Харбинд гэрээ үзэглэлээ. Хэзээнээсээ улс гүрэн хоорондын уулзвар, зангилааны түүх болсон энэ газар нутагт Монгол Улсын нэгэн чухал гэрээ хэлэлцээрийг хийгээд ирлээ. Гоё гэрээ биш ээ. Үнэхээр чухал бөгөөд хүнд гэрээ юм. Юугаараа хүнд вэ гэхээр тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос эхлээд үе үеийн төрийн өндөр албан тушаалтнуудын ивээл дор ММС, MCS болон Баяннуур аймгийн нүүрс тээврийн бизнесийнхний ашиг сонирхол, эрх ашгийг зөрчиж, ард түмний нийтлэг эрх ашигт нийцүүлж хийсэн гэрээ хийж чадлаа. Энэ бол том амжилт.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай, улмаар тус улсын төрийн өмчит “Чайна энержи”-ийн Гүйцэтгэх захиралтай, улмаар тэдний шинэ ТУЗ-ийн даргад юу ойлгуулах, яаж зөвшөөрүүлэхийг бараг нэг алхмын зайнаас харж мэдэрлээ. Гарын үсэг зурж, хавтас солилцон, шампэйн тулгахын цаана нүүрсний зах зээл гэгч шатрын өрөг дээр тоглолт өрнөлөө.
Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр буурч байгаа нь үнэн. Энэ нь манай макро эдийн засагт донсолгох хэмжээний нөлөөтэй нь үнэн. Ийм цаг үе, нөхцөл байдалд тохирсон хэлэлцээр хийхийг улс орон, УИХ, Засгийн газарт чиглэл болгон зөвшөөрсний дагуу энэ ажлыг хийв.
Арван жилийн өмнөх алдааг амжилттай залруулав
Одоогоос яг арван жилийн өмнө 2015 оны 1 дүгээр сараас эхэлж хэлэлцээр хийж байв. Тухайн үед Засгийн газрын 268 дугаар тогтоол 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр батлагдаж Засгийн газраас Ажлын хэсэг байгуулж, Хятадын талтай гэрээ, хэлэлцээр хийж эхэлсэн. Энэ үед MMC 51 хувь, Шенхуа 49 хувийг эзэмшиж, эдгээр хувь эзэмшлээрээ дамжуулан өнгөрсөн жилийн хугацаанд MMC Тавантолгой ордыг бүхэлд нь эзэмшиж, цахилгаан станц, дэд бүтэцтэй нь бүрэн хяналтдаа байлгах “аймшигтай” төлөвлөгөөтэйгээр төмөр замыг гацаалаа. Хоёр улсын Засгийн газрын гэрээ, хэлэлцээр дотор “Консорциум” гэдэг нэрийн дор уурхай, олборлолт, дэд бүтцийн хөрөнгө оруулалт гээд цогцоор нь шийдэх мэтээр өнгөн талдаа харагдавч Монголын тал мөнгө гаргахгүйгээр гурван асуудлыг цогцоор нь Хятадын талаар хийлгэнэ гэсэн шийдвэрийг тухайн үеийн Засгийн газар гаргасны дагуу буюу уг тогтоолд заасан хувь, хэмжээ, концессийн дагуу хэлэлцээ хийсэн байдаг. УИХ дээр түүнийг хүлээж авахгүй гэж шийдвэрлээд уг гэрээ хэлэлцээр зогссон. Зогссоноос хойш Монголын тал “энэ төмөр замаа бариад өгөөч, хугацаа алдаад байна, уурхай болон худалдаа, бусад асуудлаа дараа нь яриад уялдуулаад тооцъё” гэж ярьсаар ирсэн. Ингэж уянгалахын цаана тэдний асар том нүүрсний хулгай буюу Ухаа худгийг эзэмшигчдийн ТУЗ хэмээх “хил дамнасан супер мафи” хязгааргүй ашиг орлого олсон. Олсон болон олох орлогынхоо хэр хэмжээгээр эрх ашгийг нь таслан зогсоосон, олдог ашгийг нийтийн эрх ашиг руу хөтөлсөн агуулгатай шийдвэр гаргаж түүнийгээ Хятадын Засгийн газартай гэрээ болгон албажуулж хэрэгжүүлж буй гол хүнд дарамт үзүүлж, олон нийтэд нөлөөлөх ажлуудыг хэрхэн хүчтэй хийж буйг бид харж байна. Дээрх ашиг сонирхлын бүлэглэл Монголын ард түмнийг төдийгүй Хятадын Засгийн газрын өгсөн чиглэлийн дагуу ажил хийсэн ААН-үүдийг ч хохироосон. Харин Харбинд сая байгуулсан гэрээнд “Эдийн засгийн хохирол нэхэмжлэхгүй” гэж гарын үсэг зурсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тэд баярлах хэрэгтэй.
Цаашид “шинэ гэрээ”-ний дараа юу өөрчлөгдөх вэ?
Юуны өмнө Төмөр замын тээврийн тухай шинэ хуулийг 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Уурхайгаас хилийн боомт хүртэл төмөр зам барих зохицуулалт өмнө нь хуульд байсан. Хил дамнасан төмөр замыг хэн барих вэ гэдэг асуудал уг хуульд байгаагүй юм. Хэн барих, хэн эзэмших нь тодорхой байгаагүй. Тэгэхээр одоо мөрдөх шинэ хуулиар “Нутгийн гүнээс улсын хил хүртэл барьсан төмөр замын хөрөнгө оруулалт хийсэн компани, хил дамнасан төмөр зам хамтдаа байна гэсэн зохицуулалт хийсэн. Энэ нь өнөөдрийн байдлаар “Тавантолгой төмөр зам” компани. Ачдаг компани нэг, тээвэрлэдэг компани нь хоёр чиглэлтэй байсан. Үүнийг нэгтгэх болно. Хүмүүсийг цомхтгоно, хална гэсэн үг биш, мэргэжлийн хүмүүс нь ажлаа хийсэн хэвээрээ, удирдлага нь нэг болж, төсөвт хэмнэлттэй болно.
Ямар гэрээ хийв?
Нэр нь “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны хэлэлцээр”. Төмөр замаа холбоно, төмөр замаа барихын тулд нүүрсээ худалдана, нүүрсний өнөөгийн нөөц нь хүрэлцэхгүй учраас Тавантолгойн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Нэр хүртэл учиртай байгаа биз?
Юуны өмнө маш хүнд нөхцөлд гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Бидний 21 жил худлаа ярьсны дараах, манай талд ашигтай байлгахыг тулган шаардсан нөхцөлтэй, хамгийн гол нь хууль эрх зүйн орчин талдаа дотооддоо зөвшилцсөний үндсэн дээр энэ гэрээг хийж байна.
Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр УИХ-ын гишүүд “Орано майнинг”-ийн гэрээг баталчихаад “онцгүй юм болчихлоо” гээд хөдөөгүүр “попроод” байгаа шигээ “Тавантолгойн шинэ гэрээ”-нд хандвал улсынхаа эдийн засгийг хөмрөхөд хүрнэ. Нүүрс манай улсын эдийн засагт нөлөөлөх тэр чинээгээрээ “нүүрсний бизнесийнхэн” бараг арми үүсгэчихээд буй нь маргаангүй үнэн билээ. Тиймээс нүүрсний экспортын төмөр замын асуудал автомашинаар нүүрс тээвэрлэгчдийн ашиг сонирхлыг хөндөж байгаа юм. Гэтэл нүүрсний бизнесийнхний эрх ашиг ба улсын эдийн засаг, бүтээн байгуулалтын том төслийн аль нь илүү чухал юм бэ? Үүнийгээ харж УИХ, түүний гишүүд нүүрсний машинтай хүмүүст үйлчлэх бус экспортын өсөлт, нийт иргэдийн ашиг сонирхол, төрийн бодлого зорилтод нийцүүлж ажиллах учиртай.
Нүүрсний худалдаа ба үнэ өртгийн өөрчлөлт
Нүүрсний худалдааны хувьд “Эхний гурван жил буюу 2025-2027 онд өөрсдөө олборлоод 5 сая тонн нүүрс худалдана. 2028-2029 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК зургаа, зургаан сая тонныг төмөр зам ашиглалтад орохоос өмнө “Чайна энержи” компанитай худалдан борлуулах гэрээ байгуулна. Түүнээс цааш 20 сая тонн нүүрсийг худалдана. Ийнхүү эрчим хүчний “Чайна энержи” гэдэг том корпорацитай их хэмжээний нүүрс худалдах борлуулалтын гэрээ хийчихлээ. Ингээд их хэмжээний нүүрс худалдах гэхээр манай уурхайн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа юм. Тиймээс уурхайнхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх, нүүрсний гарцаа нэмэгдүүлж олборлож зарахын тулд бас хамтарч ажиллах болж байна. Тендрийн хүрээнд. Үүнд мөн “Чайна энержи” оролцоод, техник технологио гаргаж олборлоод их хэмжээгээр нүүрсийг чинь авъя л гэж байгаа юм. Тэгэхээр тоглоомын дүрэм манай талд байна. Ашигийн хувьд бид уурхайнхаа хүчин чадлаа нэмэгдүүлнэ, нүүрсээ ханш болон эрэлтэд санаа зовохооргүй тогтвортой худалдчихна, төмөр замтай болчихно. Үүндээ дөрөөлөөд бусад боомтын төмөр замуудаа холбочихно. Нүүрсний худалдан авалтын дараа төмөр зам нь алга болчихгүй учраас боомтуудаа нээх, холбохын ач холбогдлыг дахин нуршаад яах вэ. Энэ бүхэн нийлээд боомтын, эрчим хүчний, эдийн засгийн сэргэлт мөн.
Гэрээний хүнд нөхцөл гэдэг нь /миний л үзэл бодлоор бол/ энэ удаагийн гэрээнд Хятадын талын ашиг сонирхол бага тусаад байгаа учраас хэдэн хэцүү санал тавиад байна билээ. Манай тал ч тэдэнд хатуу тулгалт тавьсан. Энэ нь Чалкогийн үнэ дээр + үнийн индекс буюу өнөөх нүүрсний үзүүлэлтээс хамаарч нэмэх хасах 2-3 гэдэг интервалын асуудал. Яг энэ интервал нь Тавантолгой ордын дахиад хоёр дахь тэрбум тонн нүүрсний экспортын асуудал юм шүү дээ. Үүнийг хэт хатуу, өндөрөөр тогтоочихвол чанарын хувьд сайныг нь сорчилж ашиглаад, үзүүлэлт муутай руугаа орохгүй. Нүүрсний гэрээний талд манай тулгалт энэ.
Үүнд Хятадын тал хоёрхон улс хоорондоо нүүрс зарахад бирж байгаа нь утгагүй байна, амны үнээр зараач гэсэн анхны хүсэлтээсээ ухарч интервалыг хүлцэж буй. Ялалт гэж сүржигнэхгүй ч манай талын буруугаас болж цаг хугацаа алдсаны дараа хатуу шаардлага тавиад сууж байх амаргүй байсан. Гадныхны хувьд хэний Засгийн газар байх нь хамаагүй, Монголын л Засгийн газар. Хэлснээсээ буцсан бол, худлаа хэлсэн бол, ажил гацсан бол тэрний, энэний гэхгүй Монголын Засгийн газар л гэж ярьдаг. Энэ удаа Монголын тал УИХ-ын өгсөн чиглэл, зөвшөөрлөөс огт гацаагүй гэрээ, хэлэлцээр хийсэн. Одоо уг гэрээг УИХ соёрхон батална. Холбогдох хуулиудад өөрчлөлт хийх шаардлага гарна.
Наад зах нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд өөрчлөлт орох байх. Уг хуулийн үр дүнд нүүрсний хулгай буурсан, нүүрсээ үнэд хүргэж чадсан. Нүүрсний чанарыг ярихгүй, хэмжээг анхаарч зарснаар нүүрсээ сорчлуулж “дотооддоо хулгайлуулж” байснаа ухаарсан. Одоо бидэнд кинонд хэлдэгчлэн “хатуухан бэрийн шанагаар” буюу нүүрсээ сорчлуулахгүйгээр зарах шаардлага буй. Сорчилбол өндөр үнээр зарна. Түүнээс биш, урьдын адил нүүрсээ зараад байгаа нэртэй, чанар өндөртэйг нь хямд үнээр зараад, хогийг нь яаж угаах вэ гээд дахиад ашиг хийлгээд байх эрх байхгүй. Үүгээр эдийн засгийн үр ашиг “гоожоод” гарчихдаг, хариуцлага хүлээдэггүй. Энэ бол нүүрсний дээд зиндааны хулгай. Биржийн хуулийн түүхэн үүрэг биелэгдсэнд эдгээр үр дүн хангалттай. Гэхдээ хууль бодитой байх ёстой. Түүхэн үүргээ биелүүлсэн, шинэ нөхцөл байдал үүссэн бол хуулийн дагуу нэмэлт, өөрчлөлт, хөдөлгөөн хийж болно. Тэр нь үндэсний язгуур эрх ашиг, улс орны эдийн засгийн аюулгүй байдалд нийцсэн байх ёстой. Тиймээс хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийг УИХ соёрхохдоо ирээдүйгээ харах шаардлагатай байгааг анхаарч үзэх биз ээ. Ингээд хэлэлцээрт Чалкогийн үнэ дээр, тухайн улирлын индексжүүлсэн үнийг нэмээд хоёр талын тохирсоноор явахаар болж байна. Нүүрс бол тасралтгүй, урт хугацаанд нийлүүлэх ложистикийн бизнес. Тэгэхээр “тендерт ялаагүй ороогүй бол нүүрсээ худалдахгүй” гэсэн нөхцөл тулгаж болох уу гэдгээ бас бодолцох ёстой.
Хэн, ямар өртгөөр төмөр зам барих вэ?
Хятадын тал 4 тэрбум юань буюу 500 орчим сая ам.долларын, Монголын тал 230-250 сая ам.долларын төмөр зам барих юм. Хятадын тал бол шалгарсан компаниараа бүх ажлыг хийлгэе гэсэн саналтай. Монголын тал хуулийн дагуу тендерээ зарлаад, “шалгарсан нь хийг” гэдэг зарчмын байр суурь баримталж буй. Хил дамнасан төмөр зам гэх онцлогтой учраас тендерт зарлаад, сонирхсон компани бүрт байдгаа дэлгээд байх боломжгүй нөхцөл мөн боловч “тэг” гээд тендергүйгээр тэднийхээр бариулах эрх Засгийн газарт байхгүй. Тэгээд ч арилжааны компанитай тохиролцоод, асуудал үүсвэл хэрэлдээд явах боломжгүй. Ийм нэг зовлон байна. Энэ бол Хятадын талын тулгалтуудын нэг.
