|
Видео

Шинэ мэдээ

Д.Сумъяабазар: 27 жилийн дараа Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталлаа

 

Д.Сумъяабазар: 27 жилийн дараа Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталлаа

 

Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг өчигдөр шинэчлэн баталсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.


-Юуны өмнө 27 жилийн дараа Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталсанд баяр хүргэе. Хуульд ямар онцлох зохицуулалтыг тусгаж өгсөн бэ?

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 27 жилийн өмнө батлагдаж, энэ хугацаанд дорвитой суурь өөрчлөлт хийж чадаагүй.

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн чадамж, Засаг даргын үүрэг, оролцоо, хэм хэмжээ, төсөв санхүүгийн бололцоо, хүн амын суурьшил, нягтаршил, эдийн засаг өнөөдрийнхтэй харьцуулшгүй өөр байсан. Тэр үеийн эрх зүйн суурь зохицуулалтаар өнөөгийн Улаанбаатар хотыг зохицуулна гэдэг хэцүү. 27 жилийн дараа Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталлаа. Энэ хуулийг шинэчлэн баталсан нь том дэвшил, ололт. Энэ бол нийслэлийн 1.5 сая иргэнд нийгмийн томоохон суурь дэмжлэгийг бий болгоно. Үүнийг дагаад төсвийн реформ, татварын бие даасан эрх зүйн зохицуулалтыг хийхээс гадна олон мянган ажлын байр бий болно гэж харж байна. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг дагалдуулан өчигдөр 19 хууль, тогтоолын төслийг баталсан. Энэ мэтчилэн олон хуульд өөрчлөлт оруулахаар бэлтгэл ажлыг хангаад явж байна.


-Хотын дарга асуудлаа Засгийн газарт өөрөө танилцуулах эрхтэй болсон. Энэ нь хотод олон боломжийг нээж өгч байгаа гэж харж байна?

-Нийслэлийн Засаг дарга Засгийн газарт асуудлаа оруулдаггүй, аль нэг яамаар дамжуулж асуудлаа оруулдаг байсан. Хотынхоо асуудлыг Хотын дарга нь УИХ-д танилцуулахгүй болохоор бүх зүйл хэвийн, болж байгаа мэт ойлгогддог. Жишээ нь, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, албан хаагчдын олонх нь нийслэлд байна. Гэтэл энэ хүмүүсийнхээ цалинг нэмж чаддаггүй. Энэ мэт олон асуудлыг зохицуулсан эрх зүйн чадамжийг бий болгож байгаа нь тус хуулийн гол онцлог. Тухайлбал, яамд Засгийн газрын хуралдаанаар хоттой холбоотой асуудлыг хэлэлцүүлэх бол заавал Хотын даргаас санал авч орох зохицуулалт орсон. Хоёрдугаарт, Хотын дарга өөрөө асуудлаа оруулдаг, танилцуулдаг, хэлэлцүүлдэг болж байгаа. Энэ бол Хотын дарга саналын эрхтэй болж байна гэсэн үг юм. 1.5 сая иргэний эрх ашгийн өмнөөс хот, нийтийн аж ахуй, нийгэм, эдийн засаг, төсөв, санхүү, ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр дуугарах боломжтой болсон. Энэ дутагдаад байсан учраас хот гэдэг их айл хаягдчихсан байсан. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж дуугарч, асуудлаа УИХ, Засгийн газарт танилцуулна. Гуравдугаарт, газар чөлөөлөлтийг улс, нийслэлийн төсвөөр хийхээр болсон. Өмнө нь энэ талаар тодорхой зохицуулалт байдаггүй байсан. Иргэдэд нэн чухал шаардлагатай байгаа зам, гүүр, инженерийн дэд бүтэц, сургууль, цэцэрлэгийн мөнгийг нь шийдээд, хотоос газар чөлөөлтөд мөнгө тавь гэдэг. Гэтэл хотод мөнгө байдаггүй. Нөгөө бүтээн байгуулалтын мөнгөө Сангийн яам буцаагаад татдаг. УИХ, Засгийн газар, Улаанбаатар хот уялдаа холбоотой ажиллаж, улс, нийслэлийн мөнгөөр газар чөлөөлтийг хийх зохицуулалт орсон. Энэ бол маш том дэвшил.


