|
Видео

Шинэ мэдээ

Арабын орнууд цөлд оршдог мөртлөө яагаад гадаадаас элс импортолдог вэ?

Арабын орнууд цөлд оршдог мөртлөө яагаад гадаадаас элс импортолдог вэ?

 

Цемент, тоосго, шил гэх мэт барилгын бүхий л гол материалыг үйлдвэрлэхэд шаардлагатай байдаг учраас элс нь аж үйлдвэрлэлийн хэрэгцээгээр усны дараа ордог байгалийн баялаг юм. 2014 оны тайлангаар дэлхий дээр нэг жилд олборлосон нийт материалын жингийн 85 хувийг элс дангаараа бүрдүүлж байсан гэвэл та итгэх үү? Гэтэл нутаг дэвсгэр нь бараг тэр чигтээ элсэн цөлөөс бүрддэг Арабын нэгдсэн Эмират улс жилд дунджаар 450 сая долларын үнэ хүрэх барилгын элсийг Австралиас импортолдог гэнэ. Яагаад тэр юм бол?

Жил бүр дэлхий даяар барилга, аж үйлдвэрлэлд 40 тэрбум тонн элс болон хайрга ашигладаг. Сонирхолтой нь сэрүүн, дулаан бүсийн орнууд элсний хэрэгцээгээ дотоодоосоо хангадаг байхад Сахарын болон Арабын цөлд орших орнууд элсийг бараг 100 хувь гадаадаас авдаг. 

Аливаа элсний барьцалдах чанар нь ширхгийн хэмжээ болон хэлбэрээс хамаардаг. Гэтэл жинхэнэ цөлийн элс нь маш нарийн ширхэгтэй, нэг үгээр хэлбэл хэтэрхий "зөөлөн" тул барилгын ажилд тохиромжгүй байдаг нь дээрх асуудлын шалтгаан аж. Цөлийн элсээр аливаа зай завсрыг дүүргэж болох ч зуурмаг хийж огт болохгүй. Цемент, хайргатай хольж бетон зуурлаа гэхэд тэр дороо агшиж жижгэрдэг тул барилгын суурь хийхэд маш аюултай. 

 

 

Тэгэхээр барилгын ажилд ашиглах элсийг далай, нуур, голын ёроол болон хөвөө, түүнчлэн тусгай ил уурхайгаас ихэвчлэн олборлоно. Хад чулууны элэгдэл, бутралаас үүсдэг тэдгээр элсний ширхгийн диаметр нь 0.16-4.5 мм байдаг бол цөлийн элсний ширхэг 0.05-0.25 мм байдаг. Ерөнхийдөө цөлийн элс барилгын элснээс хоёроос гурав дахин нарийн ширхэгтэй, хөнгөн байдаг учраас цөлд байнга элсэн шуурга болдгийн шалтгаан нь энэ юм.

 

 

Иймд Араб, Хойд Африкийн орнууд болон Европын зарим орнууд далайн тээврээр их хэмжээний элс импортолдог байна. 

Харамсалтай нь дэлхийн барилгын элсний нөөц шавхагдахад тун ойрхон байгаа бөгөөд байгаль экологид энэ нь аль хэдийн сөргөөр нөлөөлж эхэлжээ. Голын урсац, нуурын усны түвшин тогтвортой байх, ус нь цэвэр байхад нөлөөлөхөөс гадна аливаа байгалийн гамшгийн хаалт болж байдаг элс үгүй болсноор томоохон аюул учрах боломжтой. Хамгийн ойрын жишээ гэхэд Хятадын цэнгэг устай хамгийн том нуур Поян хэт их элс олборлолтын улмаас бараг ширгэхдээ тулаад байгаа аж.

 

 
https://www.caak.mn/view/8288806/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler