| |
Ипотекийн зээлийг эргэн төлдөг болж, сард 40 орчим тэрбум төгрөгийн шинэ зээл олгоно
Энэ сараас эхлэн ипотекийн зээлийн эргэн төлөлт хэвийн үргэлжилнэ. Ковидын буюу Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаа энэ онд дуусгавар болно. Ингэснээр төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн эргэн төлөлт ковидын өмнөх үеийн хуваарийн дагуу үргэлжилнэ. Энэ зээлийн эргэн төлөлтийг таван удаа хойшлуулсан юм.
Засгийн газар, УИХ-ын ажлын хэсэг ипотекийн зээлийн эргэн төлөлтийг зургаа дахь удаа хойшлуулах, эсэх талаар хэлэлцээд, хэвийн үргэлжлүүлэх болсон. Учир нь энэ зээлийн эргэн төлөлтөд сард дунджаар 40 орчим тэрбум төгрөг цуглардаг. Энэ эх үүсвэрээр дараагийн зээлдэгчийн байрыг санхүүжүүлдэг. Гэвч 2020 оноос хойш оноос зээлийн эргэн төлөлт багассан тул шинээр зээл авах иргэдийн тоо буурсан. Иймд ипотекийн зээл ховор бараа болж, банкны эдийн засагчид авлига өгөхгүй бол зээл авч чадахгүй гэсэн ам дамжсан яриа ч гарсан юм.
Ипотекийн зээл олгож эхэлснээс хойш нийт 3.4 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй 63 мянган өрх зээлтэй байна. Тэд 2020-2022 оныг дуустал нийт 978 тэрбум төгрөгийг банкуудад төлөх байв.
- 419 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр,
- 559 тэрбум төгрөгийн хүүний төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан юм.
Ийм хэмжээний мөнгө банкуудад төвлөрч, банкууд олгосон ипотекийн зээлүүдээ багцлан МИК-т худалдаж, тэрхүү орлогоороо дараагийн зээлийг санхүүжүүлэх байв. Ипотекийн зээлийн санхүүжилтийг маш энгийнээр тайлбарлавал ийм бүтэцтэй. Гэвч 2017 оноос хойш жигдэрсэн энэ тогтолцоо 2020 оноос хойш тасарсан.
63 мянган өрх ирэх сараас эхлэн зээлээ эргэн төлснөөр сард нийт 40 орчим тэрбум төгрөг болно. Энэ мөнгийг зээлдэгчид хоол, хувцас, гар утасны төлбөр гэх мэт өдөр тутмын зардалдаа хоёр жилийн турш зарцуулсан. Харин хэдхэн хоногийн дараахнаас хэрэглээний зардлаа танаж, зээл төлж эхлэх нь багагүй бэрхшээл үүсгэж болзошгүй. Учир нь дийлэнх зээлдэгчийн орлого өсөөгүй атал инфляц 14 хувийг давсан тул олон хүн цалингаа хэрхэн хүргэх талаар бодож сууна.
Ипотекийн зээлийн эргэн төлөлт өрхийн санхүүгээс гадна мөнгөний нийлүүлэлтэд ч нөлөө үзүүлдэг. Иргэдийн худалдан авалт эсвэл хадгаламж 40 орчим тэрбум төгрөгөөр шууд буурах тул энэ хэрээр хэрэглээ хумигдаж, инфляцыг тогтоон барихад эерэг нөлөө үзүүлнэ.
Төгсгөлд нь онцлоход 2020 оноос хойш ипотекийн зээл авсан нийт иргэний 80 хувь нь зээлээ хойшлуулж, 20 орчим хувь нь хуваарийн дагуу зээлээ төлжээ.