|
Видео

Шинэ мэдээ

2021 оны дижитал шилжилтын трэнд

 

Цар тахал дижитал шилжилтийн хурдыг хэд дахин нэмэгдүүлсэн билээ. Тэр дундаа 4G сүлжээнээс даруй 100 дахин хурдан 5G сүлжээний хэрэглээ өсөн нэмэгдэж байна.

Цаашид дэлхий нийтээр AI болон VR-ийн хэрэглээнд ч томоохон шинэчлэлт авчирна гэсэн хүлээлттэй байгаа юм

Үүрэн холбооны хувьсгал хэмээн нэрлэгдэж буй 5G технологи Хятад, АНУ, Япон, Вьетнам зэрэг оронд аль хэдийн өдөр тутмын хэрэглээ болжээ. 

Харин манай улсад уг технологи хэзээ нэвтрэх эсэх нь тодорхойгүй байна. Уг үйлчилгээний зах зээлийн ханш, 5G сүлжээг хүлээн авах, ачааллах хүчин чадалтай гар утас, төхөөрөмж зэргээс шалтгаалах юм. 

Баттай бус эх сурвалжийн мэдээгээр 5G сүлжээ 2023 оны сүүлээр эсвэл 2024 оны эхээр манай улсад нэвтэрнэ гэсэн тооцоо бий. 

БЛОКЧЭЙН ТЕХНОЛОГИ БИЗНЕСИЙН САЛБАРТ ШИНЭЧЛЭЛ АВЧИРНА


Блокчэйн технологи олны анхаарлыг татсаар байна. Тэр дундаа блокчэйн технологи дээр суурилсан санхүүгийн хэрэгслүүд бий болсон нь үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулах, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэмэгдүүлж буй. Мөн энэ чиглэлээр дагнан ажиллаж буй компаниуд ч олноор бий болж байна. 

Яваандаа блокчэйн технологи кибер аюулгүй байдалд чухал үүрэг гүйцэтгэх аж. Өөрөөр хэлбэл, блокчэйнээр дамжуулбал та хувийн мэдээллээ өөр хэн нэгэнд даатгалгүйгээр зөвхөн өөрөө л нэвтрэх боломжтой.

Блокчэйн технологийн өөрчлөх боломжгүй, өгөгдлийн аюулгүй байдал хангагдсан байдал нь гуравдагч талын оролцоогүйгээр хоёр хэрэглэгч шууд харилцах боломжийг хангадаг. 

Одоогийн байдлаар Энэтхэг улсын зах зээлийн бүхий л салбарт блокчэйн технологийн ашиглалт, боломжуудыг өргөжүүлэхэд чиглэсэн судалгааны баг томилон ажиллаж байна.

Блокчэйн технологийг үйлчилгээнд нэвтрүүлснээр хормын дотор гүйлгээ хийх, чатбот (автомат хариулагч) ашиглан цаг алдалгүй үйлчилгээ авах, гэрээ хийх, нотариатын үйлчилгээ авах, блокчэйнд суурилсан гар утасны аппликэйшн хэрэглэх гэх зэргээр хэрэглээнд нэвтэрч байна. 

Мөн блокчэйн ашиглан улс хооронд мөнгөн гуйвуулга хийхэд 2-3 хувийн шимтгэлтэй бол энгийн гуйвуулга 5-20 хувийн шимтгэл авч байна. Австралийн төв банк болон тус улсын Westpac банк, Германы улсын Deutsche Bank, Barclays Bank тэргүүтэй банк хэдийн блокчэйн үйлчилгээнд шилжжээ. 

Түүчнлэн блокчэйн технологиор хувьцаа арилжих гүйлгээг заавал хөрөнгийн бирж, брокерт хандах шаардлагагүй бөгөөд  хурдан шуурхай, арилжаа хооронд шимтгэл бага гүйлгээ хийх боломжтой. 

Үүний нэг жишээ бол дэлхийн хоёр дахь томоохон хэмжээний хөрөнгийн биржийн компани болох Nasdaq нь 2015 онд үйлчилгээндээ блокчэйн технологи нэвтрүүлж байсан юм. 


УЛС ОРНУУД ЦАХИМ АЮУЛГҮЙ БАЙДАЛДАА АНХААРЧ БАЙНА


Цар тахал, хөл хорионы улмаас зайнаас ихэнх үйл ажиллагаагаа явуулж буй албан байгууллага, компаниудын серверүүд хакерийн халдлагад өртөх нь ихэсчээ. Хакерууд бизнес эрхлэгчдийн сүлжээнд тоглолт хийж их хэмжээний хохирол учруулж байгаа тул энэ асуудал анхаарлын төвд байна.

Иймээс байгууллага бүр л цахим аюулгүй байдал, нууцлалыг эн тэргүүнд үзэж, ач холбогдол өгч байна.

2020 оны 1 дүгээр сарын байдлаар банкны сүлжээнд гарсан халдлага 238 хувь, үүлэн технологийн сүлжээнд гарсан халдлага 600 хувь өссөн гэсэн тооцоо гарчээ.

Компаниуд кибер аюулгүй байдлын стратегиа сайжруулахад ихээхэн хөрөнгө зарж цахим сүлжээ, гар утсаараа гэртээ ажиллах төхөөрөмжүүдийг сайжруулахад анхаарч байна..


БАНК, САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ


Банк санхүү дижитал шилжилтэд хамгийн хүчтэй нөлөөл үзүүлсэн салбарын нэг билээ.Өнөөдөр бид төлбөр тооцоо хийх гэж банканд очихгүйгээр гар утсаараа тооцоо хийж, цахимаар зээлийн өргөдөл гаргаж байгаа нь үүний бодит илрэл юм.

Манай улсад гэхэд өдгөө хоёр хүн тутмын нэг нь мобайл банк ашигладаг гэх статистик тоо бий. Ирэх жилүүдэд ч банк, санхүү, төлбөр тооцооны систем өргөжиж, дэлхий дахинд дижитал банкны хэрэглэгчдийн тоо улам ч ихээр өсөх нь. 

Хоёр жилийн дараа гэхэд дижитал банк хэрэглэгчдийн тоо 3.6 тэрбумд хүрэх тооцоог "Juniper” олон улсын судалгааны байгууллагаас гаргажээ. 

CNBC-ийн мэдээлснээр энэ оны 4 -р сард мобайл банкинд шинээр бүртгүүлэх хэрэглэгчийн тоо 200%, мобайл банкны гүйлгээний урсгал 85% -иар өссөн байна.


ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ТЭСРЭЛТ

 

Хүмүүс хиймэл оюун ухааныг ирээдүйн чиг хандлага гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байна. Кино үзэх, цахим сүлжээ ашиглах, дэлгүүр хэсэх, хоол идэх гээд бүх л хэрэглээнд хиймэл оюун ухаан тусалдаг болох нь. Сонголтыг хялбарчлаад зогсохгүй ажлын байранд ч хувьсгал авчирч буй.

Хиймэл оюун ухааны бас нэгэн давуу тал нь мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулж, хэрэглэгчийн дата, нууцлалыг бэхжүүлэх, кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чухал үр нөлөөтэй. 

Үйлчилгээний салбарт хэрэглэгчтэй харилцах хялбар үйлчилгээ чатботын системийг илүү их хэрэглэнэ гэсэн хүлээлттэй байгаа юм. Эрүүл мэндийн салбарт ч хиймэл оюун ухаан хурдтай нэвтрэх төлөвтэй. Жишээ нь Их Британи улс хөхний хорт хавдрыг хиймэл оюун ухаант аппаратын тусламжтайгаар эрт оношилж, илрүүлж байна.

Давуу тал нь нарийвчлал сайтайгаар уг өвчнийг оношлохоос гадна 24 цагийн турш зогсолтгүй шинжилгээний хариуд дүн шинжилгээ хийх боломжтой.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler