| |
Төсвийн ил тод байдлыг хангах "ИРГЭДИЙН ТӨСӨВ-2022"
Сангийн сайд Б.Жавхлан анх удаагаа өргөн барьсан 2022 оны улсын төсвөө "ХӨГЖИЛ”-ийн "ХЭМНЭЛТ”-ийн гэж тодотгосон. Гэвч төсөв энэ тодотголтойгоо огтхон ч уялдаж авцалдахгүй байгаа нь Богд Зонховагийн хөшөөний 32 тэрбумаар ил болсон.
Төсөв эцсийн эцэст татвар төлөгчдийн мөнгө. Тийм учраас юунд хэрхэн зарцуулж байгааг иргэд хянадаг нягталдаг байх нь зүйд нийцнэ. Тэгснээс УИХ-ын 76-д итгэж найдаад үлдээчихээр тойрог руугаа аар саархан, соёлын төвийн хөгжим, сургууль эмнэлгийн засвар гэхчлэн замхардаг. Төсвийн хүчийг ингэж 30 жил тарамдуулсан нь Монголын хөгжлийн хоцрогдлын нэг шалтгаан болж байна. Т.Доржханд гишүүний хэлээд байгаа энэ. Гэхдээ үүний тулд сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой гэдэг нь ч тодорхой.
Төсвийн хуваарилалт ард түмний оролцоотой байх учиртай. Их хурлаар хэлэлцэхээс өмнө иргэддээ танилцуулдаг, санал асуулга явуулдаг байвал зүйд нийцнэ.
Ардчилсан орнууд "Иргэдийн төсөв-2022” гэхчлэн төсвийн мэдээллийг хэвлэн гаргадаг, иргэддээ түгээдэг. Түүгээрээ дамжуулж санаа оноо авдаг.
Монгол Улсын Сангийн яамны санаачлагаар Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрын санхүүжилт, дэмжлэгээр "Иргэдийн төсөв-2018” товхимлыг Монгол Улсын 2018 оны батлагдсан төсвийн мэдээллийг иргэдэд хүргэх зорилгоор монгол, англи хэлээр бэлтгэн гаргаж байв. Хэдийгээр энэ нь УИХ-аар хэлэлцэгдэж батлагдсаны дараа хэвлэдэг ч иргэдэд төсвийн зарцуулалтын талаархи мэдээллийг маш ойлгомжтой, хялбар байдлаар хүргэсэн сайн жишиг байв.
Гэхдээ Сангийн яамнаас Иргэдийн төсөв-ийг жил бүр гаргадаг болж байгаа.
Төсвийн талаар мэдлэг, мэдээллийг тогтмол өгч төсвийн үйл явцад иргэний хяналт, оролцоог нэмэгдүүлэх, ил тод байдлыг сайжруулах зорилгоор "Иргэдийн төсөв” товхимлыг анх удаа боловсруулан толилуулж байгаа юм. Харамсалтай нь энэ жишгийгиргэд төдийлөн анзаарахгүй, ач холбогдол өгөхгүй байна. 2022 лгы Иргэдийн төсөв Ном товхимол хэлбэрээр бус цахим хэлбэрээр Сангийн яамны сайтад байршсан байна билээ. Төсвийн ил тод байдлыг хангаж, хаана юунд зарцуулах ёстойг судалж, иргэдийнхээ санаа оноог авахадИргэний төсөв чухал үүрэгтэй. Харамсалтай нь Сангийн яам байршуулаад мартчихдаг. Иргэдээ мэдээлж, тэднийг төсөв боловсруулах явцад татах оролцуулах талаар туйлын хангалтгүй ажилладаг.
Төсөв бол тухайн улс орны эдийн засгийн удирдах чадварын толь юм. Иргэн таны төлсөн татвараас бүрдсэн төсөв эргээд нийгмийн сайн сайхан байдлын төлөө зарцуулагдах ёстой хөрөнгө.
Төсвийн ил тод байдал, үр ашгийг сайжруулахад "Иргэдийн төсөв” үнэлж баршгүй ач холбогдолтой байх нь тодорхой.
"Интернэйшнэл Баджет Партнершип* олон улсын ТББ-аас үндсэн 8 үзүүлэлтээр "Төсвийн ил тод байдал”-ыг индексжүүлэн тооцож олон улсын түвшинд үнэлдэг.
Гурван дөрвөн жилийн өмнө Монгол Улс Төсвийн ил тод байдлын үзүүлэлтээрээ дэлхийн дундаж үзүүлэлт 42-оос ялимгүй өндөр гарсан гэсэн мэдээлэлтэй байв.
"Иргэдийн төсөв” нь хэн ч уншаад ойлгох энгийн хялбар хийцтэй, график зураг ашигласан, мэргэжлийн ойлгомжгүй үг хэллэгээс аль болох зайлсхийсэн гэхчлэн шалгууртай байх ёстой биз.
УИХ-ын гишүүдийн дуу нэгтэй баталсан 2022 оны төсвийн араас мөшгихөд ямар ямар үргүй зардал ил тод болж байгааг иргэд анзаарсан байх. Тиймээс иргэд мэдэх эрхийнхээ хүрээнд "Иргэдийн төсөв”-ийг эрх баригчдаас шаардаж, санаа оноогоо нэмэрлэх боломжтой.
Б.Тулга
TOIM.MN