|
Видео

Шинэ мэдээ

Язралтыг хэрхэн гэрийн нөхцөлд арилгах вэ?

Язралтыг хэрхэн гэрийн нөхцөлд арилгах вэ? 
 

Язралт гэж юу вэ?

Язралт нь нарийн, долгиолсон судал хэлбэртэй арьсан дээр тогтдог сорви бөгөөд ихэвчлэн хэвлий, гуя, цээж, гар зэрэг биеийн хэсгүүдэд үүсдэг билээ. Арьсны язралт барын судал мэт харагддаг тул барууны орнуудад үүнийг "tiger stripes” хэмээн нэрлэдэг байна. Мөн язралт анх үүсэхдээ улаан хүрэн болон ягаан өнгөтэй байдаг бол удахын хирээр цайрч, арьсны өнгөтэй уусаж, мэдэгдэх нь багасдаг юм. Аливаа хатангиршсан эд эсийн адил язралттай арьс ч мөн тос, хөлсний булчирхай болон үсний булцуугүй байдаг билээ.


Язралт үүсдэг шалтгаанууд

Язралтыг хэрхэн гэрийн нөхцөлд арилгах вэ? (фото 1)

Арьс хэт их сунасны улмаас уян хатан чанар нь алдагдаж, язралт үүсдэг байна. Тодруулбал, холбогч эд дотор байдаг арьс сунгах үүрэгтэй эластин болон коллагены ширхгүүд тасарч улмаар дээр дурдсан долгиолсон судалнууд үүсдэг билээ.


Ихэвчлэн энэ нь биеийн хэмжээ огцом өөрчлөгдөхөд тохиолддог бөгөөд энэ үед арьс гэмтэлгүйгээр жигд сунаж амждаггүй байна. Язралт үүсэх нь дараах хүчин зүйлсээс шалтгаалж болно:

  • жирэмслэлт;
  • шилжилтийн нас;
  • огцом жин нэмэх эсвэл жин хасах;
  • биеийн дотоод шүүрлийн өөрчлөлт.

Арьсны өнгө үзэмж, бат бөх чанарыг хариуцдаг коллаген болон эластины хэмжээ өөрчлөгдөх нь мөн язралт үүсэхэд нөлөөлдөг байна. Тухайлбал, дааврын эм бэлдмэлүүд нь коллагены эслэгийг устгаж, язралт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг билээ. Жишээ нь, арьсны экзем эмгэг болон хайрст үлд өвчнийг эмчлэх зорилготой бүтээгдэхүүнүүд язралт үүсгэх өндөр магадлалтай байна.


Хэрхэн гэрийн нөхцөлд язралтаас ангижрах вэ?

Язралтыг арилгах зорилготой бүхий л аргууд юуны өмнө арьсны нөхөн төлжих үйл явцыг хурдасгахад чиглэдэг билээ. Тухайлбал, гэмтэж язарсан арьсан хэсэг идэвхтэй цусны хангамжгүй байдаг тул биеийн хуурай сойз болон гуужуулагч зэрэг гэрийн нөхцөлд хэрэглэж болох аргууд ашиглан цусны бичил эргэлтийг идэвхжүүлэх боломжтой. Мөн арьсандаа тохирсон тос түрхэж чийгшүүлэх нь арьсны уян хатан чанарыг хадгалахад тусална. 

Гэсэн хэдий ч, эдгээр аргууд язралтыг арилгахад хангалтгүй байдаг.

"Гэрийн нөхцөлд үйлдэж буй биеийн арчилгаа нь арьсны бүтэц болон бат бөх чанарыг сайжруулж чаддаг боловч язралтыг, тэр тусмаа удсан язралтын сорвийг эдгээж чадахгүй. Яагаад гэвэл нөгөө л чийгшүүлэгч тосонд гэхэд идэвхтэй бодисын агууламж маш бага байдаг юм” хэмээн гоо сайхны мэргэжилтэн Илмира Петрова хэлсэн билээ.

Язралтыг хэрхэн гэрийн нөхцөлд арилгах вэ? (фото 2)

Тэглээ гээд та өөрийн биеийн тос, хуурай сойз болон гуужуулагчаа хаях гэж бүү яараарай. Учир нь эдгээр бүтээгдэхүүнүүд таны язралтыг бүр мөсөн арилгахгүй ч шинийг үүсэхээс урьдчилан сэргийлэхэд туслах юм. Жишээлбэл, биеийн чийгшүүлэгч тос нь коллаген болон эластины тасрах эрсдэлийг бууруулдаг бол хуурай сойз, гуужуулагч нь цусны урсгалыг сайжруулж, арьсыг тань эрүүл, сайхан харагдуулна.


Дараах найрлагатай биеийн чийгшүүлэгч тосыг хэрэглээрэй:

  • нохойн хошуу, какао, жожоба, кокос зэрэг ургамлуудын тос;
  • центелла азиатика ургамлын ханд;
  • гиалуроны хүчил;
  • Е амин дэм;
  • пептид бодис.

"Биеийн хуурай сойз, чийгшүүлэгч тос болон гуужуулагчийг тогтмол хэрэглэх нь цаг агаарын тогтворгүй байдал, хэт хуурай агаар, хортой бодисын агууламжтай ус, хэт ягаан туяаны цацраг зэрэг гадны хүчин зүйлсийн хор хөнөөлийг бууруулдаг. Арьсаа сайн чийгшүүлж, уян хатан байдлыг нь дэмжсэнээр та арилгахад тун хэцүү байдаг их хэмжээний язралтуудыг үүсэхээс сэргийлж чадах юм" хэмээн Илмира Петрова нэмж хэллээ.

Түүнчлэн биеийн иллэг болон гоо сайхны зорилгоор хүнсний цаас хэрэглэж бие ороох үед биед хуримтлагдсан хор гадагшилж, бодисын солилцоо идэвхжиж, цусны эргэлт сайжирдаг байна. Эдгээр зүйлс нь арьсны чанарыг сайжруулж, шинэ язралт үүсэхээс сэргийлэх боловч одоо байгаа язралтын сорвийг арилгаж чадахгүй билээ.


Язралтыг арилгах гоо сайхны үйлчилгээнүүд

Гоо сайхны тоног төхөөрөмжүүд хэрэглэснээр язралтын сорви бүр мөсөн алга болно хэмээн найдаж хэрэггүй билээ. Сорви арилах эсэх нь язралт үүсээд хэр удаж байгаа болон арьсны тань онцлогоос шалтгаалах юм. Гоо сайхны мэргэжилтнүүд язралт гарч ирсний эхний нэг жилд язралтын эсрэг гоо сайхны үйлчилгээ авч, эмчилгээнд орохыг зөвлөж байна.

"Гоо сайхны үйлчилгээний ачаар холбогч эдийн эсийг идэвхжүүлж өгдөг байна. Тодруулбал, арьсны бүтцийн өөрчлөлтийг өдөөж, шинэ коллаген үүсгэхэд хүргэдэг билээ. Гэвч эдгээр аргууд үүсээд удсан язралтын сорвийг арилгаж чадахгүй бөгөөд зөвхөн харагдах байдлыг нь багасгаж өгөх юм” хэмээн ОХУ-ын гоо сайхны эмнэлгийн үүсгэн байгуулагч Виктория Клишко тодруулсан билээ.

Хийгдэх эмчилгээ мөн язралтын төрлөөс шалтгаална. Тухайлбал, хуучны, гүнзгий сорвитой бол илүү эрчимтэй үйлчилгээ хийлгэх шаардлагатай бөгөөд дараагаар нь нөхөн сэргээх эмчилгээнд орох хэрэгтэй байдаг. Харин үүсээд удаагүй язралтанд арай зөөлөн эмчилгээ тохирох бөгөөд бие даан гэртээ мөн арчилбал зохистой юм. Түүнчлэн аль ч тохиолдолд мэргэжлийн хүний зөвлөгөө авах шаардлагатай гэдгийг санах хэрэгтэй юм шүү. Харин бид нийтлэг хэдэн гоо сайхны үйлчилгээнүүдийн талаар дэлгэрэнгүй хүргэж байна.


Лазер үйлчилгээ

Лазер нь сорви тогтсон эд эсийг устгаж харин бидний бие шинэ коллагены мяндаснууд болон эластин ялгаруулж эхэлдэг байна. Ингэснээр арьсны нөхөн төлжих үйл явц явагдаж эхэлдэг бөгөөд шинэ, илүү бат бөх эд эсүүд үүсдэг билээ. Орчин үеийн лазерын төхөөрөмжүүд арьсны хоёр давхарга дээр ч ажиллах боломжтой байдаг байна.

"HALO хэмээх лазер нь хоёр долгион ашигладаг бөгөөд эхнийх нь дермисийн түвшинд үйлчилж, коллагены эслэгийг шинэчилдэг бол хоёр дах нь арьсны гадаргууг жигд болгодог юм. Ингэснээр бид хоёр төрлийн үр дүн авч байгаа билээ. Язралтын сорви бүдгэрч, арьсны харагдах байдал дээрддэг юм” хэмээн Виктория Клишко хэлсэн байна.

Уг үйлчилгээний дараа арьс улайх, гуужих болон загатнах зэрэг зүйлс илэрдэг бөгөөд энэ нь нөхөн сэргэх үйл явц эхэлснийг илтгэдэг байна.


RF-лифтинг

Энэхүү арга нь лазертай адил хуучин коллагены мяндаснуудыг шинээр сольдог байна. Гэхдээ уг үйлчилгээнд алтаар бүрхсэн зүү ашиглагддаг бөгөөд арьсны дээд давхарга руу нэвтрэн цахилгаан соронзон тог дамжуулах байдлаар коллагеныг идэвхжүүлдэг юм. Мөн лазертай ялгарах өөр нэгэн чанар бол нөхөн сэргээлтийн үйл явц шаардлагагүй билээ.


Мезотерапи

Арьсны дээд давхарга руу олон жижиг зүүгээр хатгах байдлаар амин дэмийн хольцыг нэвтрүүлэх үйлчилгээ юм. Амин дэмийн хольцод гиалуроны хүчил, амин хүчил, пептид, гидроксиапатит зэрэг агуулагддаг бөгөөд эдгээр найрлагууд нь арьсны нөхөн төлжих явцыг түргэсгэж, эластин болон коллагены хэмжээг нэмэгдүүлдэг билээ.


Airgent аппаратны үйлчилгээ

Тус технологи нь арьсны нүх сүв болон эс хоорондын зайг гиалуроны хүчлээр дүүргэдгээрээ давуу талтай билээ. Ингэснээр коллаген болон эластин үүсгэдэг фибробласт эсийн үйл ажиллагааг сайжруулж өгдөг байна. Энэхүү үйлчилгээнд орсноор таны арьс сайн чийгшил авч, арьсны бат бөх болон уян хатан чанар нь сэргэж, язралт тань аажмаар багасах юм.

 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler