| |
Видео
Шинэ мэдээ
Жо Байден хүн амын 70 хувиа вакцинжуулах амлалтдаа хугацаандаа хүрэхгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ирэх сарын 4 гэхэд хүн амынхаа 70 хувийг COVID-19 эсрэг вакцинд хамруулах зорилт дэвшүүлсэн. Гэвч залуусаа вакцинжуулах ажил эрчимжсэнтэй холбоотойгоор зорилтдоо хугацаандаа хүрч чадахгүй байж магадгүй гэсэн мэдэгдлийг Цагаан ордон хийлээ.
Энэ талаар Цагаан ордны COVID-19-ийн хариу арга хэмжээний зохицуулагч Жефф Зиентс "Долдугаар сарын 4 гэхэд насан хүрсэн 160 сая хүнийг вакцины бүрэн тунд, хүн амынхаа 70 хувийг эхний тунд хамруулах ерөнхийлөгч Жо Байдены хоёр зорилт тасалдаж магадгүй боллоо. Насанд хүрэгчдийнхээ 70 хувийг вакцинжуулахын тулд бидэнд нэмэлт хугацаа хэрэгтэй. Одоогийн байдлаар 150 сая хүн бүрэн тундаа хамрагдсан. Үүнийг долдугаар сарын дунд үеэр 160 саяд хүргэнэ. Бид одоо 18-26 насны залуусаа вакцинжуулахад төвлөрч ажиллаж байна. Сүүлийн үед залуу хүмүүс их халдвар авч байгаа ч вакцинд хамрагдах идэвхи бага байна. Гэтэл вирусын Делта хувилбар илүү хурдацтай тархаж, залуу хүмүүс ихээр өвчилж байгаа үед вакциндаа хамрагдах нь хамгийн чухал юм” гэв.
Харин Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки "Ерөнхийлөгч тавьсан зорилгодоо долдугаар сарын 4-нөөс хоёр долоо хоногийн дараагаас хүрнэ гэж бид таамаглаж байна. Одоогийн байдлаар 30 болон түүнээс дээш насныхнаа хэдийнэ вакцинд хамруулчихсан. Вакцины зорилтдоо хүрээд хэвийн амьдралдаа шилжих өдрийг тэсэн ядан хүлээж байна” гэлээ. Одоогийн байдлаар нийт хүн амын 45.2 хувь буюу 150 сая гаруй хүн бүтэн тунгаа хийлгэжээ. Тус улс 150 өдрийн дотор 300 сая тун вакцинд иргэдээ хамруулснаа ерөнхийлөгч Байден өнгөрсөн долоо хоногт зарласан. Вакциндаа хамрагдаагүй хүмүүс халдвар тараахаас гадна шинэ хувилбар хурдацтай тархахад нөлөөлж байгааг эрүүл мэндийн мэргэжилтнүүд анхаарууллаа. Тиймээс Байдены засаг захиргаа вакцинжуулалтыг хурдасгахад анхаарахаас гадна халдварын эсрэг эмийг үйлдвэрлэхэд зориулан гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаа саяхан зарласан юм.
Б.Должинжав
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин