| |
Судалгаа: Ковидын вакцин хийлгэсэн хүмүүс зүрх, мэдрэлийн өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр байна
Найман орны 99 сая хүнийг хамарсан томоохон судалгаагаар “Ковид-19”-ийн янз бүрийн вакцины гаж нөлөөний тохиолдол хүлээгдэж байснаас их байгаа талаар Дэлхийн Вакцины мэдээллийн сүлжээ (GVDN) даваа гаригт мэдээлжээ.
Судлаачид найман орны вакцин хийлгэсэн 99,068,901 хүнийг судалгаанд хамруулжээ. GVDN-ийн мэдээлснээр, судалгаагаар Pfizer/BioNTech (BNT162b2) болон Moderna (mRNA-1273) вакцин хийлгэсэн хүмүүсийн дунд миокардит (зүрхний булчингийн үрэвсэл) болон перикардит (зүрхний уутны үрэвсэл) өвчлөл хүлээгдэж байснаас түгээмэл байгаа аж.
Зүрхний булчингийн үрэвсэл нийт хүн амын дунд мРНХ-ийн эхний гурван тунг хэрэглэсний дараа тогтвортой байсан ч хоёр дахь тунгийн дараа өссөн үзүүлэлттэй байна. Харин Оксфордын их сургууль, “AstraZeneca”-ийн хамтран бүтээсэн вакцин нь тархинд нэг төрлийн цусны бүлэгнэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж үзжээ. Мөн энэхүү вакциныг дархлааны систем нь захын мэдрэлийн систем рүүгээ дайрч эхэлдэг гийен-барре хам шинжийн эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үзсэн байна.
GVDN судалгааны үр дүнг мэдээллийн самбартаа олон нийтэд нээлттэй болгожээ. "Өгөгдлийн хяналтын самбарыг олон нийтэд нээлттэй болгосноор бид эрүүл мэндийн салбар болон олон нийттэй илүү ил тод, илүү хүчтэй харилцаа холбоог бий болгох боломжтой" гэж GVDN-ийн захирал Др.Хелен Петуис-Харрис ярьжээ. Энэхүү судалгаа нь GVDN-ийн Дэлхийн “Ковид-19”-ийн вакцины аюулгүй байдлын төслийн нэг хэсэг бөгөөд АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс (CDC) 10 сая долларын буцалтгүй тусламжаар бүрэн санхүүжүүлсэн байна.