| |
Жинхэнэ хайраа олоогүй гүнж
"Бүгдийг алт болгон хувиргаж чаддаг үлгэрийн гүнж мэтээр хүмүүс намайг харахыг хүсдэг. Харин тэдний гайхамшгийг хүсэн хүлээж буй хүн нь бодит амьдрал дээр тэс өөр хүн” хэмээн Диана гүнж 1991 онд Кенсингтон ордонд үг хэлэхдээ онцолжээ. Харин түүнийг нас барснаас хойш л хүмүүс "тэс өөр” гэсэн үгээр юу ойлгуулахыг хүсэж байсныг нь таамагласан аж.
Хатагтай Ди бидний дурсамжинд үргэлж инээмсэглэсэн, аз жаргалтай эмэгтэйн дүрээр хоногшин үлдсэн хэдий ч түүний хувийн амьдрал жинхэнэ "там" байсан бөгөөд түүнтэй учирсан эрчүүд – ханхүү Чарльзаас эхлээд "нэгэн алдартай английн зохиолчоор” дуусгавар болох – бүгд, хэн нь ч түүнд жинхэнэ хайрыг бэлэглэж чадсангүй!
Диана Фрэнсис Спенсер 1961 оны долоодугаар сарын 1-нд Английн Норфолкт төржээ. Дианагийн хүүхэд нас Сандрингемд өнгөрөн, тэнд анхан шатны гэрийн боловсрол олж авсан байна. Түүний багш, ээжийг нь мөн сургаж байсан, асрагч эх Гертруда Аллен байсан аж. 12 настайд нь Дианаг Уэст-Хилл дэх охидын сургууль хүлээж авсан байна. 1975 онд өвөөг нь нас барсны дараа аав нь гүнгийн титмийг өвлөн авч, 8-р гүн Спенсер болжээ. Энэ үеэс Дианаг "Хатагтай Диана” хэмээн нэрлэх болсон ба тэдний гэр бүл Олторп-Хаус хэмээх эртний шилтгээнд нүүж ирсэн байна.
1977 оны өвөл, Швейцарид суралцахаар явахын өмнөхөн Олторпт ан хийхээр ирсэн ханхүү Чарльзтай анх танилцжээ. Швейцарид очсоны дараа Диана гэрээ санан, удалгүй Англи руу хугацаанаас өмнө буцаж ирэн, гурван найз охидын хамт Лондонгийн төвд байр хөлслөн, Пимиликод байдаг "Залуу Англи” гэдэг хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар ажиллаж эхэлжээ.
Дианаг 16 настай байхад Английн хатан хаан Елизавета II зориуд түүнийг британийн засаглалын удам залгамжлагч Уэльсийн ханхүү Чарльзтай танилцуулсан байна. Диана бол Англид алдартай Спенсерүүдийн удмын бүсгүй бөгөөд Жорж Буш оролцоод АНУ-ын таван ерөнхийлөгч тэдний удамтай холын хамаатнууд ба мөн Жонатан Свифт, Чарльз Дарвин, холливудын ковбой Жон Уэйн гээд алдартнууд бас хамаарна.
Ханхүү Чарльз Дианаг дөрвөн жил эргүүлэн, 1981 онд гэрлэх санал тавьжээ. Тухайн үед хэн нэг нь Чарльзийг Камилла Паркер-Боулз хэмээх нөхөртэй бүсгүйтэй долоон жил явалдаж байгааг гүнжид хэлсэнсэн бол түүний амьдрал өөрөөр ч эргэж болох байв. Мөн Эдинбургийн ханхүү Чарльзад хандан: "Хэрэв чи одоо гэрлэхгүй бол хүмүүс чамайг гомосексч гэж бодно шүү!” гэсэн бол Камилла өөрийн хайртад: "Дианатай гэрлэх хэрэгтэй. Тэр номхон, дөлгөөхөн тул янз бүрийн асуудал үүсэхгүй...” хэмээн зөвлөсөн нь ханхүүг гэрлэхэд ихээхэн түлхэц болжээ. Ханхүү хайртай эмэгтэйнхээ зөвлөгөөг дагасан хэдий ч түүнтэй харьцаагаа таслахыг огтхон ч хүссэнгүй. Харин Диана энэ талаар нэлээн сүүлд мэдсэн билээ.
