|
Видео

Шинэ мэдээ

Хөлбөмбөгийн холбооны сонгуульд УЛСТӨРЧИД НӨЛӨӨЛӨХ ҮҮ

Хөлбөмбөгийн холбооны сонгуульд УЛСТӨРЧИД НӨЛӨӨЛӨХ ҮҮМонголын хөлбөмбөгийн холбооны ээлжит их хурал энэ сарын 27-нд болно. Энэ удаагийн их хурлаар Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх хорооны гишүүдийг сонгох юм. Үүнтэй холбогдуулан тус холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Мэдрээ, дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Буман-Учрал, Г.Ганхүү, гүйцэтгэх хорооны гишүүнд нэр дэвшигч Г.Мөнхчулуун, ДТэрбаатар, Ж.Хишигжаргал болон үе үеийн хөлбөмбөгчид "Монгол ньюс" мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

 

Тэд Монголын хөлбөмбөгийн холбооны өмнөх ерөнхийлөгч Б.Ганболдтой холбоотойгоор МХБХ-ны нэр хүнд Олон улсын холбоонд унасан байгаа энэ үед ээлжит сонгуулийг ФИФА-гаас хүлээн зөвшөөрөгдсөн дүрмийн дагуу шударга явуулахыг уриалж, тус холбооны одоогийн нөхцөл байдал, удирдлагуудын дүрэмдээ оруулсан хууль бус өөрчлөлтүүд болон их хуралд сонгогдсон төлөөлөгчдийн дунд улс төрийн албан тушаалтнууд байгаа талаар мэдээлсэн юм.

 

Тэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид захидал хүргэж байгаагаа мэдэгдлээ. Уг захидалд Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Ганбаатарын МХБХ-г хууль бусаар авах гэсэн оролдлого болон түүнийг ёс зүйгүй ноцтой асуудал удаа дараа гаргаж байсныг дурьдсан байна.

 

Тодруулбал "А.Ганбаатар нь Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо болон Ардчилсан холбооны гишүүд, Төрийн албан хаагчдад нөлөөлж, дүрэм бус орон нутгийн салбар холбоодыг байгуулах ажлыг байгуулж, тамга тараах ажлыг хийж сонгуулийн журмын 1.2.С заалтанд байсан "МХБХ нь сонгуулийн үйл явцад аливаа төрийн нөлөөлөл байгаа бол нэн даруй ФИФА болон Азийн хөлбөмбөгийн холбоонд мэдэгдэх үүрэгтэй" гэсэн өгүүлбэрийг зориудаар хассан зэрэг ноцтой засвар хийсэн нь сонгуулийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох гэсэн санаархал гэж үзэж байна" гэсэн юм.

 

Хэвлэлийн бага хурлын үеэр нэр дэвшигчид дээрх нөхцөл байдлын талаар өөр өөрийн саналыг илэрхийлэв.

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигч, Б.МЭДРЭЭ: МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ИХ ХУРАЛ 17,18 ЖИЛ БОЛООГҮЙ ОНЦЛОГТОЙ ХУРАЛ БОЛНО
Энэ их хурал сүүлийн 17, 18 жилд болоогүй гэдгээрээ онцлогтой. Яагаад гэвэл сүүлийн жилүүдэд анх удаагаа
нээлттэй хуралдах гэж байна. Монголын хөлбөмбөгийн холбоо сүүлийн  17 жилд байнга хууль журмаа зөрчдөг, хууль бус байдал илт дававгайлсан, үйл ажиллагаа нь нэг хүнээс хамааралтай болсон байсан. Хөлбөмбөг тоглож, дасгалжуулж, шүүж байсан бидний хэсэг нөхөд  нэг баг болж хамтарч ажиллахаар мөрийн хөтөлбөрөө боловсруулаад энэ их хуралд өрсөлдөх гэж байна. Гэтэл орон нутгаас хөлбөмбөгт огт хамааралгүй улс төрийн албан тушаалтнууд   төлөөлөгчөөр сонгогдоод байгаа нь их хурлаар хөлбөмбөгийн холбоо гэдэг байгууллагын засаглалыг хүчирхийллийн аргаар авах санаархалтай байна гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй байх гэж бодож байна.

Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Г.Ганхүү:
ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ОЛОН ЖИЛ ТОГТВОРТОЙ ХӨГЖИЖ ДЭВШИЛТТЭЙ АЖИЛЛАХЫГ ХҮСЧ БАЙНА
НҮБ-д 192 орон бүртгэлтэй байхад ФИФА-д 209 орон бүртгэлтэй байдаг. Харамсалтай нь, манай улс энэ 209 орноос рейтингээрээ 194 дүгээр байрт байна. Өрсөлдөж байгаа олон өрсөлдөгч бий. Өөр өөрсдийн бодлого, мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж байгаа. Бидний хувьд хөлбөмбөгийн холбооны тогтвортой хөгжлийн тухай ярьж байна. Энэ нь олон жилийн турш тогтвортой, өсөлттэй удаан жил хөгжийг хэлж байгаа юм. Иймээс бид дангаараа биш мөрийн хөтөлбөрөө боловсруулаад хамтдаа зүтгэж байгаа юм. Бид "Хөлбөмбөгийг хөлбөмбөгчдөд" уриатай энэ их хуралд оролцож байгаа. Хөлбөмбөгчид гэж хөлбөмбөгийн энэ урт хугацааны хөгжилд хувь нэмрээ оруулсан дасгалжуулагч, тамирчид, ивээн тэтгэгч, дэмжигчийг хэлж байгаа болохоос биш хөлбөмбөг огт мэддэггүй, гэнэт төлөөлөгч болоод сонгуульд оролцох гэж байгаа хүнийг хэлэхгүй.

 

Гүйцэтгэх хорооны гишүүнд нэр дэвшигч Г.Болдбаатар:
ОРОН НУТГИЙН ЖИНХЭНЭ ХӨЛБӨМБӨГИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД ГОМДОЛТОЙ БАЙНА
Өнөөдрийн байдлаар манай сонгууль нэлээд улстөржсөн шинжтэй болж, төрийн нөлөө орсон их хурал болох төлөв байдал ажиглагдлаа. Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан их хурлын төлөөлөгчдийн жагсаалтад улс төрийн албан тушаалтан голдуу багтжээ. Тодруулбал, Архангайгаас ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, Баян-Өлгийгөөс Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга, Булганаас Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, Өвөрхангайгаас Ардчилсан намын дарга гэх мэт манай хөлбөмбөгтэй огт холбоогүй хүнийг сонгожээ. Орон нутагт байгаа манай хөлбөмбөгийн жинхэнэ төлөөлөгчид санаа зовж буйгаа илэрхийлж бидэнтэй холбоо барьсан. Аймгаас сонгогдсон төлөөлөгч хөлбөмбөгийн үйл ажиллагаанд хамааралгүй зөвхөн улс төрийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүс цаашдын үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргах гэж байгаад харамсч байна. Орон нутгийн төлөөлөгчдийн олонхи нь улс төрийн албан тушаалтан байгаа нь төрийн нөлөөллийг аливаа үйл ажиллагаанд оруулахыг хориглоно гэсэн заалтыг ноцтойгоор зөрчиж байна.

 

Хөлбөмбөгийн тайлбарлагч, нийтлэлч Б.Батзаяа:
А.ГАНБААТАР ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛБОЛ МХБХ-Г ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АЮУЛТАЙ
Олон улсын хөлбөмбөгийн холбоонд бүртгэлтэй 209 улс нэг л дүрмийг мөрддөг. Улс төрийн нөлөө ороод хөлбөмбөгийн холбооноос хөөгдсөн маш олон тохиолдол бий. Хамгийн сүүлд Нигер улс долоон сараар эрхээ хасуулсан. Мөн Грекийн хөлбөмбөгийн холбоонд сануулга өгч улс төрөөсөө ангижрахыг сануулсан. Хэрвээ манай холбоо улс төрийн албан тушаалтан манай холбоог удирдах юм бол Зүүн Азийн болон Азийн хөлбөмбөгийн холбооноос хасагдах аюултай. Манай улсын хувьд 2010 онд Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооноос дөрвөн жилээр эрхээ хасуулж байсан. Тиймээс хөлбөмбөгөөр бол манай улс шар хуудастай байгаа. Дэлхийд шар хуудастай Африкийн ганц хоёр орон байдаг. Манай улсын хувьд хамгийн дорой буурай улсуудтай адилхан хэмжээнд байна. Одоогийн түр орлон гүйцэтгэгч А.Ганбаатар нь яг л өмнөх ерөнхийлөгчийн адил бидэнд тайлангаа тавихгүй, улс төрийн нөлөө оруулж ирж байна. 21 аймгаас орон нутгийн төлөөлөл гэж Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарыг цуглуулсан. Энэ бүх мэдээлэл бидэнд баримттайгаа байгаа. ФИФА нь дүрэм журмын хүрээнд нийт гишүүн байгууллагынхаа сонгуульт, эсвэл гүйцэтгэх албан тушаалд төрийн болон улс төрийн албан тушаалтныг оролцуулахыг хатуу хориглодог. Иймээс А.Ганбаатар нь улс төрийн албан тушаалтны хувьд МХБХ-ны ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж болохгүй. МХБХ-ны үйл ажиллагаанд орох юм бол ФИФА МХБХ-г гишүүнчлэлээс түдгэлзүүлэх аюултай.

