| |
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын цахим санал асуулга үргэлжилж байна
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх төсөлд иргэдийн саналыг жил бүрийн тавдугаар сард багтаан цаасан хэлбэрээр авдаг байсан бол 2018 оноос Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Азийн сан, Нийслэлийн мэдээллийн технологийн газартай хамтран ухаалаг утасны SmartUB аппликейшнийг ашиглан цахим хэлбэрээр иргэдээс санал авдаг болсон билээ.
Тус цахим санал асуулгын энэ жилийн нээлт өнөөдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Иргэний танхимд боллоо. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ, НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Мөнхболд, Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн дэд менежер Д.Оргил нар оролцлоо.
НЗДТГ-аас 2022 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын цахим санал асуулгыг энэ сарын 1-нээс эхлэн нийслэлийн есөн дүүргийн 171 хороонд SmartUB аппликейшн ашиглан явуулж эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 1 хүртэл үргэлжлэх юм. Тиймээс нийслэлийн иргэд та бүхнийг цахим санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.
2020 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын саналыг SmartUB аппликейшнийг ашиглан явуулсан байна. Санал асуулгад 806 мянган иргэнээс 43.1 хувь буюу 347 мянга гаруй иргэн цахимаар саналаа өгчээ. Иргэдийн ирүүлсэн саналыг эрэмбэлэхэд камержуулалт, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд хамгийн их санал өгсөн байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС