| |
Видео
Шинэ мэдээ
Японы нийслэлийн бүсэд Олимпын тэмцээн үзэгчгүй болно
Токио хотноо болох зуны Олимпын наадмыг зохион байгуулагчид Токио, Канагава, Сайтама, Чиба мужуудыг багтаасан Японы нийслэлийн бүсэд болох арга хэмжээ, тэмцээн уралдаанд дотоодын үзэгчдийг оруулахгүй байхаар шийджээ.
Энэ тухай Токиогийн Олимп, Паралимпын наадмыг хариуцсан сайд Тамайо Марукава пүрэв гарагт сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
"Токио, Канагава, Сайтама, Чиба мужуудад үзэгчдийг оруулахгүй байхаар шийдсэн. Харин Мияги, Фүкүшима, Шизүока мужуудад 10 мянган хүнээр хязгаарлаж, спортын байгууламжуудын дүүргэлтийг 50 хувиас хэтрүүлэхгүй байхаар тогтсон. Ибараки мужид зөвхөн орон нутгийн эрх баригчдын тусгай хөтөлбөрөөр тасалбар авсан сургуулийн сурагчид л орох боломжтой. Эцэст нь Хоккайдо мужид үзэгчдийг оруулах асуудал шийдэгдээгүй байна" гэж сайд хэлжээ.
Японы нийслэлд үзэгчдийг оруулахгүй байх шийдвэрийг коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор гаргасан байна. "Токиод халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, гудамжинд хүмүүсийн тоог бууруулах зорилгоор энэ шийдвэрийг гаргасан. Тэмцээнийг амьдаар нь үзэхийг хүссэн олон хөгжөөн дэмжигчээсээ хүлцэл өчиж байна. Та бүхэн гэр бүлийнхэнтэйгээ хамт гэртээ үзээрэй" гэж Токиогийн захирагч Юрико Коикэ хэлсэн байна. Токио хотод наадмын нээлт, хаалтын ёслол одоо үзэгчидгүй болно.
Японы Засгийн газар халдварын тоо нэмэгдэж байгаа Токио хотод долоодугаар сарын 12-ноос наймдугаар сарын 22-ны хооронд онц байдал зарлахаар болсноо өчигдөр мэдэгдсэн юм. Үүнээс гадна, Канагава, Сайтама, Чиба мужуудад халдварын тархалттай тэмцэх чангатгасан арга хэмжээг сунгах шийдвэр гаргасан байна.
Токиогийн Олимпын наадам 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд болох ёстой байсан боловч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулсан билээ. Олимпын наадам эхлэхэд 15 хоног үлдээд байна. Наадмыг гадаадын хөгжөөн дэмжигчидгүйгээр зохион байгуулах эцсийн шийдвэрийг зохион байгуулагчид гуравдугаар сарын 20-нд гаргасан юм.