| |
Ард түмний хандивын мөнгөөр шоу хийж сууна уу?
Одоогийн байдлаар хохирлын хэмжээг албан ёсоор тогтоож амжаагүй байгаа аж. Албан бус мэдээгээр Түмэнцогт сумын нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувь түймэрт өртжээ. Мөн 60 орчим айл түймэрт өртсөн, 22 айл орон гэргүй болжээ. 2700 гаруй мал шатсан бөгөөд хайрагдсан малын тоо тодорхойгүй байгаа аж.
Тиймээс тус нутгийн иргэдийн санаачлагаар байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан, орон гэр, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирол амсаад байгаа тус сумын иргэдэд хандив тусламж үзүүлэх зорилгоор Түмэнцогт сумын нутгийн зөвлөлөөс хандивын данс нээж, уриалга гаргасан. Хандивын аянд нутгийн иргэдээс гадна монголчууд бүгд идэвхтэй оролцож байна. Тодруулбал жүдочид 10 сая, их аварга Д.Дагвадорж 10 сая, Х.Баттулгын Женко групп 50 сая төгрөгийг тус тус хандивласан. Эдгээр нь зөвхөн томоохон хэмжээний мөнгөн дүнгүүд бөгөөд хувцас, хоол хүнс гэх зэрэг олон төрлийн тусламжийг иргэд болон пүүс компаниуд Сүхбаатар аймаг руу тасралтгүй илгээж байна.
Тодруулбал Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь фэйсбүүк хуудсаараа дамжуулан өөрийн байр сууриа ийнхүү илэрхийлжээ. Тэрээр "Улсаас орж ирсэн нэг ч төгрөг алга. Хоёр жилийн өмнөх шүлхий, өвлийн цэцэг өвчний мөнгө ч орж ирээгүй. Бид сая У.Хүрэлсүх сайдад асуудлаа тавьсан. Энэ хаврын түймрийн зардал, бензин бүгд зээлээр явагдаж байна. Түймэр унтрааж буй 600 гаруй хүний хоол хүнс, унааны зардалд хэрэглэж байгаа. Нэг ч төгрөг өөртөө аваагүй. Шалгах газар нь шалгана биз” гэх тайлбарыг хийжээ.
Уг нь Онцгой байдлын алба хаагчдын зардлын мөнгийг улсаас өгөх ёстой. Гэвч Ж.Батсуурийн тайлбарлаж буйгаар тэдгээрт төсвөөс нэг ч төгрөг өгөөгүй. Түүнийг нь хандивын мөнгөнөөс нөхөж байгаа аж.
Нутгийн зөвлөлийн залуус нэгдээд улс орон даяар чадах чинээгээрээ хандив тусламжийн аян өрнүүлж байхад нутгийн удирдлагууд нь иймэрхүү үйлдэл гаргах нь буруу л байлтай. Эсвэл төр засаг маань аюул тохиолдсон үед авардаг ганц байгууллагынхаа хангамжийг дийлэхгүй байгаа хэрэг үү. Тийм байлаа ч гэсэн улсын төсвөөс гаргах ёстой зардлыг хандив өгсөн хүмүүсийн мөнгөөр шийдэж буй нь буруу. Тийм ч учраас тус сумын иргэд эсэргүүцлээ илэрхийлээд эхэллээ.