| |
“Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” сургалт амжилттай явагдаж өндөрлөлөө
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын даргын хамтран баталсан хөтөлбөрийн дагуу “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” ээлжит сургалт 2024 оны 05 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхийн сургалтын “Баяндөхөм” цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа.
Тус сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий цагдаагийн албан хаагчдын мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх зорилготой. Мөн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлоход оршино. Түүнчлэн шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, хуяглан хүргэх, эрэн сурвалжлах ажиллагаа холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу шуурхай явагддаг байх, цагдаагийн албан хаагчид цаг үеийн аливаа шаардлагатай мэдээллээр богино хугацаанд хэрхэн шуурхай хангагдах талаар нэгдсэн ойлголттой болж, шинээр нэвтрүүлсэн арга аргачлалд суралцдагаараа ач холбогдол бүхий онцлогтой сургалт юм.
2024 оны ээлжит сургалтад аймаг, нийслэл, сум дахь цагдаагийн газар, хэлтэс, тасгийн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан нийт 44 (нийслэл 13, орон нутаг 31) алба хаагч хамрагдлаа.