 

Гүйцэтгэх хорооны гишүүнд нэр дэвшигч Г.Мөнхчулуун:
ГОВЬ-АЛТАЙ, ХЭНТИЙ, ДУНДГОВЬ, АРХАНГАЙ, БАЯН-ӨЛГИЙ АЙМГААС СОНГОГДСОН ТӨЛӨӨЛӨГЧИД ХӨЛБӨМБӨГТЭЙ ОГТ ХАМААРАЛГҮЙ ГЭСЭН ГОМДОЛ ИРСЭН
Энэ үеэр "Дэрэн" клубийг үүсгэн бай-гуулагч, Монголын хөлбөмбөгийн хол-бооны гүйцэтгэх хорооны гишүүнд нэр дэвшигч Г.Мөнхчулуунаас зарим асуултад хариулт авлаа.

-Хяналтын хорооныхон орон нутгаас сонгогдсон гишүүдэд шалгалт хийж байгаа гэсэн. Та нарын хэлж байгаа шиг хууль бусаар сонгогдсныг тогтоовол тухайн орон нутгийн төлөөлөгчид ямар арга хэмжээ авах вэ?
-Санал асуулгад оруулахгүй. Санал өгөх эрхгүйгээр оролцож болох юм шиг байна билээ. Бид арваннэгдүгээр сарын 22-ны дүрмээрээ Хяналтын хорооны шийдвэр эцсийнх байна гэсэн дүрмээ баталсан. Тиймээс Хяналтын хорооны шийдвэрийг хэн ч давж заалдах, эсэргүүцэх эрхгүй

-Улс төрийн албан тушаалтан сонгосон хэдэн аймгийн холбоо байгаа вэ?
-Говьсүмбэр аймгаас гэхэд Говьсүмбэр аймгийн хөлбөмбөгийн холбоо дөр-вөн жилийн өмнө байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байтал саяхан нэгдүгээр сард арван төрийн хаагчаас* бүрдсэн хөлбөмбөгийн холбоо байгуулж Даланзадгад хотын засаг дарга Ч.Батжаргал гэдэг хүнийг төлөөлөгчөөр сонгосон байна. Говь-Алтай, Хэнтий, Дундговь, Архангай, Баян-Өлгий аймгаас болон Налайх дүүргээс сонгогдсон төлөөлөгчид хөлбөмбөгтэй огт хамааралгүй гэсэн гомдол ирсэн.
-21 аймгийн төлөөлөгчөөс гадна санал өгөх эрхтэй бусад төлөөлөгч дүрмийн дагуу сонгогдсон уу?
-Ахмадын зөвлөл л гэхэд зөвлөлөө байгуулж хөлбөмбөгийн холбоо болон бусдаас хараат бусаар төлөөлөгчөө сонгож чадсан.
-Клубүүдын төлөөллийг ч гэсэн дүрмийн дагуу юу?
-Клуб бол харьцангуй асуудал багатай. Санаа нэгдсэн хүмүүс байдаг болохоор өөрсдийнхөө төлөөлөгчийг сонгодог.
-Хяналтын хорооны дүн хурал болох өдөр гарах уу. Түүнээс өмнө үү?
-Эцсийн хугацаа өнөөдөр /өчигдөр/ гэж байгаа. Оройхондоо шийдвэр нь гарах байх. Энэ удаагийн ээлжит их хурлаар Монголын хөлбөмбөгийн холбооноос шалгаруулсан 52 төлөөлөгчийн нууц санал хураалтаар удирдлагуудыг сонгоно. Үүнд 21 аймгийн 21, ахмадын зөвлөлийн дөрөв, эмэгтэйчүүд, шүүгчид, дасгалжуулагч тус бүр нэг төлөөлөгч багтсан. Мөн клубүүдийн 24 төлөөлөгчөөс бүрдэж байгаа юм.



ҮНДЭСНИЙ ШУУДАН

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler