| |
Унгар улс руу нислэг үйлдэх хэлэлцээр байгууллаа
УИХ-ын дарга Г.Занданшатарын Унгар улсад хийж буй айлчлалын хүрээнд Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар улсын Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ингэснээр 30 жилийн өмнөөс яригдсан Унгар улс руу шууд нислэгтэй болох эрх зүйн орчин бүрджээ.Агаарын тээврийн салбарынхан, авиа компаниуд, аялал жуулчлал, бизнесийн салбарынханд шинэ боломж нээгдлээ. Унгар улс болон Зүүн Европийн улсуудад ажиллаж, амьдарч байгаа 30 гаруй мянган иргэн эх орондоо олон орон дамжилгүй шууд нислэгээр очих боломжтой болно.
Европын Холбооны улсууд руу зөвхөн Франкфурт, Истанбул чиглэлийн нислэгээр дамжин явдаг манай улсаас зорчих зорчигчдын хувьд аяллын хугацааг богиносгож, нислэгийн зардлыг бууруулах давуу тал бий болж байна. Ийнхүү манай улс 44 дэх улстайгаа агаарын тээврийн хэлэлцээр байгуулж шууд нислэг үйлдэх цэгийн тоо дахин нэгээр нэмэгдлээ.