![]() |
"Дархлаа сэргээх тун хийлгээд 14 хоносон иргэдийн 0.1 хувь нь халдвар авсан"
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийх үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа дархлаажуулалтын талаар танилцууллаа.
Тэрбээр "Улсын хэмжээнд нийт хүн амын 69.2 хувь нь вакцины нэгдүгээр тунд хамрагдсан байна. Хоёрдугаар тунгийн хамралт 65.4 хувь байгаа бол гуравдугаар тунд есдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 297 мянган хүн хамрагдсан байна.
Гуравдугаар тунд 55-59 насныхан хамгийн идэвхтэй хамрагдаж байна. Вакцинд хамрагдалтыг задлаж үзвэл 6260 жирэмсэн эмэгтэй, 6349 хөхүүл эмэгтэй, 12-15 насны 182 мянга, 16-17 насны 75 мянган хүүхэд ковид19-ын эсрэг вакцинд хамрагдаад байна.
Эрүүл мэндийн сайдын 2021 оны есдүгээр сарын 10-ны тушаалаар 18 ба түүнээс дээш насны иргэдийг дархлаажуулалтын нэмэлт гуравдугаар тунд хамрагдуулах шийдвэр гарсан. Иргэдийн сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтын ажлыг үргэлжлүүлж байна. Монгол Улсад вакцины гуравдугаар тунд хамрагдсан 255 мянган иргэнд хийсэн судалгаагаар вакцинд хамрагдаад 14 хоногийн дараа 0.1 хувь нь халдвар авсан нь гуравдугаар тунгийн үр дүн өндөр байгааг илтгэж байна. Манай улс нийт 6.3 сая тун вакцин татан аваад байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1.2 сая тун вакцины нөөцтэй байна" хэмээлээ.