-Улаанбаатар хот дүрэмтэй болно гэсэн. Дүрмээ хэзээ, хэрхэн боловсруулж, ямар заалтуудыг тусгах вэ?

-Нийслэл Улаанбаатар хот өөрийн дүрэмтэй байна. Дүрмээ НИТХ-аар батлуулна. Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны гишүүдтэйгээ хамтарч, дүрмээ боловсруулна. 27 жилийн дараа шинэчлэн баталж байгаа энэ хууль Улаанбаатар хотод цоо шинэ эрх зүйн боломж, хөгжлийн суурийг бий болгож байгаа. Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотыг тэлэх бодлого, нэг төвт хотоос олон төвт хот болон хөгжих боломжийг бүрдүүлж, жил бүр нийслэлийн төсөвт 420 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болсон. Тэгэхээр нийслэл хотоо сайхан болгохын төлөө цаашид хотын иргэд, иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгжүүдтэйгээ төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтарч ажиллана. Зам, гүүрэн байгууламж, метротой холбоотой ажлын зураг төслийг хийж байгаа. Энэ боломжийг ашиглаад уг хуулийг бодлогын түвшинд дэмжсэн УИХ-ын дарга Г.Занданшатар, Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны гишүүд, хуулийн Ажлын хэсгийн дарга Ж.Сүхбаатар болон Ажлын хэсгийн гишүүдэд, өндөр ачаалалтай ажилласан УИХ-ын Тамгын газрын хамт олонд гүнээ талархал илэрхийлье.


-Улсын төсвөөс нийслэлийн хөгжилд зориулж байгаа 420 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

-Улаанбаатар хотын шуудын орлого хүн амын орлогын албан татвар, бусад татвараас бүрддэг. Тэрийг улсын төсөвт төвлөрүүлдэг. Ер нь "Оюу толгой” компанитай дайх орлогыг нийслэл төвлөрүүлдэг гэсэн үг. Энэ эх үүсвэрийг л хотод нь үлдээгээд өгөөч ээ гэдэг санаачилгыг анх гаргасан. Ингээд Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг дэмжих зорилгоор улсын төсвөөс жилд 420 тэрбум төгрөгөөс бууруулахгүйгээр санхүүжилт олгох шийдвэр гарсан. Энэ 420 тэрбум төгрөгийг зөвхөн замын түгжрэлд зарцуулахгүй. Түгжрэл нь хот байгуулалт, төлөвлөлт, нийтийн тээвэр, хувийн автомашины хэрэглээ гээд олон зүйлээс шалтгаалж байна. Түгжрэлийг бууруулахын тулд төвлөрлийг хэрхэн задлах вэ, дэд төвүүдээ хэрхэн хөгжүүлэх вэ гээд олон ажил байгаа.

Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх ажлын хүрээнд нэгдүгээрт, хотоо хурдны замтай болгомоор байна. Ийм бололцоо, шийдэл бий.  Хоёрдугаарт, метроны асуудал яригдаж байгаа. Бид захиалагч учраас эхлээд ямар төрлийн метротой болох вэ гэдгээ зураг төслийн компаниудтай ярилцаж, хэдэн метрийн гүнд  метро байгуулах вэ гэдгээ судалгаан дээр суурилж гаргах ёстой. Метротой болох ёстой. Ийм боломж, бололцоо бий. Хөрөнгө босгох арга зам байна. Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг задлах ажлыг УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газар, УИХ-ын гишүүдтэй хамтарч, далайцтай эхлүүлээд байна.


Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

2021.7.9 БААСАН № 138 (6615)


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler