| |
Жижиг намууд цаашаа л даа!!!
Жижиг намуудын төлөөллийг УИХ-ын дэд дарга Л.Цог хүлээн авч уулзлаа гэсэн мэдээллийг хараад нэгэн зүйл бодогдов. Бодогдох ч юу байхав, дургүй хүрэв. Хэнд хэрэгтэй, юу нь чухал гэж тэдэнтэй цаг заваа барж суудаг УИХ-ын дэд дарга вэ. Зөв зүйтэй улстөрийн үйл ажиллагаа явуулж, ном дүрмийн дагуу цээжээ дэлддэг бол ч яахав, зүгээр л эрх ашгийн төлөөх хэсэг бүлэглэл нийгмийн тархийг буруу угааж байдаг гэдгийг юуны өмнө хэлчихье.
Монгол Улсад олон намын тогтолцоо бий болсон цагаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Ардчилсан нийгэмд байдаг л зүйл. Олон улс орны жишгийг аваад үзэхэд дийлэнх нь хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийн төлөө явдаг нэг төрийн бус байгууллага аж. Хуруу дарам улс оронд бол чиглэл чиглэлээрээ үйл ажиллагаа явуулж, нийгэмд үнэлэгдсэн цөөн улстөрийн жижиг хүчин байдаг юм байна. Энэ нь онол, практик аль аль талдаа сонгодог зарчимаа хадгалж байна гэсэн үг. Тэр тусмаа ногоон хөдөлгөөний чиглэлд үйл ажиллагаа явуулдаг улстөрийн намууд бол энэ чиглэлдээ үйл ажиллагаа явуулж нийгмийн сайн сайхныхаа төлөө явсныхаа үр шимийг хүртэж суудаг гэнэ. Ерөөсөө төрийн эрх мэдэлд давшилж дайрдаггүй, гагцхүү саналаа оруулж, үйл ажиллагаа явуулдаг байна. Манайхан шиг парламентад байгаа хэдээ өдөр шөнөгүй муулж, өөрсдөө байвал чухам мандуулаад өгнө гэж нэг нь ч хашхирдаггүй аж.
Харин манай улсад бол бүгд өөрсдийн эрх ашгийн төлөө явдаг бүлэглэл байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Тэр ч бүү хэл цэвэр мөнгөний төлөө гэмээр намууд бий болсон хэмээн олон судлаачид дүгнэсэн байна. Хамгийн аюултай нь нийгмийн амгалан байдалд сөргөөр нөлөө үзүүлдэг хүчин зүйл бол яах аргагүй энэ жижиг намууд. Гадна дотны мөнгөөр гудамжинд жагсаж, сууж, хэвлэл мэдээлэлд буруу ташаа мэдээлэл өгч нийгмийн тархийг буруу тийш эргүүлдэг цор ганц хүчин зүйл бол жижиг намууд. Эдийн засаг хямарна, эд нар л турхирч нөлөөлнө, осол эндэгдэл гарна, эд нар л хөөсрүүлнэ. Зуд болсон ч ган болсон ч эд нар л хөөсрүүлж нийгмийн сэтгэлзүйд буруу нөлөөлөл өгдөг. Ерөөсөө хөгжилд чөдөр тушаа болно уу гэхээс нэмэр болохгүй.
Харин эсрэгээрээ сайн үйл бүтээвэл чимээ аниргүй алга болдог сонин нөхөд бол энэ бүлэглэлд багтдаг. Ёстой л "Могой алахад модны нэмэргүй” нөхөд. Уншигч та ч сайн санаж байгаа. Манай жижигүүд бол эрх баригчид, тэр нам ийм сайн зүйл хийсэн дэмжинэ гээд жагсаж байхыг хараагүй нь лавтай. Энэ тухай бол цухуйлгах ч үгүй. Алдаа оноотой нийгэмд сайн зүйл бишгүй л хийж байгаа шүү дээ, уг нь. АН ч юм уу МАН-ыг ч юм уу магтан сайшаах гэсэн хэрэг огт биш. Жижиг намуудын байгаа байдал нь ерөөсөө нийгэм маш том хор уршиг тарьж байгаад олон хүн эмзэглэх болов, тэр ч утгаараа энэ тухайд хаа хаанаа дуугарах цаг нь болсон.
Тэгээд дээр дурдсан уулзалтаар янз бүрийн санаа дэвшүүлсэн нь инээд хүрмээр. Ихэнх дийлэнх нь Сонгуулийн хуульд өөрчлөлт хийж, жижиг намуудад ойртсон хууль байх санаагаа цухалзуулж байна. Парламентийн гишүүдийн тоог 100 давуулах юм байх. Өөрсдөө багтах гэсэн арга бололтой. Хууль ямар ч байсан тэднийг яалаа гэж сонгохов дээ. Ард түмэн чинь та нарын тарыг танина ш дээ. Мулугуу муугаараа дуудуулдаг хоёр хүчнээ сонгох нь мэдээжийн хэрэг. Та нараас арай дээр нь тэнд байгаад тэр шүү дээ. Дэлхий нийтийн хандлага ч тэр шүү дээ. Хэзээ л гуравдагч хүчин буюу та нар шиг шальдар бульдар нөхдөд хуйларч байлаа даа. Өнгөрөгч 2012 оны сонгуулиар бий болсон "шударга ёс” эвсэл бол цаашид наслахгүй гэдгээ харуулсан. Энэ эвсэл бол нийгмийн эмзэг сэтгэлгээнд дөрөөлж, урьд өмнө танигдсан улстөрчийн нэр нүүрээр бий болсон. Одоо ахиж ийм алдааг сонгогч олон гаргахгүй. Ерөөсөө жижиг намууд цаашаа.
Н.Дөл