| |
Түймэр тавьсан этгээдүүдийг олж илрүүлсэн ч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ
Монголчууд жилийн жилд түймэртэй нүүр тулдаг гамшигт "уламжлалтай” болоод удаж байна. Өнөө хавар улсын хэмжээнд 14 аймгийн 44 сумын 77 газарт түймэр гараад байна. Сүүлийн өдрүүдэд зүүн гурван аймаг буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнодод түймэр урьд урьдынхаас өргөн уудам нутгийг хамарлаа. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутгаас эхэлсэн хээрийн түймэр Батноров, Баян-Овоо сумаар дамжин Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан сум, улмаар Баруун-Урт хотод тулж очив. Түймрийн хохирол одоогоор бүрэн гараагүй байна. Айлын бууцанд хориод хоног уугисан гал ийнхүү "алсын зам”-д гарчээ. Зөвхөн Түмэнцогтод гэхэд 3 мянга гаруй мал түймэр шатав. Мөн 20 гаруй айлын гэр шатав. Тус сум 220 гаруй мянган га газар нутагтай бөгөөд түймэрт 90 гаруй хувь нь өртөөд байна.
Уржигдар Сүхбаатар аймгийн Асгат сумын нутагт бас түймэр гарлаа гэсэн мэдээ ирлээ. Ер нь энэ аймагт гарч буй түймрийн гамшигийг орон нутгийн хөрөнгөөр арилгах боломж муутай болж буй ажээ.
Өмнөх жилүүдийн түймрийн байдлаас ч, өнөөгийн түймрээс ч бид нэг л зүйлийг хатуу ухаарах хэрэгтэй болоод байна. Юув гэвэл, хувь хүн, аж ахуйн нэгжүүд түймрээс сэргийлэх, энэ талаар хариуцлагаа дээшлүүлэхгүй бол болохгүй нь. Түймэр тавьсан этгээдийг заавал олж илрүүлдэг, хариуцлага тооцдог механизм туйлын сул хэвээр байгаа нь энэ гамшгийг гааруулж байна. Дорнод аймагт гарсан 12 түймрээс 11-ийнх нь эзэн холбогдогчийг олж тогтоосон ч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ. Яагаад гэхээр тэдний учруулсан хохирол эрүү үүсгэх хэмжээнд хүрээгүй юм байх. Цаашдаа эрүүгийн эрх зүйн зохицуулалтад ч анхаарахгүй бол болохгүй нь. Мөн түймэр гарлаа гэхэд яаралтай авч хэрэгжүүлэх ажлын дэглэм, бэлтгэл муу, нутгийн өөрөө байгууллага, засаг захиргаадууд нь хэдий болтол бэлэн байдлын зэрэглэлд шилжиж ажиллах чадамжгүй суусаар байх юм бэ.
Манай өмнөд хөрш Хятадад гарсан түймрийн үеэр төр, захиргааны байгууллагууд нь тухайн бүс нутагтаа 10 км тутамд иргэдийн бүлэг байгуулж, гал унтраах ажлыг шуурхай зохион байгуулсан байна лээ. Ингэхдээ хүн тус бүр наад зах нь галын хортой ажилласан гээд бод доо. Энэ бол түймрийн өмнө сул дорой царайлсан бидний хувьд яах аргагүй санаа авах, хэрэгжүүлэх туршлага, сургамж юм. Нөгөөтэйгүүр, түйрмийн эсрэг хөдөлдөг зориулалтын техник хэрэгсэлгүй монголчууд бид хэдий болтол дэрэлзсэн галын өөдөөс улаан гараар үзэлцэх юм бэ.
ОХУ-д ойрын жилүүдэд тохиолдоогүй том хэмжээний түймэр гарлаа. Богино хугацаанд маш өргөн уудам газар нутгийг хамарч байна. Ерөнхийлөгч В.Путин энэхүү нөхцөл байдлыг үнэлж үзээд түймэр унтраах, аюулгүй байдлыг хангах ажлыг өөрийн гарт төвлөрүүлэхээс аргагүйд хүрэв.
Тус улсын Хакас муж улсын нутагт дэгдсэн түймрийн эхний хоёр хоногт 30 орчим хүн амиа алджээ. Зарим тосгон суурингийн 50 гаруй байшин гуравхан цагийн дотор шатсан байна. Онцгой байдлын яамнаас нь хэд хоногийн өмнө хоёр ч удаа түймрийг унтраасан гэж мэдэгдсэн нь тун болчимгүй явдал боллоо хэмээн ажиглагчид үзэж буй аж. Гэтэл одоо түймрийн хүрээ улам тэлж, Москва хот хүртэл утаа үнэртэх болов.
Түймэрт Оросын Восточный сансарын буудал шатах аюул тулгарч байна. Мөн цэргийн томоохон гурван агуулах галд шатаж, дэлбэрэлт үүсч, түймрийг гааруулжээ.
Орост гарч буй түймрийн шалтгаан бас манайхан шиг харицлагагүй, хайхрамжгүйтэй холбоотой байна. Хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг цэвэрлэхдээ хог хаягдлыг шатаадаг нь түймэр гарах нэг гол үндэс болсон гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэжээ. Учир нь тэрхүү хогийн ургамлуудыг шатаах үед салхины хурд 30 м/сек хүртэл ширүүсч, хоромхон зуурт ойн түймэр маш хүчтэй дэгджээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Хакасаас эхэлсэн энэ түймэрт Оросын хот, тосгодын 1000 гаруй байшин шатаад байна.
ОХУ-аас манай улсын хилийг давж 22 удаа түймэр орж иржээ. Өөрөөр хэлбэл, Оросууд манайх руу ийм олон түймрийн гал алджээ. Дараагийнх нь бас Хэнтий, Дорнод аймгийн чиглэлээр хилд ойртож байна. Харин Хятад руу манайхаас нэг удаа түймэр алдсан мэдээтэй байгаа. Уг нь хөрш орнуудын хувьд хилийн бүсэд орж ирсэн түймрийг хамтарч унтраах учиртай. Иймээс түймрийн хөнөөлийг арилгах талаар хөршүүдтэйгээ хэлэлцээ, журам дэглэмээ сайжруулах шаардлага ч тулгарч байна.
Б.Отгонбаяр
Эх сурвалж: Tumen.mn