| |
Сэрэмжлүүлэг: Нийт 6578 га газар ой, хээрийн түймэрт өртжээ
Ой, хээрийн түймрийн дуудлага ОБЕГ-т гурван тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал,
Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Буургачин багийн “Цагаан тохойн Мухрын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 180 км, сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.22-ны өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид “Бугант номин” ХХК, “Номголжин” ХХК, “Цант-Ажнай” ХХК, “Мандал-Оргил” ХХК, “Нугын хишиг” ХХК, “Үзэгдэх дэлгэр” ХХК, УБТЗ-ын “Зүүн хараа” өртөөний Мод боловсруулах үйлдвэрийн ажилтан, албан хаагчид 10.23-ны өдрийн 13:25 цагт ойн түймрийг цурамд оруулж зүүн болон зүүн хойд хэсэгт цэвэрлэгээ хийж бүрэн унтраахаар ажиллаж 10.24-ний өдрийн 15:10 цагт унтраасан. Урьдчилсан байдлаар гал түймэрт 18 га орчим талбай өртөж шатсан.
Дорнод аймаг, Матад сум. Мэнэн багийн “Чулуут-Овоо" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 135 км-т, /Монгол Улсын хилийн 1463 дугаар тэмэгтийн чиглэлд/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.24-ний өдрийн 11:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Хилийн 0306 дугаар ангийн алба хаагчид, Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тосны 21 дүгээр талбайн ажилтан алба хаагчид хамтран хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж 17:30 цагт унтраасан. Уг гал түймэрт 6400 га талбай өртөж шатсан.
Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум. 5 дугаар багийн “Үнэгэдийн хороон бууц" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 10.24-ний өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 19:03 цагт унтраасан. Уг гал түймэрт 160 га талбай өртөж шатсан.