|
Видео

Шинэ мэдээ

ЭМЯ, ШӨХТГ-ынхан “Сетунари”-гаас эмээдэг үү?!

 

ЭМЯ, ШӨХТГ-ынхан “Сетунари”-гаас эмээдэг үү?!

 

Эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмж, оношлуур, урвалж нийлүүлж, лабораторийн үйл ажиллагаа явуулдаг "Сетунари” гэж компани бий. ЭМЯ, түүний харьяа том төслүүд мөн COVID-19-ийн үед улсын төсвөөс болон хандив, тусламжаар ирсэн хөрөнгийн тендерт тогтмол оролцдог.

 "Сетунари”-гийн үүсгэн байгуулагч нь Д.Энхтуяа бөгөөд охин болон туслах компани олонтой. Ер нь бол энэ салбарт 16 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа юм. Гэм нь салбартаа монополь тогтоохыг оролдож, өрсөлдөгчдөө шахах үйл ажиллагаа явуулдаг гэх гомдол тасардаггүй. Ийм байдалтай олон жил болж байна.

Тус компанийг хамгийн сүүлд ЭМДЕГ-аас зарласан Сумын эрүүл мэндийн төвүүдэд лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх ЭМДЕГ/202110015 дугаартай 9.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийг аваад төрийн мөнгийг үрэн таран хийж байна гэх мэдээлэл тарсан.

Тодруулбал, энэ тендерт дөрвөн төрлийн тоног төхөөрөмжтэй нэг багцад нийт 86 шалгуураар санал авсан.  Оролцсон долоон компани 3.6- 9.79 тэрбумын хооронд санал өгсөн. Гэтэл 9.75 тэрбум төгрөгөөр санал өгсөн "Сетунари” шалгарсан байна гэх гомдлууд тарсан.

Харин төрийн тендерийн албан ёсны мэдээллийн сайтад "…"Сетунари”-г уг тендерт шалгаруулаагүй, хассан” гэсэн мэдээлэл нийтэлжээ. Тайлбартаа "…Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29.4 тус тус заасны дагуу тендерийн хүчинтэй байх хугацаа 2022 оны нэгдүгээр сарын 23-ны өдрөөр дуусгавар болж тендерийн хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулах боломжгүй болсныг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Тэгвэл өнөөх "Сетунари” маань нөгөө талд нь ЭМДЕГ-аас зарласан өөр нэг тендерт шалгарчээ. Тус компани 2021 онд 32.325 тэрбум төгрөгийн өртөгтэй ЭМДЕГ/202102001 дугаартай Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн 8.280 тэрбум төгрөгөөр 64 зүслэгтэй компьютер томограф нийлүүлэх "Багц 3”-т шалгарсан байна. Үнэлгээний хороо тус компанийг "Хамгийн сайн гэж үнэлэгдсэн” хэмээн тайлбартаа бичжээ.

Үүнээс гадна хэл ам гарсны дараа цуцлагдсан гэх ЭМДЕГ-ын дээрх 9.8 тэрбумын тендертэй яг ижил нөхцөл байдал 2019 онд болж байжээ. Тухайн жилд ЭМЯ-ны үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлтийн 2.14-т " Зарим төсөл, арга хэмжээний ажил гүйцэтгэх гэрээг ТБОНӨХБАҮХАТХ-ийн 29 дүгээр зүйлийн 29.28 -т заасан тендерийн хүчинтэй хугацаанд байгуулаагүй байна” гээд "Тухайлбал, улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж нийлүүлэх "Багц 4”-т шалгарсан "Сетунари” ХХК-д гэрээ байгуулах тухай мэдэгдлийг 2019 оны арванхоёрдугаар сарын 24-нд хүргүүлсэн боловч 2019 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулсан” гэсэн байдаг.

Түүнчлэн "Сетунари”-гийн нийлүүлсэн тоног төхөөрөмж, бараа материалд асуудал гарч байсан тохиолдол цөөнгүй аж.

2014 онд тухайн үеийн ҮАГ-ын хийсэн аудитын дүгнэлтэд "Эмнэлэгийн тоног төхөөрөмжийн худалдан авалт, нийлүүлэлтийн нэгдсэн бодлого дутагдаж байна. Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө, зээл, тусламжийн хөрөнгөөр нийлүүлж байгаа гүйцэтгэгчийн гэрээний үүргийн биелэлтэд тавих хяналтыг сулруулснаас тоног төхөөрөмжийг бүрэн нийлүүлээгүй, тээвэрлэлт, суурилуулалтын явцад гарсан гэмтлийн улмаас тухайн тоног төхөөрөмжийг ашиглаагүй байна. Тухайлбал, Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт "Оношилгооны төв” шинээр байгуулахад 2.151.575,5 мянган төгрөгийн тоног төхөөрөмж ирснээс "Сетунари” ХХК-ийн нийлүүлсэн биохимийн анализатор, коагулаграммын аналикатор, илиза уншигч хэвлэгч, тог баригчгүй, шээсний анализатор дрограммын гэмтэлтэй, тог баригчгүй, тархины судасны 26 доплеграфи хэвлэгчгүй техникийн шаардлага хангахгүй тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдсэн байна” гэсэн ноцтой факт орсон байдаг.

Эдгээр нь "Сетунари” компанийн үйл ажиллагаатай холбоотой олны нүдэнд ил байдаг мэдээллүүд юм. Гэсэн ч холбогдох байгууллагууд тус компанийн үйл ажиллагааг сайжруулах, хариуцлага ярих тал дээр учир дутагдалтай ажилладаг байна. Тэр ч байтугай ЭМЯ, ШӨХТГ гэсэн төр төлөөлсөн байгууллага "Сетунари”-гаас эмээдэг бололтой.

Учир нь "Сетунари” ямар нэг тендерт ялагдвал, гомдлыг нь авч хэлэлцсэнгүй гэх шалтгаанаар  ЭМЯ-ны Үнэлгээний хороо, ШӨХТГ-г шүүхэд өгчихдөг байгаа юм.

Мөн 2012 оны арваннэгдүгээр сарын 15-нд Нийслэлийн захиргааны хэрийг шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар "Сетунари” компанийн нэхэмжлэлтэй, ЭМЯ, ЭМЯ-ны Тендерийн үнэлгээний хороо, ШӨХТГ-ыг хариуцагчаар татаж, "Лабтех”, "Саммит медикал сервис” компанийг гуравдагч этгээдээр татсан хэргийг хэлэлцээд 0466 тоот шийдвэр гаргажээ. Уг шийдвэрт "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 15.3.1, 15.3.2, дахь хэсэг,  27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 27.3 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.5 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг, 47 дугаар зүйлийн  47.2.2, 47.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан "Сетунари” ХХК-аас ЭМЯ, ЭМЯ-ны Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан "ЭМЯ-наас зарласан "Улсын клиникийн төв эмнэлэгт Ангиографийн аппарат нийлүүлэх "ЭТТ 2012-06 тоот тендер”-ийн үнэлгээг хууль бусаар гаргасан "Эрүүл мэндийн яамны Тендерийн үнэлгээний хорооны 2012 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн болон  тавдугаар сарын 15-ны өдрийн хурлын тэмдэглэлээр ЭМЯ-ны Тендерийн үнэлгээний хорооны "Лабтек” ХХК-ийг тендерт шалгаруулсан шийдвэр, дүгнэлтийг  хүчингүй болгуулах, захиалагчийн "Лабтек” ХХК-тай гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон шийдвэрийг  хүчингүй болгуулах, ШӨХТГ-ын албан бичгийн хэрэгжилтийг биелүүлэхийг даалгах, Тендерийн үнэлгээг дахин хийж шалгаруулалт явуулахыг ЭМЯ-ны Тендерийн үнэлгээний хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт, А.Отгонцэцэг, Т.Энхмаа нар  2013 оны хоёрдугаар сарын 6-нд дээрх гомдлыг хэлэлцсэн байна. Ингээд 55 дугаартай магадлал гаргажээ. Түүндээ "Нийслэлийн  захиргааны  хэргийн шүүхийн 2012 оны арваннэгдүгээр  сарын 15-ны өдрийн 466 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас "ШӨХТГ-ын албан бичгийн хэрэгжилтийг биелүүлэхийг даалгах "гэснийг  хасч, өөрчлөн  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй” гэсэн байна.

Түүнчлэн 2012 оны есдүгээр сарын 18-нд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч Э.Лхагвасүрэн "Сетунари” ХХК-ийн нэхэмжлэлтэй ЭМЯ-ны Үнэлгээний хороо хариуцагчаар татагдсан хэрэгт 0365 дугаартай шийдвэрийг гаргасан байна. Түүндээ "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 28.3 дахь хэсэгт заасныг баримтлан "Ситунари” ХХК-ийн "Эрүүл мэндийн яамны Тендерийн үнэлгээний хорооны 2012 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн "Пролианс” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр, зөвлөмжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, мөн тус компанитай гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон захиалагчийн 2012 оны тавдугаар сарын 7-ны өдрийн 2/1725 дугаар албан бичгийг хүчингүй болгох, дахин үнэлгээ хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэжээ. Улмаар 2012 оны арваннэгдүгээр сарын 20-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ дээрх "Сетунари” ХХК-ийн нэхэмжлэлтэй ЭМЯ-ны Үнэлгээний хороо хариуцагчаар татагдсан хэргийг авч хэлэлцээд 330 дугаартай магадлал гаргажээ. Уг магадлалаар 88.1.4.шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шийдсэн байна. Дэлгэрүүлбэл "Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 365 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй” гэсэн байгаа юм.

"Сетунари” компани нь энэ мэтчилэн ЭМЯ, түүний Тендерийн үнэлгээний хороо, цаашлаад ШӨХТГ-ыг шүүхэд өгчихдөг байна. Хэдийгээр шүүх байгууллага "Сетунари”-гийн хүссэнээр тэр бүр шийдэхгүй ч байнгын энэ гомдол, түүнээс үүдээд тендерийн үйл ажиллагаа, хугацаа нь хойшилж чирэгдэл үүсдэг явдал нь ЭМЯ, ШӨХТГ-ын алба хаагчдын "зүрхэнд орчихсон” бололтой. Тиймээс ЭМЯ, ШӨХТГ-ынхан "Сетунари”-гаас эмээдэг гэх ойлголт эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, компаниудын дунд бий болжээ.

Udur%20tutam%20Eren ЭМЯ, ШӨХТГ-ынхан

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж:

"Зууны мэдээ” сонин – 2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 16. ЛХАГВА ГАРАГ. № 54 (6786)

"Өнөөдөр” сонин – 2022.03.16. ЛХАГВА № 052 (7354)

Өдрийн сонин –  2022.03.16. ЛХАГВА № 048 (6921)


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.