Хуримын аяллын үеэр гүнж найз бүсгүйдээ баяр баясгалан дүүрэн захидал бичиж байжээ: "Би хэзээ ч ийм их аз жаргалтай байсангүй! Бид цаг үргэлж бие биеийгээ тохуурхан инээлдэж, их хөгжилтэй байгаа. Түүнд анхаарал тавих нь надад ухаангүй ихээр таалагдаж байна. Чарльз бол миний учирч байсан хүмүүсээс хамгийн шилдэг нь!” хэмээн захиандаа өгүүлж байв.
Ингээд Диана 1982 оны зургаадугаар сарын 21-нд ханхүү Уильям, 1984 оны есдүгээр сарын 15-нд ханхүү Харри нарыг төрүүлжээ. Гаднаас нь харахад их сайхан гэр бүл. Гэвч энэхүү аз жаргал удаан үргэлжилсэнгүй.
Ханхүү хуучны амраг Камиллатай харьцаагаа ахин сэргээн, энэ талаар нотлох олон баримтыг Диана гүнж олсоор байв. Нэлээн хэдэн жилийн дараа хатагтай Ди шуугиан тарьсан мэдэгдэл хийжээ: "Би үнэхээр аз жаргалгүй байсан нь захын хүнд , Чарльзаас бусдад, харахад л илт байсан. Тэр их сэтгэл гутралаас болж би эмнэлгийн хяналтанд орж, венийн судсаа хутгаар огтлон амиа хорлохыг оролдож байсан маань ч Чарльзад ямар ч сэтгэгдэл төрүүлж чадаагүй” хэмээн ярьсан байна.
Харин 1985 оны сүүлээс Диана аажмаар хямралаас гарч, тэрээр хатан хааны хамгаалалтын албаны Барри Манакитай танилцан түүнд дурласан аж. "Би түүнтэй хамт байхдаа өөрийн баяр баясгалангаа нууж чаддаггүй байсан. Тэр надад гэр бүлдээ авч чаддаггүй илч дулааныг бэлэглэдэг байлаа. Би бүх зүйлээ орхиод түүнтэй хамт явахад бэлэн байсан ба хамгийн гайхалтай нь тэр бас зөвшөөрсөн!” хэмээн хожим өөрийн сэтгэл хөдлөлийн талаар гүнж дүрслэн ярьжээ. Гэвч Манакитай үүсгэсэн дурлалын роман эмгэнэлтэйгээр төгсчээ: тэдний харьцааны талаарх цуу яриа хатан хаанд хүрч, бие хамгаалагч албанаасаа халагдан, 1997 онд мотоцикл унан хурдтай явж байгаад машинтай мөргөлдөн нас барсан аж. Тухайн үед Диана Барригийн үхэлд Букингемийн ордныг буруутгаж байсан ч ямар ч нотолгоо олоогүй байна.
Хатагтай Дигийн бас нэг роман 1987 онд эхэлжээ. Тэр нь хөвгүүдэд нь морь унахыг зааж байсан сургагч багш, ахмад Жеймс Хьюит байв. Гэвч энэ явдал гүнжид ихээхэн сургамж өгчээ. Хьюит өчүүхэн новш байсан аж. 1994 онд Анна Пастернакын "Дурласан гүнж" хэмээх ном гарчээ. Энэ нь Дианатай харьцаж байснаа дэлгэрэнгүй өгүүлсэн Хьюитын дурсамжийг уран зохиолын хэлбэрээр боловсруулсан ном байв. Хьюит мөн гүнжээс хүлээн авч байсан захиануудаа дуудлага худалдаагаар заран, нэгэн теле нэвтрүүлэгт орж байхдаа өөрийгөө ханхүү Харригийн жинхэнэ эцэг ч байх магадлалтай хэмээн худал "цуурчээ”. Энэ нь түүнд "шангаа хүртээн”, Англи даяар түүнийг үзэн ядаж, зураг хөргийг нь шатаан, Харх хэмээн нэрлэх болсон байна.