Хөрөнгө оруулагчдад үзүүлэх баттай худалдан авах 10 гВт эрчим хүчний экспортын гэрээ зурчихлаа
Дашрамд эрчим хүчний сэргэлт гэдэг дээр тайлбар хийе. Өнөөдөр улсын хэмжээний эрчим хүчний хэрэглээний хэмжээ 1.7 гВт байна. Суурилагдсан хүчин чадлаасаа хэрэглээ давсан. Дахиад 1.5 гВт шаардлагатай. Тиймээс эрчим хүч экспортолно гэдэг үгэнд итгэж ядсан, дургүйцсэн хандлага байдаг. БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чянтай илэн далангүй хэлэлцүүлэг хийж, хэлэлцээр баталсны үр дүнд эрчим хүч худалдах, худалдан авахад бэлэн гэдэг таатай хариуг сонсож, 10 гВт эрчим хүч худалдаж авах гэрээ хийчихлээ. Их хэмжээний эрчим хүч худалдан авбал хөрөнгө оруулъя гэсэн өнөөх Арабын томоохон хөрөнгө оруулагчид “Танайхаас Хятад улс экспортолж авна гэсэн баталгаа хаана байгаа юм бэ. Үүнийг баталгаатай болгочихвол бид хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байна” гэдгээ илэрхийлдэг. Хятад өөрсдөө ч, Араб, Вьетнам, Лаос зэрэг орнуудаас яг ийм саналууд тавьсан. Одоо бид энэ экспортлох гэрээгээ үзүүлснээр тэд хөрөнгө оруулна. Өөрөөр хэлбэл, 10 гВт-ыг худалдан авах асуудал баталгаатай. Бидний хэрэгцээнээс давахаар байгааг экспортолно. Ерөнхий сайдын өгч буй гол чиглэл нь зарчмын хувьд бид сэргээгдэх эрчим хүчний асуудлаар БНСУ, Герман, Япон, Араб зэрэг оронтой ярьж тохирсон зүйлс бий. Тиймээс эдгээр орнуудтай хамтран ажиллах нь Хятадтай хамтарч олборлолт, үйлдвэрлэл, худалдан авалт хийхээс илүү Үндэсний аюулгүй байдлын зарчимд нийцнэ гэсэн чиглэл өгч байгаа нь тун зөв.
Энэ мэтчлэн хэдийгээр гоё сайхан үр дүн, ард түмний эрх ашигт нийцсэн тулгалт, ялалт олонтой боловч “хөшигний цаана” амархан биш уур амьсгалд, сүржигнэж хэлбэл “гардан тулаанд” орсон гэрээ хэлэлцээр болсон гэж хөндлөнгөөс ажигласнаа онцлоё. Дараагийн дугаарт илүү нарийвчилсан тайлбар, мэдээллүүдийг өгөх болно.
Төгсгөлд нь хэлэхэд зорьсондоо хүрэхийн тулд Ерөнхий сайд эдгээр томоохон төслүүдийнхээ хэрэгжилтийг хамгаалж, өнөөдөртөө олон нийтэд таалагдахгүй хэдий ч эцсийн дүндээ улс орны язгуур ашиг сонирхлыг хангасан, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх хэтийн төлөвөө харсан шийдвэрүүд гаргахад хүрнэ. Хэдийгээр ардчилсан орны хувьд олон нийтийн санаа бодлыг анхаарах ёстой ч шийдвэрийг Төрийн ордонд гаргана. Гар утасны дэлгэцэн дэх шүүмжлэл хэрээс хэтэрч хараан зүхэх “мода” дэлгэрч буй нь төрийн шийдвэрт нөлөөлөх ёсгүй. Гаалийн татварын асуудлаар хатуу чиг шугам барьж АНУ-ын эдийн засагт буурах үр дүн авчирсан ч өөрийн шийдвэрт дөргүй бух шиг бат зогсож хэтдээ өөрийнхөө бус гүрнийхээ ноёрхлыг тогтоох гэж буй Трамп шиг байхыг ч нөхцөл байдал Л.Оюун-Эрдэнээс шаардаж мэдэх юм. Эрх мэдлийг парламент түүнд олгосон тэр хэмжээ хязгаар хуулийнхаа хүрээнд хааяадаа “Бага оврын” Трамп шиг байх чанарыг шаардаж ч мэдэхээр байна. Алга ташилтад хөөрөх үеэ Л.Оюун-Эрдэнэ хэдийн давчихаад хатуу боловч үнэн үгээр “вакумыг задалж” ажил хэрэгч мөрөө үлдээж зорьсондоо хүрэхээр ханцуй шамлан орсон тийм Ерөнхий сайдыг ганцхан алхмын зайнаас нүдээр хараад ирснээ энд тэмдэглэв.
/Үргэлжлэл бий…/