхнаасаа П.Ганхуягт сэтгэл дундуур байсан учраас сиймхий л гарвал огцруулахаар хоорондоо үзэлцдэг болсон нь нууц биш. Эхний удаа П.Ганхуягийг огцруулах асуудал сөхөгдөхөд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг цээжээрээ хамгаалж, аймгийн ИТХ-ын шийдвэр цаас болж үлдэв. Шинэчлэлийн Засгийн газар огцорсны дараа П.Ганхуягийг засаг ноёны суудлаас нь буулгах марафон АН дотор дахин өрнөж эхэллээ. Энэ удаа Дорноговийн Засаг даргын орлогч, ИТХ-ын даргатайгаа хуйвалдаж, П.Ганхуягийг огцруулах албан бичгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өргөн барьсан ч тусыг олоогүй. Тиймээс П.Ганхуяг өөрийнх нь эсрэг улс төрийн хор найруулсан орлогчоо ажлаас нь халж хариугаа авсан. Ийнхүү П.Ганхуяг хоёр Засгийн газрын үед огцрохдоо тулсан ч Засаг даргын зөөлөн суудалдаа тухалсаар байгаа нь Дорноговийн МАН-ын хорооны арчаагүйнхтэй холбоотой хэмээн тайлбарлах хүн цөөнгүй байна. Учир нь Н.Алтанхуягийн Засгийн газрын үед П. Ганхуягийг огцруулах асуудлыг хөндөхөд тус аймгийн МАН-ын хорооны дарга Г.Шагдарсүрэн кнопоор хамгаалж байсан түүх бий. Хэрвээ аймгийн МАН-ын хороог Г.Шагдарсүрэнгээс өөр хүн удирдаж байсан бол "Муу нэр луу данстай” П.Ганхуяг аль хэдийнэ албан тушаалаа өгчихсөн байх байлаа. Дорноговийн МАН-ын хорооны дарга Г.Шагдарсүрэнгийн өөрийн бодолгүй, бусдыг аялдан дагадаг байдал нь П.Ганхуягийг өнөөдрийг хүртэл дураараа дургих боломжийг олгож байна. Нөгөөтэйгүүр Г.Шагдарсүрэн намын хороогоо үлбэгэр, сул дорой удирдаж байгаагаас болж сөрөг хүчний дуу хоолой сонсогдохоо байлаа. Улс төрийн хагарал, зөрчил ихтэй аймагт сөрөг хүчин ийм муу ажиллаж байгааг МАН-ын хорооны даргатай шууд холбон ойлгохоос өөр яалтай билээ. АН-ынхан өөрсдөө Засаг даргаа огцруулах гээд байхад Г.Шагдарсүрэн дарга намын хороотойгоо зөрчилдөн байж хамгаалж үлдэхээр зүтгэдэг нь хачирхалтай. Түүний амыг АН-ынхан газар, тендерээр хаасан байж ч магадгүй хэмээн жирийн гишүүд нь ярьж байна. УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр Ж.Батсуурь, Ц.Анандбазар нар хоорондоо ана мана үзэлцэж, зөрчил үүссэнээс болж, Дорноговь аймагт МАН ялагдал хүлээсэн билээ. Энэ хоёр хүний аймгийн намын хороондоо хэн нь "том” вэ гэсэн уралдаанаас болж намын гишүүд нь дотроо талцан хуваагдаж, Дорноговь аймагт МАН "сөнөснөөс” ялгаагүй болчихоод байна.Юутай ч Дорноговийн улс төрийн маргаан тийм ч амар дуусахгүй нь бололтой. АН-ын Засаг дарга нь П.Ганхуяг ИТХ-ын даргаа намаасаа хөөснөөс үүдэж, орон нутгийн улс төрийн хямрал улам даамжрах нь тодорхой боллоо. Аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргын орлогч нь П.Ганхуягийг улс төрийн тавцангаас бүрмөсөн буулгахаар довтолж байна. Ийм эгзэгтэй үед МАН-ын хороог Г.Шагдарсүрэнгээс өөр олигтой хүн удирдаж байсан бол АН-ын дотоод зөрчлийг овжиноор ашиглах боломж сиймхий олон ч удаа тохиолоо. Гэвч Г.Шагдарсүрэн хуруугаа ч хөдөлгөхгүй байгаад нь намын эгэл жирийн гишүүд нь туйлын сэтгэл дундуур байна. Дорноговийн улс төрийн зодооны талаар бид эргэн мэдээлэлх болно.