1992 он Диана, Чарльз нарын харьцааны хувьд сүйрлийн жил болжээ. Энэтхэг, Солонгосоор айлчлал хийсэн хосууд сэтгүүлчдийн дуранд баргар царайлан өртөж, бие бие рүүгээ бараг харахгүй, Таж-Махал бунхны гадаах сандал дээр хатагтай Ди ганцаар уйтгарлан сууж буй зураг дэлхийгээр нэг тарж байв.
Тэднийг Лондонд буцаж ирэхэд ерөнхий сайд Жон Мейжор ханхүү, гүнжийн хамтын амьдрал дууссаныг албан ёсоор зарлаж байжээ. Гэвч энэ үед тэд салсангүй.
Харин жилийн дараа эрхэм дээдсийн гэр бүл том цохилт авав. Сэтгүүлчид Чарльз, Камилла хоёрын утсаар хоорондоо ярьсан зургаан минутын бичлэг олж аван бөөн сенсааци дэгдсэн байна. Тэнд мань хоёр ингэж ярьж "аальгүйтжээ”: Чарльз – "Би чиний өмдөн дотор амьдрах юмсан...”, Камилла – "Чи миний дотоож болж хувирах гээ юү?”, Чарльз – "Хэрэв тэгж болдогсон бол би тампон болохыг илүүд үзэхсэн”... гэх мэтээр ярьсан аж. Үүний дараа англичууд ханхүү Чарльзад шууд л Мистер Тампакс хэмээх нэр "хайрлачихжээ”. Британийн хатан хааны гэр бүлийн рейтинг энэ удаагийнх шиг ингэж доошоо навс унаж байгаагүй аж.
Диана гүнжтэй ойр дотно олон жил болсон Пол Барреллийн дурдатгал номонд өгүүлснээр, аз жаргалгүй Диана нас барахаасаа жилийн өмнө зөн совинтой захиа бичиж байжээ. 1996 оны аравдугаар сард "Би амьдралынхаа хамгийн аймшигтай мөчлөгт ороод байна. Одоо надтай юу ч тохиолдож болзошгүй. Жишээ нь, миний машины тоормоз ажиллахаа болих, осол, үхэл гээд... Энэ нь Чарльзыг Камиллатай гэрлэхэд боломж олгоно” гэж бичжээ.
Тэр үед хатагтай Ди Египетийн тэрбумтан Мохаммед аль-Файедын хүү Додитой танилцан, дотно харьцаатай байсан аж. 1997 оны наймдугаар сард тэдний эдлэн газарт ирэн, дараа нь хамт Парис яваад, аймшигт осолд орон нас барсан билээ. Дианагийн үхлийн шалтгааны талаар олон янзын таамаглал байдаг ч батлагдсан зүйл ховор. Харин уг ослоор хүүгээ алдсан египет тэрбумтан хатан хааны гэр бүлийг сэжиглэсээр байгаа бөгөөд одоо хүртэл хувийн мөрдөгч хөлслөн ажиллуулж байгаа аж.
Диана гүнжийг амь үрэгдсэний дараа Англи орныг бүхэлд нь "dianomaniya” бүрхэн, хатагтай Дигийн хөрөгтэй таван фунтын зоос хүртэл гарчээ. Түүнийг зөвхөн англичууд төдийгүй, дэлхий нийтээрээ хайрлан хүндэлдэг байсан билээ.
Эх сурвалж: MMNEWS.MN